Ж.Алдаржавхлан: Нутгийн өөрөө удирдах байгууллагын цоо шинэ 30 жилийг эхлүүлэх ёстой

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай ярилцлаа. Тэрбээр нийслэл, дүүргүүд тус тусдаа ИТХ-тай байдгийг өөрчилж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг, төсвийн үрэлгэн зардалгүй бүтэц рүү шилжих ёстой гэж үзэж байгаагаа ярив. Эрх мэдлийн төвлөөрөл рүү халтирчихгүй юу гэсэн асуултад харин эсрэгээрээ байна гэх тайлбар хэлэв. Түүний ярицлагыг хүргэе.

-Нийслэл, дүүргийн ИТХ-ыг нэгтгэе гэж Та ярьсан. Энэ чинь Үндсэн хуульд заасан  бүтэц биз дээ. Шууд л байхгүй болгоно гэхээр санаанд огт буухгүй юм. Юунаас ийм санаа анх төрөөд, яагаад үүний төлөө явах болов?

-Би анх 2016 онд нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон юм. Асар том сонгуульд оролцлоо. Маш их хөрөнгө зарж, олон хүнийг гуйж сонгогдож байгаа шүү дээ. Дараа нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. Эхний дөрвөн жил бол ИТХ гэж ийм зүйл байдаг юм байна гэсэн ойлголттой болж байгаа юм. 2020 онд дахиад сонгогдсон. Энэ үеэс л энэ санаа бодогдсон. Ер нь энэ олон ИТХ хэрэг байна уу, ач холбогдол хэр байна, дүүргийн ИТХ гээд хуралдаад байдаг гаргаж байгаа шийдвэр байна уу, хүмүүст яг ямар үр ашиг авч ирээд байна вэ. Дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль хамгийн их улстөржсөн сонгууль болдог. Естой жинхэнэ цус үзсэн гэдэг шиг тийм ширүүн өрсөлдөөн, улстөржилт үүснэ. Энэ нь тэгээд ямар ашиг авч ирээд байна вэ гэдэг нь өөрөө сонин. Хий дэмий, үр дүнгүй зүйл дээр ингээд байгаа юм биш биз дээ гэсэн бодол надад 2019 оноос төрж эхэлсэн юм. 2020 онд сонгогдсоныхоо дараа өөрчлөлт хэрэгтэй гэдгийг хэлж байсан. УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаад эхэлсэн. Засаг захиргааны бүтцийн шинэчлэл хийж магадгүй гэж найдсан. Нэгэнт дээрээ хийх гэж байгаа юм чинь доод бүтцээ орхихгүй болов уу гэж бодоод энэ сэдвээр дахин дуугарч эхэлсэн хэрэг. Би нийслэл хот нэг хуралтай байх ёстой гэж үзэж байгаа юм. Нийслэл, дүүргийн ИТХ чинь хоёулаа нэг хүнийг төлөөлж байгаа юм. Энэ хоёр бүтэц нэг байж болох юм байна. Хоёр төлөөлөгчийн хийж байгаа үйлдэл нь яг ижилхэн, хөөцөлдөж байгаа ажил нь яг адилхан. Нэг хүнд үйлчилж байгаа байхгүй юу. Дүүргийн ИТХ нь дүүргийн, нийслэлийн ИТХ нийслэлийн Засаг даргаа томилдог. Заавал ингэх албагүй. Зүгээр л нийслэлийн ИТХ-ыг сонгодог, тэр нь нийт нийслэлчүүдээ төлөөлж болох юм байна гэж би хараад байгаа юм. Давхар хурал байгуулж, баахан мөнгө зарлагадаж, давхардсан сонгууль хийх хэрэг байна уу. Хий дэмий шат дамжлага юм биш үү. Одоо хороон дээр очихоор дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гээд нэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч гээд бас нэг нөхөр сууж байгаа. Хоёулаа яг ижилхэн юм яриад байгаа байхгүй юу.

-Үндсэн хуульд нийслэл, дүүрэг, сум дүүрэг ИТХ-тай байна гээд заасан байдаг. Үүнийг бас бодож хийсэн байх л даа. Нутгийн өөрөө удирдах ёс гээд тогтсон ойлголт бий. Эрх мэдлийн хуваарилалтын л салаа мөчир шүү дээ. Үүнийг өөрчлөхөд хүндтэй шалтгаан хэрэгтэй. Яг яагаад өөрчлөх ёстой юм?

