Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хамтарсан Засгийн газар мега төслүүдээ эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулан, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээг баталгаажуулан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж эхнээсээ үр д үнд хүрч байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.
Төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл болон салбараар ангилан авч үзвэл “Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” , “Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх”, “Нийгмийн дэд бүтцийг сайжруулах” гэсэн үндсэн дөрвөн ангилалд хуваасан.
Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
– Экспортын орлогыг хоёр дахин
– Тээврийн зардал 50 хувиар буурч,
– Евро-Азийг холбосон шинэ гарц бий болно.
Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
– Ган, төмөрлөгийн үйлдвэрлэлийн суурь түүхий эд, стратегийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж,
– Шатахууны дотоодын хэрэгцээний 50-60 хувийг хангаж,
– Нефть-химийн шинэ салбар, технологийн дэвшил бий болох боломжтой болно.
Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэнээр:
– Уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамж тогтворжиж,
– Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болж,
– Жил бүр 45-50 сая долларын импортын төлбөр хэмнэж, хямд үнэ бүхий цэвэр эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.
Одоогоор хэрэгжиж эхэлсэн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаатээврийн шилжүүлэн ачих терминал тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл, Газрын тос боловсруулах цогцолбор, Ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Нүүрс хими-Кокс химийн цогцолбор төслийн Хөх нүүрсний үйлдвэр зэрэг таван төсөл байна.
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар
үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.
Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна.
Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо.