УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалттай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, D-Parliament цахим системээр дамжуулан олон нийтийн саналыг авч байна.
Одоогоор уг тогтоолын төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй бөгөөд “Боловсруулж буй” шатандаа яваа юм.
Энэхүү тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь иргэдэд ногдох эрх зүйн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх зорилготой аж.
Тогтоолын төсөлд юу тусгагдсан бэ?
УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газарт дараах чиглэл бүхий хуулийн төслийг боловсруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгахаар тусгажээ:
-
Иргэн бүрд нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох: “Оюу толгой” төслийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох, 2027 оны төсвийн жилд хүлээн авахаар төлөвлөсөн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэнцүү хэмжээгээр нэг удаа олгох.
-
Төрийн эзэмшлийн хувийг иргэдэд 100% үнэ төлбөргүй эзэмшүүлэх: Төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх зохицуулалт хийх.
-
Хэрэгжилтийг танилцуулах: Тогтоол батлагдсанаас хойш 14 хоногийн дотор хэрэгжилтийн явц, үр дүнг УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулах.
Уг тогтоолын төслийг дэмжиж байгаа эсэх дээр иргэдийн саналыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн УИХ-ын цахим системээр (d.parliament.mn) авч эхлээд байна. Иргэд уг төсөлтэй танилцаж, өөрсдийн саналыг өгөх боломжтой юм.