-Бүр анхнаас нь ярья. хорооны Засаг дарга гээд дүүргийн Засаг даргын доор бий. Жишээ нь, Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргыг сонгохын тулд иргэдийн сонгууль болдог.

-Иргэдийн нийтийн хурлыг хэлж байна уу?

-Тийм. Тэнд ямар сонгууль болж байна гэхээр бодит амьдрал дээр МАН-аас 100 Хүн зөөж авч ирэхэд АН-аас зөрүүлээд 100 хүн зөөнө. Тэгээд учир утгагүй хэрүүл тэмцэл эхэлнэ. Нэг нь ялбал нөгөөх нь шүүхдэнэ. Тэгээд бүтэн дөрвөн жил хорооны Засаг даргыг сонгож чадахаа больчихно. 1992 оны шинэ Үндсэн хуулийг хийхдээ гоёор бодож, олон нийтийг төлөөлөх талаас нь харж хийсэн ч тэр тогтолцоо бодит амьдрал дээр ажиллахгүй байна. Намууд өрсөлдөөд байгаа юм. Ерөөсөө жинхэнэ зорилгодоо хүрдэггүй. Дүүргийн ИТХ гээд асар том зардалтай сонгууль хийнэ, дөрвөн жилд 120 тэрбум төгрөгийн том зардалтай

-Есөн дүүргийг нэгтгээд ярьж байна уу?

-Тийм. 120 тэрбумын зардалтай. 1992 оноос хойш 2800 хүн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна лээ. Давхардсан тоогоор. Энэ хүмүүсээс яг дүүрэгтээ зориулаад ийм ажлуудыг хийгээд, дүүргийн иргэдийн асуудлыг ингэж шийдсэн гэхээр даацтайхан зүйл ховор байгаа юм. Том бүтээн байгуулалтууд бүгдээрээ л улсын төсвийн мөнгө. Дүүргээс юу хийдэг юм бэ гэхээр жижиг сажиг ажил хийж байгаа. Гэхдээ тэр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчтэй төлөөлөгчгүй асуудал явчихаж байгаа байхгүй юу. Улстөржилтийг Монголд бий болгочхоод байгаа юм. Монголчууд нийтээрээ улстөржөөд байна шүү дээ. Хороон дээр, дүүрэг дээр улстөржинө. Тэгэхээр ийм улстөржилтийг үгүй хийх цаг болсон. Гол гарц бол хорооны Засаг даргын сонгууль. 1992 оны Үндсэн хуулийг баталсан хүмүүс ингэж ярьж байна лээ. Олон орны туршлагыг судалсан гэж. Гэхдээ олон орон судлахдаа манайхан нэг талыг нь судалчихсан. Зарим оронд дүүргийн, нийслэлийн хурал гэж байгаа. Зарим оронд нэгтгэсэн бүтэцтэй. Бид “А” хувилбраар нь явчихсан юм билээ. Тэгэхээр “Б” хувилбраар нь явж болох л юм байна лээ. Бүр хаачихсан ч юм биш.

-Дүүргийн ИТХ дүүргийнхээ, нийслэлийн ИТХ нийслэлийн төсвийг баталж байгаа. УИХ улсын төсөв баталдаг. Захиргааны болон санхүүгийн эрх мэдэл ч гэдэг юм уу ялгаа заагууд байгаа шүү дээ. Таныхаар үүнийг яаж зохицуулна гэсэн үг вэ?

-Нийслэл болон дүүргийн ИТХ-ыг нэгтгэнэ гэдэг аль нэгийг нь л байхгүй болгоно гэсэн үг. Түүнээс биш дүүргийн ИТХ-ыг байхгүй болгоно гэсэн үг биш, нийслэл нь ч байхгүй болж болно. Дүүргийн ИТХ-ыг байгуулаад тэндээсээ нийслэлийн ИТХ-аа байгуулж болмоор. Олон сонгууль явуулахгүйгээр. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гээд хүмүүс сонгогдоно доо, түүнээс ИТХ-аа сонгоод тэр нь нийслэлийн төсвөө батлаад, дүүргүүд нь дүүргийн төсвөө баталж болно. Тэгэх юм бол Ундсэн хуулийн бүх шаардлага хангагдах юм. Жишээ нь, дүүргийн ИТХ-ын сонгуульд зориулж 43 хүнийг олж нэр дэвшүүлнэ, 43 хүнийг улстөрд бэлдэнэ гэдэг дараа нь 43 хүнийг ажилтай байлгана гэдэг нэгд асар том зовлон, хоёрт бас л хий дэмий л зүйл. Тэгээд 43 хүнийг эргэлт буцалтгүйгээр улс төр рүү оруулчихаж байгаа юм. Төлөөлөгчөөр сонгогдсон хүн гүйцэтгэх засаглалд давхар алба хашдаг жишиг хаана ч байдаггүй. Энэ яавч зөв жишиг биш гэдгийг амьдрал нотолчихлоо. Одоогийн дүүргийн бүтцийг цөөлөөд тэндээсээ нийслэлийн хурлаа байгуулдаг байх нь зөв байна гэж би үзэж байна.

-Та сая есөн дүүргийн хурлын нүсэр зардлын талаар тухай тоо хэллээ. Дээрээс нь шат шатны 200-гаад Засаг дарга байна уу?

-Нийт 214 Засаг дарга.

-Нийслэлийн ИТХ-аа нэмэхээр жилд 300-гаад тэрбумын заралтай ажилладаг гээд тоо хэлсэн байсан. Тэр ямар учиртай тоо юм бэ?

-Ер нь бол нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн зардал гэж байдаг. Хуралдааны зардал гэж бас бий. Ажлын алба гээд баахан хүн ажиллана. Тэр хүмүүсийн үйл ажиллагааны зардалд 9 дүүргийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. Зөвхөн хурал хийх гэж. Аймаг, сумын ИТХ гэж байгаа. Тэд 180 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ерөөсөө л хурал хийхэд бид 300 тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. Зарим хурлыг зардалгүйгээр хийж болж байгаа юм. Тэр ажлын алба байх шаардлагагүй. Тэр чинь хурал хийгээд л тарах ёстой байгууллага шүү дээ. Хуралдаад л. Гэтэл ажлын алба бүтэн сарын турш ажиллаад л, бүтэн жилжингээ 30,40-өөрөө ажиллах ямар ч шаардлага байхгүй. ЗДТГ нь хурлыг зохион байгуулсан ч болно. Хурлаа хийчихээд яваад өгдөг байж болно. Улиралд нэг удаа хуралдах ёстой шүү дээ. Хий дэмий олон хүнийг төсвөөс цалинжуулж байгаа юм. Би жишээ нь нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны хүмүүсийг юу хийдгийг нь ойлгодоггүй. ЗДТГ-ын ажилтнууд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хог шороо, гэрэлтүүлэг гээд явж байна. Тэр хүмүүс юу хийж байгаа юм. Баянгол дүүрэг чинь 60-уулаа гэж байгаа. Юу хийдэг юм.

-Нийслэл бол том айл. Ажил, амьдрал 24 цагт буцалж байгаа. Нэгдүгээрт, тэр болгоны зохицуулалт, дүрэм журам, асуудлыг одоо байгаа тогтолцоогоор иргэдийн төлөөллийн байгууллага буюу ИТХ шийдлийг нь олж, шийдвэр гаргаж, гүйцэтгэх засаглалаа шахаж шаардаж, хяналт тавьж байх ёстой биш юмуу. Хоёрдугаарт, Үндсэн хуульд  иргэд төлөөллөөрөө дамжуулаад төрийн эрх мэдлийг атгалцана гэсэн үндсэн агуулга байгаа шүү дээ. Нийслэл, дүүргийн ИТХ-ыг үгүй болговол энэ агуулга эвдэгдчих юм биш үү?

-Эвдэгдэхгүй л дээ. Нийслэлийн 1.6 сая  оршин суугчийг нэг л хүн төлөлөх ёстой байхгүй юу. Олон хүн, олон шат дамжлагаар төлөөлж хэрэггүй. Асуудлаа нэг л хүнд хэлдэг баймаар байна. Тэгэхээр төлөөллийг нэг болгоод, тэр хүмүүс нь хорооныхоо иргэний төлөө жинхэнээсээ явдаг байх ёстой. Жишээ нь, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид асуудал тавихаар дүүргийнхээ Засаг даргад л хандана.

-Нийслэлийн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн төлөөлөх хүний тоо аймгуудтай харьцуулашгүй. Таны хэлж байгаа хувилбраар нэгтгээд нэг болгочихъё гэж бодоход дугаар хорооны иргэний төлөө явж амжих уу. Тийм цаг хугацаа болон бусад боломж нь яг үнэндээ байх уу?

-Одоогийн тогтолцоогоор төлөөлөгчид хүний төлөө явахгүй, явсан ч бүтэлгүйтэлтэй тулдаг. Засаг захиргааны нэгжийн хувьд дүүргийн ИТХ байна, тэндээсээ нийслэлийн ИТХ-аа байгуулчих. Хан-Уул дүүрэгт нийслэлийн ИТХ-ын зургаахан төлөөлөгч байдаг. Дүүргийн 35 төлөөлөгч бий. Дүүргийн 35-аасаа зургаагаа сонгочихож болно. Заавал дахиж сонгууль хийж хэрэггүй л байхгүй юу. Нийслэл, дүүргийн сонгууль гэж УИХ-ын сонгуулийн дараа орох том сонгууль болдог. Хорооноос сонгогдсон төлөөлөгч нийслэлд очиж иргэдийн асуудлыг ярих ёстой юм. Одоогийнхоор бол хорооноос сонгогдсон 35 төлөөлөгч дүүргийн Засаг даргадаа л асуудлаа тавьж байгаа юм. Үгүй, тэнд эрхийг нь нээгээд нийслэлийн ИТХ-ыг тэндээс нь байгуулчихвал тэд нар нийслэл рүү ч, дүүрэг рүү ч асуудлаа тавьж болох байхгүй юу. Ийм хоёр давуу тал бий болно. Одоо бол зөвхөн дүүргийн хурал л гэж хязгаарлагдаад байна шүү дээ. Тэрийг нийслэл рүү сонгоод өгчих юм бол бүх шатны Засаг даргад асуудлаа тавьж болно. Үндсэн хуулийн заалт ч байгаа. Аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг 4 жилээр сонгоно гэчхээд сум, дүүргийнх дээр ийм үг байдаггүй юм. Тэгэхээр тэндээсээ сонгочих юм бол дахиж сонгууль хийх шаардлагагүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад баталсан. Таны ярьж байгаа асуудлын заримыг Үндсэн хууль өөрчлөлтөөр шийдмээр ч юм шиг. Эсвэл Үндсэн хуульд тодорхой зохицуулалтгүй орхисон зүйлийг хууль гаргаж шийднэ ээ гэсэн үг байх. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхгүйгээр бусад хуулийнн хүрээнд үүнийг хийх боломж байгаа юу?

-Боломжтой. Дүүргийн ИТХ-ын сонгууль хийгээд, тэндээсээ нийслэлийн ИТХ-аа байгуулчихна. Дүүрэг дүүргээсээ өөрсдийнхөө төлөөллийг дотроосоо сонгоод явуулчихна. Тэгэхээр Үндсэн хуулийн заалт нь хангагдчихна.

Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн гол зорилго нь эрх мэдлийн төвлөрлийг багасгаж, задлахад чиглэсэн. Таны ярьж байгаа өөрчлөлтийг хийвэл эргээд эрх мэдлийн хэт төвлөрөл рүү явчих юм биш үү. Аливаа тогтолцоонд сул тал үргэлж байдаг шүү дээ?

-Нийслэлийн ИТХ байхгүй, сонгууль хийх шаардлагагүй болно. Дүүргийн ИТХ гэж байна, дотроосоо нийслэлийн төлөөлөгчдөө сонгоод байгуулна. Дүүргээ төлөөлж мандат авсан 300 гаруй хүн бүгдээрээ нийслэлээ төлөөлнө. Ингэхээр эрх мэдэл төвлөрөх биш харин ч задарч, үргүй зардал хэмнэгдэнэ.

-Таны санаа бол дөрвөн жилийн бүрэн эрх гэж бодоход жил жилээр, дүүргээсээ сонгогдсон саналынхаа хувиар ч юмуу төлөөлөөд явна гэсэн үг үү?

-Тийм. 30 хүн байхад эхний зургаа нь эхний жил, дараагийн 6 нь дараагийн жил гээд явчихна. Тэгэхээр дөрвөн жил ганцаараа суух тийм онцгой эрх дархтан байхгүй болно. Асуудлаа ярина, чадахгүй байвал солино. Нийслэлд засаг захиргааны том шинэчлэл хийх эхлэл ингэж тавигдана. Есөн дүүргийг татан буулгая гэдгээ ч ярьж яваа.

-Энэ бол тэрслүү ч юм шиг сонсогдож байна. Дүүрэггүй нийслэл гэхээр төсөөлгдөхгүй юм. Таны ярьж байгаа энэ санааг төр, засгийн удирдлагууд, улс төрийн намууд хэр дэмжиж, яаж хүлээж авсан бэ?

