Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд энэ жилийн улирлын томуугийн дархлаажуулалтыг 9 дүгээр сарын 3-нд эхлүүлсэн. Учир нь улирлын томуу 10 дугаар сарын дундаас эхэлж 12 дугаар сард оргил үедээ хүрдэг бөгөөд нийт өвчлөлийн 78,9 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлдэг статистик гарчээ. Иймд Нийслэлийн засаг даргын албан даалгавараар 2026 оны улирлын томуугийн дэгдэлтээс урьтаж зорилтот бүлгийн 293,610 иргэнийг томуугийн дархлаажуулалтад хамруулж байна.
Чингэлтэй дүүргийн “Мэндцолмон” ӨЭМТ-ийн тухайд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийнхээ 55 хувийг улирлын томуугийн дархлаажуулалтад хамруулаад байгаа аж. Тус төв бага насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүдийг өглөө, ахмад настануудаа өдөр хамруулах хуваарь гарган ажиллаж байна. ӨЭМТ-ийн их эмч Ц.Цэдэвсүрэнгийн хэлж байгаагаар ахмад настнууд дархлаажуулалтад хамгийн идэвхитэй хамрагдаж байгаагаас гадна сургууль, цэцэрлэгийн хамрагдалт ч өндөр байгаа юм байна. Харин эцэг, эхийнхээ асаргаанд буй 0-2 насны хүүхдүүдийн хамрагдалт бага хувьтай гарчээ. Энэ насныхан томуугаар өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл хамгийн өндөр тул 9 дүгээр сардаа багтаж дархлаажуулалтад хамрагдах нь чухал гэсэн юм.
9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 49,8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ удаагийн улирлын томуугийн вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин бөгөөд томуугийн 4 төрлийн вирусын эсрэг хамгаалалт тогтоох юм байна.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар томуугийн дэгдэлтээс урьтаж нийслэлийн хэмжээнд 1607 ор нэмэхээр бэлтгэж, тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлджээ.

