“Эрдэнэс-Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоохоос өмнө сард дунджаар 0.7 сая тонн нүүрс тээвэрлэж байв. БЭТ томилсны дараа сард 2.5 сая тонн нүүрс тээвэрлэж, өнгөрсөн 11, 12 дугаар сард нийт таван сая тонн нүүрс тээвэрлэж, валютын нөөцийг 500 сая орчим ам.доллараар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн хоёр сард нийтдээ 4.2 сая нүүрс олборлож, таван сая нүүрсийг уурхайн амнаас ачуулж, 3.9 сая нүүрсийг Цагаан хадаас Гашуунсухайт боомтоор гаргаж, Монголбанкинд 410 сая ам.долларыг бэлнээр тушаасан байна. 2023 оноос “Эрдэнэс-Тавантолгой” компани тээвэрлэлтийг илүү боловсронгуй болгож, нүүрсээ хил нөхцөлөөр зарж эхлэх юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-2023 онд тээвэрлэлтийг ямар байдлаар зохицуулах вэ?
-Засгийн газрын 2022 оны 362-р тогтоолыг бид хэрэгжүүлж ажиллана. Энэ тогтоолын хүрээнд нүүрсийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулна. Өнөөдрийг хүртэл хил нөхцөлөөр нүүрсээ зараагүй, дандаа ам нөхцөлөөр зарж ирсэн. Энэ түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг ирж байна. Хил нөхцөлөөр зарахын тулд тодорхой зохицуулалтыг хийх шаардлага үүсэж байгаа. Зарим иргэн, аж ахуйн нэгж үүнийг ойлгохгүй, эсэргүүцэж байгаа. Гэхдээ том зургаа, улсаа бодвол хил нөхцөлд шилжих нь хамгийн зөв. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ЭТТ хил нөхцөлөөр нүүрсээ зарсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байсан. Гэтэл бид өнөөдрийг хүртэл ам нөхцөлөөр зарж 4.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр дахин бага үнээр зарж, ийм боломжоо алдсан гэсэн үг. Тиймээс цаашдаа хил нөхцөлөөр цаашаа явах нь чухал.
Нэгдүгээр сараас биржийн үнээр нүүрсээ зарж эхэлнэ. Эхлээд 500 мянган тонныг зарна. Биржээр нүүрсээ зарж эхлэхээс өмнө бид тээвэрлэлтийн асуудлаа шийдсэн байх ёстой. Биржээр зарахад худалдан авагч Хятадын талынхан нүүрсээ авлаа гэж бодоход тухайн нүүрсийг хэзээ авах хугацаагаа хэлнэ. Хугацаанд нь нүүрсийг хүргэхэд тээвэрлэлт хэн хийх нь тодорхой байх ёстой. Тиймээс нэгдүгээр сарын 17, 18-аар тээвэр хийх компанийг шалгаруулах тендерээ зарлана. Шалгарсан компаниудтай гэрээгээ хийж, нүүрсээ ачуулаад төлбөрийг нь өгөөд явна.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Бодь Интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээг нууцаас гаргаж ил болгосон. Тус компанид төслийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах гэрээр хоёр тал хийсэн. Гэхдээ зах зээлийн өртгөөс хэт бага үнээр гэрээлсэн нь асуудал дагуулж буй. Энэ асуудлыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх вэ. Гэрээг шууд цуцалбал захиалагч өөрөө 20 хувийн торгуультай юм билээ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч “Бодь Интернэшнл”-ийн нүүрсээр төлбөр барагдуулах гэрээг цуцлаагүй. Манай талаас “Бодь Интернэшнл” рүү энэ гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьсан. Хариу нь арванхоёрдугаар сарын 27-нд ирсэн. Тэд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн. Бид хариуд нь “Ийм ийм нөхцөлөөр гэрээнд өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлтээ дахиад тавьсан.