-Ер нь бүгд дэмжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентдаа том шинэчлэл хийж чадлаа. Одоо дунд, доод хэсэгтээ давхар шинэчлэл хийх ёстой. Дүүргүүдийг яагаад татан буулгая гээд байна вэ гэвэл засаг захиргааны нэгжийг дагаж төрийн байгууллага байгуулагддаг юм. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, халамжийн хэлтэс гэх мэтээр нэгжээ дагаж байгуулагддаг. Гэтэл 1992 онд 87 мянган хүнтэй байсан Баянзүрх дүүрэг өнөөдөр 400 гаруй мянган оршин суугчтай болсон. Тэгэхээр засаг захиргааны байгууллагууд чинь 400 мянган хүнд хүрэлцэхээ больчихож байгаа байхгүй юу.

-Тэгэхээр тухайн нэгжид хүн амын тооны хязгаар тавьчихаад тэнд хүрээд дохио өгөнгүүт жижиглээд шинээр байгуулах ёстой гэж Та хэлээд байна уу?

-Австралийн Канберра хотод тэгдэг. Канберра хотын дүрэм ч гэж байгаа. Тэнд оршин суугчдын тоо 80 мянга хүрэхээр задардаг. 80-аас дээш гараад 100 мянга хүрэхэд төр хүрч чадахгүй гэдгийг ойлгоод байна шүү дээ. Жишээ нь, 80 мянган хүнээр багцалчих юм бол тэнд нэг эрүүл мэндийн төв, нэг цагдаа, нэг даатгалын төв хүрэлцээд байна гэж ойлгоод байна шүү дээ. Илүү гарах юм бол тэр эмнэлэгт дараалал үүснэ, цагдаа гэмт хэргээ дийлэхээ болино, татварын байгууллага дутуу ажиллаж эхэлнэ. Тэгэхээр 1992 онд сул тавьчихсан учраас дүүргийн хүн ам өсөөд л байсан, хязгааргүй тэлчихсэн. 60 мянган хүнтэй байсан Хан-Уул дүүрэг өнөөдөр 280 мянган хүнтэй болж, тав дахин нэмэгдсэн.

-Задалъя гэж бодъё. Нөгөө талдаа ахиад төсөв нэмэгдэнэ, дахиад цагдаа, эмнэлэг  хэрэгтэй. Данхайх юм биш үү?

-Үгүй. Одоо байгаа бүтцээ зөв ашиглах юм. Миний хэлээд байгаа гол санаа бол хариуцлагыг л ойлгомжтой, тодорхой болгох гээд байгаа байхгүй юу. Жишээлбэл, Улаанбаатарт ямар нэг асуудал үүсэхэд хариуцах эзэнгүй болчихдог. Минийх биш, манайх тусдаа гээд хоорондоо шидэлцээд л. 400 мянган хүнтэй дүүрэгт хариуцлага хүлээх хүнгүй болохоор хөгжихгүй байна. Яг Яармагийг хариуцсан албан тушаалтантай л бүх хариуцлагыг яримаар байгаа юм. Гэрэлтүүлэг, хог, халтиргаа гулгаа, аж ахуйн бүх хариуцлагыг чамтай л ярина шүү гэдэг болмоор байна. Тэгэхээр тэр Яармагийн дарга тэндэхийн долоон хорооны хаана хогтой, харанхуй байна бүгдийг нь мэдэж чадна. Тэгэхгүй бол Баянзүрх дүүргийн Засаг дарга 13-р хороолод юу болж байгааг, бүр Улиастай, Шархад, Цагаандаваанд юу болж байгааг мэдэхгүй. Хүрэхгүй шүү дээ, хүрэлцэж чадахгүй. Тиймээс хүрэлцэх хэмжээгээр нь Австралийн жишгээр нэгж байгуулаад, эрх мэдлийг нь өгөөд, шууд хариуцлага тооцдог болохгүй бол өвлийн өвөлд хотын дарга аа цасаа цэвэрлэ гэх бухимдал арилахгүй. Гэтэл тэр чинь нийслэлийн Засаг даргын ажил биш байхгүй юу. Тухайн нэгжийн хариуцсан хүмүүс ажлаа хийдэг болно. Хэрвээ тэгээд байгуулчих юм бол Захирагчийн ажлын алба гэх одоогийн том бүтэц нийслэлд хэрэггүй.

-Сонгуульд ялсан нам хамгийн том ажил олгогч болдог. Дарга нарт зориулж засаг захиргааны бүтэц хийгээд байгаа ч юм шиг харагдах уу?

-Харин ч дарга нарын тоо цөөрнө.

