Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд зарласан өндөр үнийн дүнтэй тендерүүд үндэсний барилгын компаниудын оролцоог хязгаарлаж буй талаар Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Энэ талаараа тус ассоциациас мэдээлэл хийлээ.
Монголын Барилгын Үндэсний Ассоциацийнхан “Сэлбэ дэд төв”-ийн хүрээнд зарласан өндөр үнийн дүнтэй тендерүүд үндэсний барилгын компаниудын оролцоог хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Маш өндөр үнийн дүнтэй тендер зарлаж байна. Тэр дундаа Сэлбэ дэд төв орон сууцны тендерт монгол компаниуд оролцох бүрэн боломжтой байсан. Гэсэн ч тендерийг 400 сая, 600 сая төгрөгөөр багцалж зарласан. Иймд Монголын барилгын салбарын компаниуд өндөр үнийн босготой тендерүүдэд оролцож чадахгүй байгаагаа илэрхийлж, тендерийг дахин зарлах шаардлагыг нийслэлд хүргүүлсэн гэлээ. Мөн уг тендерийн үйл явц нь Үндсэн хуулийн 5.4-т заасан “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах” зарчимтай зөрчилдөж байгаа тул Төрийн хяналтын тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар албан ёсоор хандсан байна.
Зөрчсөн гэж үзэж буй Үндсэн хуулийн заалт: Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”.
Мэдээллийн шаардлага: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоолгох тухай;
Мэдээллийн үндэслэл: Дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” Мөн тус зүйлийн 13.1.2 дахь хэсэгт
“энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох”-т заасан заалтууд нь зөрчиж байна гэж миний зүгээс үзэж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дэх хэсэгт “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” буюу төсвийн сахилга батыг сайжруулах, үрэлгэн байдлыг багасгах явдал хэмээн хуульд заасан боловч, түүний 13.1.1, 13.1.2 дахь заалтууд нь төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг богино хугацаанд багтаахыг тулгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах буюу зогсоох зохицуулалт хийсэн нь төсвийн хэрэгжилт, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Нөгөөтэйгүүр энэ хуулийн үндсэн зорилт болон хэрэгжилт, зохицуулалт нь зөрчилдөж байна.
Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэмнэлт нь хүлээн зөвшөөрөхүйц байх, үр ашигтай байх, бодитой байх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих гэх мэт зарчмыг баримтлахыг заасан.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтууд нь үндсэн зорилтондоо нийцээгүй, мөн Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөд байгаа юм. Тухайлбал:
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эдийн засгийн аюулгүй байдал ба Төрийн хэмнэлтийн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд авч үзвэл:
Хэмнэлт хийх нь зөвхөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэхэд чиглэсэн байж болох ч зарим тохиолдолд төсвийн санхүүжилт зогсох, орхигдох нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээ нь, төрийн төсөл, арга хэмжээнүүдийн үргэлжлэл болон чанарт шууд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд аюул учруулж болно.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгууллалтын тендэрт ганц ч Монгол Компани оролцох боломжгүй нөхцөл тавиад хуулийнхаа дагуу 2025 оны 05-р сарын 30-ны өдрийн дотор бүрдүүл гэх шаардлага тавигдсан. Тухайлбал техник өгөгдлийн буюу тендэрийн худалдах авах ажиллагааны баримт бичигт Сүүлийн таван жилийн борлуулалтын орлогоос аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн өндөр босго тавьсан.
Бодитоор бол Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь нийтдээ 840 тэрбум төгрөг, багц болгож хуваасан хэдий ч хоёрдугаар багц нь л гэхэд жилийн 136 тэрбум төөргийн борлуулалтын орлоготой байхыг шаардсан. Иймд хэмжээни орлоготой хувийн компани өнөөдрийн Монгол Улсад байх нь маш ховор. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуй нэг ажилтай, орлоготой байхын эсрэг зохицуулалт болж байна. Иймд хэмжээний төсөв өртөгийн боломжийг тэндер зарласнаас 5 сарын дотор материалаа бүрдүүлж өгнө гэдэг бол Монгол Улсын Хуулийн этгээдийн хувьд асар хүндрэлтэй юм.
Үүнээс шалтгаалан гадаад компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдаж, улсын эдийн засгийн хяналт, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болоод байна.
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төр эдийн засгийн зохицуулалт хийхдээ нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулийн этгээд орох боломжгүй шаардлага, бүрдүүлэхэд ч хүндрэлтэй давчуу цаг хугацаа тавигдах нь төсвийн зохицуулалт, үүнийгээ дагаад нийгмийн хөгжилд саад учруулсан Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн хуулийн зохицуулалт болж байна.
Төсвийн хэмнэлтийг зөвхөн орлого, зардлын хэмжээнд анхаарч, хэмнэлтийг хэрэгжүүлэх нь нийгмийн суурь хэрэгцээ, хүн амын амьдралын чанарыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээний төсөвт хэмнэлт хийх нь тухайн чиглэлийн тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулах, бүр цуцлах зэрэг үр дагаварт хүргэж, улмаар төрийн зүгээс хүлээсэн нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг, зорилгыг биелүүлэхэд саад учруулж байна.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна.
Иймд төсвийн сахилга бат, хэмнэлтийн зорилго нь нийгмийн хөгжлийг хангах төрийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхгүй, харин нийцтэй, тэнцвэртэй хэрэгжих шаардлагатай. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдийн засгийн зохицуулалт нь хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх” гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна.
Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.