Ер нь “Бодь Интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг зах зээлийн нөхцөлөөр өөрсдөө босгосон бол хүү, алданги бүгдийг нь тооцоод өгөх нь зөв. Энэ бол шударга зарчим. Гэтэл “Бодь Интернэшнл”-ийн энэ гэрээ бол нүүрсээр төлбөр хийх нөхцөлтэй. Энэ бол санхүүжилт татахаас тэс өөр схем. Нүүрс нь зарагдахгүй гэх шалтгаангүй, тогтсон үнэтэй. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэд Чалькогийн гэрээтэй барьцаж ярих асуудал гаргасан. Гэтэл Чалько бас л тэс өөр нөхцөлтэй. Монголчууд 2011 онд Чалькогоос 350 сая ам.долларын урьдчилж аваад хэрэглээд дууссан. Дахиад ч мөнгө авсан. Авсан мөнгө болгон нь хүүтэй байсан. Харин “Бодь Интернэшнл”-ийн төмөр зам барьсан мөнгийг нүүрсээр барагдуулж, тэрэндээ 10 гаруй хувийн хөнгөлөлт өгөх нь зөв үү, эсвэл тодорхой хувь дээр тохироод явах уу гэдэг асуудал юм.
Өнөөдрийг хүртэл “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг тасалдуулаагүй, хэвийн өгөөд явж байна. Нүүрч ачилт 19 хувьтай явж байсныг 11 хувь руу буулгасан. Бидэнд мөнгө хэрэгтэй байгаа учраас Хятадаас гуйгаад ачилтыг нь багасгасан. “Бодь Интернэшнл” аравдугаар сарын 26-нд 22, 27-нд 49, 28-нд 66 гээд хамгийн оргил үе нь нүүрс арваннэгдүгээр сарын 30-нд 171 тээврийн хэрэгсэл зэргээр нийтдээ 3963 тээврийн хэрэгслээр 72 мянган тонн нүүрс гаргасан байна. Өдөр болгох нүүрс тээвэрлэлт явж байна, зогссон өдөр байхгүй. Нүүрсээр төлбөр барагдуулалт хэвийн явж байгаа гэсэн үг. Тавантолгой-Гашуунсухайт төсөл улсдаа хэрэгтэй учраас төлбөр тооцоог дуусгаад салах нь зөв. Харин өртөг үнэтэй юу, бага уу гэдэг нь цэвэр төмөр замын тусдаа яригдах асуудал.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК тойрсон олон асуудал ил боллоо. Өмнөх удирдлагын багийнхныг хууль хяналтынхан шалгаж байна. Энэ их хулгай, луйвар явж байхад ТУЗ нь яагаад мэдсэнгүй вэ гэдэг асуулт гарч байгаа. Та БЭТ-өөр томилогдоод эдгээр асуудлаа анх мэдэж байгаа юм шиг аашилсан. Гэтэл та Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэг байсан. Яагаад ТУЗ-д байхдаа дуугараагүй юм бэ?
-Би 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ албан тушаалаараа ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болдог. Харин өмнө огт байгаагүй, өнгөрсөн хавар албан тушаалаараа орж ирсэн гэсэн үг. Одоо ажиллаж байгаа ТУЗ бол шинэ, өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон баг. ТУЗ-ийн дэргэд Дотоодын аудитын алба гэж бий. ТУЗ-ийн нүд чих, хяналт тавих чиг үүргээр хангаж ажиллах ёстой газар нь Дотоод аудитын алба юм.
Хоёрт, ТУЗ-д оруулж байгаа материалын үнэн бодит эсэх, шаардлага хангаж байгаа эсэхэд ТУЗ-ийн нарийн бичиг анхаардаг юм. Өөрөөр хэлбэл, ТУЗ-дөө бүрэн мэдээлэл танилцуулж байна уу, үгүй юү гэдгийг Дотоод аудит, нарийн бичиг хянана. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэгж яваагүй гэсэн үг. Үүнээс болж ТУЗ-д хаалттай мэдээллүүд өгч байсан. 2017, 2018 оны оффтейк гэрээнүүд, “Бодь интернэшнл”-тэй хийсэн гэрээг бүрэн үзүүлээгүй, “нууц”-ын зэрэглэлээр халхавчилж танилцуулаагүй, гүйцэтгэх захирал нь хаалттай мэдээллээр хангаж байсан байхыг үгүйсгэхгүй. ТУЗ бүрэн механизмаар ажиллаагүй, дутуу мэдээлэл тараагдсанаас болж зарим зөрүүтэй шийдвэрүүд гарч байсныг үгүйсгэхгүй юм. Дотоод аудитын албаны даргыг үүссэн асуудалтай холбогдуулан баривчилсан.