-Яагаад цөөрөх билээ?

-214 Засаг дарга одоо байна, хуваах юм бол 30-40 л болно. Бүр цөөрнө.

-Хороогоо нэгтгэе гэж үү?

-Нэгтгэж байна шүү дээ. Жишээ нь, Яармаг, Улаанхуаранг нэгтгээд долоон даргатай байсан бол нэг даргатай л болгоно гэсэн үг. Тэгэхээр цөөрнө.

Төсөв хэмнэгдэх үү?

-Хэмнэнэ. Хорооны том том барилгууд бидэнд хэрэггүй болно. Бүгдийг нь зарж борлуулах хэрэгтэй. Бид цахим үндэстэн болох чзорилго дэвшүүлсэн. Төрийн үйлчилгээг цахимаар хялбар, хурдан авах боломжийг улам нэмэгдүүлнэ. Төрийн үйлчилгээний Цахим төвд олон хүн хэрэггүй.

-Яармаг хүссэн ч хүсээгүй ч харахаар хаяа хот болчихсон байгаа байхгүй юу. Бид нар тэгж нэрлэхгүй л байгаа болохоос…

-Үнэн. “Яармаг сити”. Би өнөөдөр Яармаг, Нисэх, Өлзийт, Био гээд л зөндөө олон асуудал хариуцаж сууж байснаас Яармагийн асуудлыг тэр чигээр нь дангаараа хариуцах юм бол иргэдтэйгээ илүү ойр байж чадна. Том дүүрэгт асуудал олон байх нь тодорхой. Жижилэчихвэл ажлын үүрэг, шийдэх эрэмбэ илүү ойлгомжтой болно. Хөгжлөөрөө үлдгэрлэдэг Японд ийм л байдаг. Дагуул хотууд нь асуудлуудаа шуурхай шийдээд явчихдаг.

-Тэгэхээр таны санааг багцлаад хэлэхээр есөн дүүргийг татан буулгая, дүүрэг гэхээсээ илүүтэй хаяа, дагуул хотын бүтэц рүү оръё гэж байгаа юмуу?

-Тийм.

-Бүтцийн урьдчилсан тооцоо, зураг гэж байна уу. Нийслэл Улаанбаатар төдөн дагуул хоттой байна гэх мэт?

-Ерөнхийдөө би зураг хийчихсэн байгаа.

Сонирхож болох уу?  

-Хүн амын тооны хязгаар нь 50 мянга орчим байх юм. Яваандаа тэр чинь хүн амын өсөлт гээд 80 мянга руугаа дөхчих юм билээ. 40-50 мянган хүнтэй гэх нь зөв юм байна гэж.

-Дагуул хотууд уу?

-Тийм, Яармаг сити, Нисэх сити, Налайх сити, Амгалан сити, Шархад сити ч гэдэг юм уу. Таван шар ч гэдэг юм уу, Толгойт, Хайлааст гэх зэргээр.

-Тэгэхээр улсын нийслэл олон хотын нийлбэр болно?

-Тийм, дагуул хот гэсэн санаа. Гэхдээ үүнийг хот гэж нэрлэсэн ч болно. Хороо гэж нэрлэсэн ч болно. Одоогийн дүүргийн Засаг дарга бол газар олгох гэх мэтээр дэд бүтцийн эрхтэй. Үүнийг бүгдийг нь болиулчихъя л гэж байгаа юм. Газар олгодог ажлыг газар олголтын шилэн системд оруулчихъя, дэд бүтцийн асуудлыг салбарын яам нь бүрмөсөн хариуцаг. Тэр Яармаг ситиг хариуцсан нөхөр Яармагийнхаа бүх аж ахуйн асуудлыг хариуцаад яваг. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлэгт хэвтэх гээд 14-28 хоног дугаарлаж байна шүү дээ. Жирийн иргэд дүүргийнхээ эрүүл мэндийн төвд л ирдэг юм. Хөрөнгөтэй, санхүүгийн боломжтой хүмүүс бол Интермед, Грандмедээрээ явчихна. Эрүүл мэндээ үзүүлэх ганцхан газар л байгаад байгаа юм. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв гээд талбайн ард байдаг,  долоон буудлаас, хайлаастаас, дэнжийн мянгаас ганц төв рүүгээ ирдэг.

-Энэ өөрчлөлтийг хийвэл байдал яаж дээрдэнэ гэж?

