Н.Номтойбаярын толгойлсон “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ” мэндэллээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр зүүн төвийн үзэл баримтлалтай Монголын ногоон намыг худалдаж авсан гэнэ гэх “бор шувуу” өнгөрсөн жилээс улс төрийн хүрээнийхэн дунд нисэж эхэлсэн. МАН-ын гишүүн байсан Н.Номтойбаяр яахаараа улс төрийн өөр нам худалдаж авдаг билээ гэж зарим нь гайхан эргэлзэж байсан биз. Хөшигний ард өрнөсөн үйл явдлын учиг зангилаа энэ өдрүүдэд тайлагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2024 оны 1-р сарын 19-нд Монголын ногоон нам болон Монгол үндэсний ардчилсан нам МҮАН ээлжит бус Их хурлаа хийж, “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэрээ гаргажээ. Эвслийн тэргүүнээр Н.Номтойбаярыг сонгон ажиллуулах шийдвэрээ ч албажуулсныг эх сурвалжууд өгүүллээ. Одоо тойрог хуваарилалт, ямар харьцаатайгаар нэр дэвшүүлэх зэрэг тохиролцоогоо ид хийж байгаа сурагтай.

Түүх сөхвөл 1990 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монголын ногоон намыг үүсгэн байгуулж байжээ. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа Монголын ногоон нам (МНН) гуравдугаарт бичигддэг, даргаар нь О.Бум-Ялагч ажилладаг. Ногоон нэртэй өөр нэг нам бас бий. Иргэний зориг ногоон намын гэж байх бөгөөд бүртгэлээрээ 4-т бичигддэг, даргаар нь УИХ-ын гишүүн асан, хүүхдийн мөнгөний автор гэгддэг Батын Батбаатар ажилладаг. Харин МҮАН-ын дарга нь Б.Цогтгэрэл. МҮАН-ыг М.Энхсайхан, П.Цагаан нар 2006 онд үүсгэн байгуулсан боловч тэд АН-даа эргэн орсноор Б.Цогтгэрэл бууриа сахиж үлдсэн товч түүхтэй. Энэ намд М.Энхсайханы үлдээсэн мөр тод байгаа учраас Н.Номтойбаярыг М.Энхсайхантай эвсэл байгууллаа гэж эндүүрчээ. МНН болон МҮАН аль аль нь буад намуудтай эвсэж, салж, засагт орж ажиллаж байсан намтартай. МҮАН Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа 13-т бичигддэг.

Улс төрөөс хэсэг завсарлага авсан Н.Номтойбаярын тэргүүлэх “Үндэсний эвсэл” О.Бум-Ялагчийн МНН болон Б.Цогтгэрэлийн МҮАН гэсэн хоёр намаас бүрдэж байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн анхны эвсэл ийн мэндэлжээ. Н.Номтойбаяр МНН-ыг худалдаж авсан гэдэг цуу яриа үнэн эсэхийг батлахад хэцүү, харин энэ хоёр намын байгуулсан эвслийг тэргүүлэх нь тодорхой болов. Хүмүүс мартсан байх. Н.Номтойбаяр 2020 оноос хойш аль нэг намын гишүүнчлэлгүй болсон. 2020 оны 1-р сарын 29-нд МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, зодоон цохионд оролцсон нь МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэх үндэслэлээр гишүүнчлэлээсээ хасах шийдвэр гаргасан байдаг. Эвсэл толгойлоход заавал намын гишүүнчлэлтэй байхыг шаарддаг бол Н.Номтойбаяр жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгддэг МНН-ыг сонгох магадлалтай.

Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2021 оны 1-р сарын 22-нд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялтай хэргийг хянаж үзээд албан тушаалтны хувьд ажил үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр 1 жилийн хорих ял оноож, төрд ажиллах эрхийг 2 жилээр хасах шийдвэр гаргаж байжээ. УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, намаасаа хөөгдөж, хорих ял эдэлж, буриад хүн бүр балмад биш гэж Төрийн ордон дотор хэлж зогссон Н.Номтойбаяр 4 жилийн дараа “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн болж улс төрд эвслийн тэргүүний дүрээр эргэн ирлээ. Улс төрийн гуравдагч хүчний эвсэл байгуулахдаа, нэр дэвшигч нарыг тодруулахдаа авлигатай нэр холбогдоогүй байх хатуухан шалгуур тавина гэдгээ хэлсэн сурагтай. Энэ үгээрээ энд тэнд дэвших эрхгүй болж жийгдсэн авлигачдад түр орогнох орон зай нээхгүй шүү гэдэг мэссэжийг давхар хэлсэн болов уу.

Шүүхээс ял сонссон Н.Номтойбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй юү гэсэн асуулт хамгийн түрүүнд гарах нь дамжиггүй. Шүүхээс түүнд авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгэл ногдуулаагүй. Албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгасан, төрд ажиллах эрхийг 2 жилээр хассан. Тэрхүү 2 жилийн хориг 2023 оны эхээр дуусгавар болсон гэсэн үг. Эвсэл толгойлж байгаа учир жагсаалтад нэр нь нэгдүгээрт бичигдэх байх. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн М.Энхсайхан энэ удаагийн эвсэлд ямар ч оролцоогүй гэдгийг дээр тодотгосон. МАН доторх гомдогсод, тэр дундаа М.Энхболд “Үндэсний эвсэл”-ийн туган дор нэгдэх эсэхийг одоо хэлэхэд арай эртдэнэ. Гэхдээ М.Энхболдыг МАН сонгуульд нэр дэвшүүлэх магадлал тун бага. Тэглээ гээд М.Энхболд “Үндэсний эвсэл” рүү гүйх үү, суух уу гэдэг нь бас эргэлзээтэй. Ямартай ч сахилгагүй нь дэндсэн гэх үндэслэлээр МАН-аас хөөгдсөн цөс ихт Н.Номтойбаяр сонгуулийн эхний хөзрөө ийн дэлгэлээ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...