Хөгжлийн банк гэх улстөрчид, тэдэнтэй халаас нэгтэй бизнесмэнүүдийн саалийн үнээ жилийн өмнө дампуурахад ганц хуруу дутуу байв. Найдваргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрсэн нь улсаа дампуурал руу хамт чирч байсан. Сангийн яам өнгөрсөн жилийн хугацаанд 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хийлгэжээ. Олон нийт, хэвлэлийнхэн ч Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэхэд дуу хоолойгоо хүчтэй өргөсөн. Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого зөвдөж, Хөгжлийн банк 500 сая ам.долларын “Евро” бондын өрийг бүрэн төлж барагдуулсныг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдлээ. Өөрийн эх үүсвэрээр өрөө дарснаас харвал Хөгжлийн банкны үйл ажиллагаа овоо жигдэрч байгаа бололтой. Гэхдээ зарим том зээл эргэн төлөгдөөгүй байгааг мартаж үл болно.
Нүүрсний хулгайтай тэмцэж, арилжааг биржээр ил тод хийдэг болсноос хойш экспорт 3.6 хувиар нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, дундраад байсан Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрчээ. 2017 онд авсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын өрийг өнгөрсөн 5-р сард бүрэн барагдуулснаа Засгийн газар зарласан. Энэ бондоос 368.7 сая ам.доллар төлөгдөлгүй үлдээд байсан юм. 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард төлсөн бол 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл 132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард, 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам.долларыг 2022 оны 12-р сард хугацаанд төлж барагдуулжээ.
Бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахад баярлах гол шалтгаан нь Монгол Улс дампуурах эрсдэлийг дайрч биш тойрч гарч чадсанд байгаа юм. Олон улсын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ биелүүлж, гадаад өрийн хэмжээ буурч байгаа нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг дахин олж авахад маш том түлхэц болно. Санхүүгийн сахилга бат сайжирвал гадаад валютын нөөц нэмэгдэж, зээлүүд эргэн төлөгдөж, өрийн хэмжээ дориухан буурч болдгийг бондуудын эргэн төлөлт харууллаа.