-Задарна шүү дээ. Бүтэц болгн эрүүл мэндийн төвтэй болно. Өрхийн эмнэлэг гээд том бүтэц  байна. Тэд нарыг нэгтгэнэ. Жишээ нь, хороонд 20 хүн ажиллаж байна, энэ хорин хүнийг нийлүүлэх юм бол хүн нэмэх шаардлагагүй болно. Харин хүн цөөрнө. Одоо Яармагийн хороон дээр 140 хүн ажиллаж байгаа. Үнэндээ тэнд гуч, дөчин хүн л хэрэгтэй. Цахим төвүүд дээр арав гаруй хүн хэрэгтэй, тэгээд л болчихно. Нүсэр бүтэцгүйгээр ажил явуулж болно. Би төрийн алба том нүсэр байна гээд байдаг чинь энэ. Ийм нүсэр бүтцийг одоо л задлахгүй бол болохгүй.

-Нутгийн захиргааны байгууллагууд нутгийн үйлчилгээний байгууллагууд гэсэн шинэ зарчимд шижих хэрэг үү?

-Их олон эрх нь хэвээр үлдэх юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг нэгдсэн удирдлагаар хангана. Нутаг дэвсгэр, хүн амын аюулгүй байдлыг хангана. Хот нийтийн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөр нийгмийн хамгаалал гээд эрхүүдийг нь үлдээчихнэ. Хасах нь аялал жуулчлалын эрх, газрын харилцааны орлого, барилга хот байгуулалт, дэд бүтэц эднийг орхиод яг тэр аюулгүй байдал, эрүүл мэнд, сургууль соёл, тэр хог шороо гээд яг ойлгомжтой болно.

-Хүмүүс хотын даргыг өөрсдөө сонгомоор байна гэдэг. Энэ хүслийг биелүүлж болох уу?

-Дэлхийд бол өөрсдөө сонгодог юм. Тэр нь ч зөв юм билээ. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэд сонгох ёстой. Хаяа, дагуул хотын иргэд удирдлагаа өөрсдөө сонгох ёстой. Сонгогдсон хүн ажлаа хийх ёстой, чадахгүй бол өөрчилдаг тогтолцоо нь байх ёстой. Иргэд өөрсдөө мэдэж шийдэх ёстой. Хэдхэн хүн суучихаад шийдээд байж болохгүй. Улс төрийн намуудад нэр дэвшүүлэх эрхийг нь үлдээнэ.

-Таны ярьсан өөрчлөлтүүд мэдээж хэрэг албан ёсны хууль, бичиг баримт болох ёстой. Өөрчлөлтийг яг хэзээ хийх вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг өнгөрсөн 12-р сард байгуулаад, би ахлаад явж байгаа. Ажлын хэсэг өөрчлөлтүүдээ хийгээд бэлэн болгочихсон. Одоо Засгийн газарт танилцуулах дутуу. Бид нар хийх юмаа хийчихсэн. Засгийн газраас ажлын хэсэг гаргаад явах ёстой. Ерөнхийдөө бол манай төрийн удирдлагуудын олонх нь системийн өөрчлөлт хийх ёстой гэдэгт санал нэгдсэнгэж би харсан. 1992 оноос хойш явсан энэ бүтэц  одоо бол явж өгөхгүй байна шүү дээ. Нэг л болж өгөхгүй байгаа биз дээ. Хүн амын тоо  өсөөд байдаг, асуудал шийдэгдэхгүй хэвээрээ л байдаг. Хариуцлага хүлээдэг албан тушаалтан байхгүй, бие бие рүүгээ чихэх зуршилтай. Нэг замыг гурван байгууллага хариуцаж байх жишээтэй. Хариуцлага ярихаар хэн ч хариуцаагүй мэт. Энэ өөрчлөлтийг хийж чадвал хамгийн том үр дүн нь Монгол Улс нэгдсэн стандарттай болно. Дүүргүүд хэдэн зуун мянган хүнтэй, магадгүй таван аймаг нийлүүлсний дайтай нэг дүүрэг байна л гэдэг. Тэр яриа байхгүй болно. Монгол Улсын засаг захиргааны хувьд бүгдээрээ ижилхэн болчихно. Нийслэлийн олон шат дамжлагууд, 210 Засаг даргын тоо цөөрнө. Татварын, бүртгэлийн, гамшгийн үеийн тогтолцоо хүртэл олон зүйл ойлгомжтой болно. Газар хөдлөлт зэрэг гамшгийн өмнө одоогийн тогтолцоогоор бол бид шууд сөхрөхөөр юм билээ. Тэгэхээр бид  маневр сайтай тогтолцоо руу хурдан орох ёстой. Бас эрүүл мэндийн үйлчилгээ ойлгомжтой, эмнэлгийн ор сулрахыг 28 хоног үйлчилгээ хүлээх шаардлагагүй болно.

-Ер нь ямар хуулийн хүрээнд өөрчлөлт, шинэчлэл хийгээд шинэчлэлийг амьдралд нэвтрүүлж болох вэ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, тэнд өөрчлөлт хийгээд л явчихна. Үндсэн хуульд гар хүрэх шаардлага байхгүй. Одоо байгаа төрийн алба хаагчдын тоог нэмэхгүйгээр зөв хуваарилалт хийгээд, цомхон болгох боломжтой. Төрийн үйлчилгээ цахимжиж байхад хорооны байшин барих шаардлагагүй. Хороонд бүртгэлийн, халамжийн гээд 20 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Цахимаар төрийн 440 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм билээ. Тэгэхээр хамаагүй өөр болно. Заавал том байшинд суух ямар ч шаардлагагүй. Нийслэлд ажиллаж байгаа энэ цаг үедээ энэ өөрчлөлтийг хийчих юмсан гэж маш их хичээж, хүсэж байна. Бүх цаг үеийн нийслэлийн, дүүргийн Засаг дарга засаг захиргааны шинэчлэлийн тухай боддоггүй байсан юм билээ. ИТХ-ын төлөөлөгч нартайгаа найзалж байгаад л сонгуульд ордог. Төрийн шат дамжлагыг өөрчилье, үүнээс гаръя гэсэн бодол  байгаагүйд гайхаад байдаг юм.

-Засгийн газарт танилцуулах дутуу байгаа гэж байна шүү дээ, хэдийгээр энэ өөрчлөлт хөдлөх вэ?

-Засгийн газар шийднэ. 2024 оны сонгуулийн дараа л ярих байх. Одоо бол цаг хугацааны хувьд боломжгүй.

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх цаг болсон гэж үзэж байна гэж ойлгож болох уу?

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын цоо шинэ 30 жилийг эхлүүлэх ёстой. Хуучнаараа явж яагаад ч болохгүй. Ирэх 30 жилд төрийн үйлчилгээ, хариуцлагын асуудлуудыг ойлгомжтой болгож, иргэнд цомхон багаар хурдтай үйлчилдэг болох ёстой. Төрийн алба 300 мянган хүнтэй болчихсон байна. Ажиллах хүчний гуравны нэг. Үүнийг зоригтой өөрчлөхгүй бол буцаад социалист улс болох гээд байна.

-Парламентын түвшинд хэл ам дагуулсан ч гэсэн өөрчлөлт явлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг бодитоор үзье гэвэл доод буюу нутгийн өөрөө удирдах ёс руу шинэчлэл нь гүн нэвчих ёстой гэж ойлгож болох уу?

Яг тийм. Үр дагаврыг үзье гэвэл шинэчлэлийн уур амьсгал доошоо орж ирэх ёстой. Үүнийг шинэчилж байж хоёр дугуй жигд эргэнэ гэсэн үг. Үүнд олон хүн дургүйцэх л  байх. Тэр надад сонин биш. Зөвхөн өөрийнхөө албан тушаалыг ч юм уу, өөрийнхөө дүүргийг ярьж байна гэж жижигхэн сэтгэж болохгүй.

Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

 

2 СЭТГЭГДЭЛ

  1. Маш зөв оновчьой санал бна даанч биелэхгүй байхаа гэж бодож бна манай төр засаг удирдаж байгаа нөхдүүдэд таалагдахгүй цүнх баригч бөгс долоогч гар нь ажилгүй болчихно гээд сандралдаад энэ санааг хав дарах бх даа уул хэрэгжвэл төсөв хэмнэгдээд асар их татварын мөнгө хуримтлагдаж ёстой цалин тэтгэвэр нэмэхэд ард түмний амьдрал дээшилж улс эх орон минь өрнөөс гарч хөгшчүүл иаань тэтгэврийн зээл авахгүй эмч цагдаа багш ажиллах хүч нэмэгдээд их сайхан болно доо тиймийн учир хануулийн ард иргэд Алдаржавхлан даргаа 100 хувь дэмжиж байж энэ ажил хэрэгжиж ард түмний амьдрал жигдрэнэ дээ өөрсдийнхөө төлөө үр ачийнхаа иоээдүйн төлөө ийм сайхан ажлыг нь дэмжинэ гэдэгт итгэлтэй бна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...