Алга ташилт горьдоогүй ГУРВАН ЖИЛ

Үе үеийн Засгийн газар, түүнийг тэргүүлдэг Ерөнхий сайд нарт түүхэн үүрэг гэж байдаг. Тэрхүү үүргээ биелүүлж чадсан, чадаагүй гэдгээр л Засгийн газруудад ямар дүн тавихаа олон нийт шийддэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Засгийн газар сайн нэртэй байх нь тун ховор, тийм боломж ч хомс. Харин сайн зорилготой, шинэчлэл хийх улс төрийн зоригтой байх нь нэн чухал. Тогтолцооны шинэчлэл бол өнөөдөр шийдвэр гараад маргааш үр дүнгээ өгдөг богино зайн улс төр ердөөсөө биш. Тийм ч учраас улстөрчид өнөө маргаашдаа оноо авах популист алхам руу хэт шунаад, дунд болон урт хугацаанд үр дүнгээ өгөх тогтолцооны шинэчлэлээс жийрхээд, барьж авахаас халгаад, тойрч гүйгээд байдаг гэмтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил яст мэлхийн хурдаар явж, авлигажсан тогтолцоо амь бөхтэй бүрэлдэхэд улстөрчдийн шинэчлэл хийхээс хулчийдаг чанар хамгийн их гай тарьсан нь бодит үнэн.

Засгийн газруудыг хооронд нь адилтгах, харьцуулах нь гэнэн үйлдэл. Сагсан бөмбөгөөр бол 1990-ээд оны од Майкл Жорданыг одоо цагийн Лэброн Жэймстэй харьцуулах гэсэнтэй адил гэнэн хэрэг болно. Харин одоо ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхимын ажлын үр дүнг одоо цаг дээр үнэлж, дүгнэх цаг тулж ирлээ. Танхимдаа шилжилтийн, шинэчлэлийн, эв нэгдлийн гэх шошго наагаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой нэгдүгээр сарын 27-ны өдөр тохионо. Дээр дурдсанчлан хэр сайн танхим байсан гэхээс урьтаж тогтолцооны суурь шинэчлэлийг бүрэн эрхийнхээ хугацаанд хийж чадсан эсэхээр Засгийн газрын ажлыг дүгнэх нь бодит амьдралд илүү нийцэх талтай.

ЦАР ТАХЛЫН ШОК

Ковид-19 хэмээх цар тахал ид байх үед тамгаа гардаж авсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед хатуу хөл хорио хэд хэд тогтоосон. Хатуу хөл хорио гэдэг бол нийгмийн амьдрал бараг тэр чигтээ зогсож, царцдаг үйл явц. Халдварын тархалт даамжирвал хүмүүсийн амь нас мянга мянгаараа эрсдэх тийм эгзэгтэй цаг үе байлаа. Цар тахлыг хохирол багатай давах хамгийн эн тэргүүний алхам нь вакцинжуулалт гэж үзээд Засгийн газраас олон улсын тавцанд яриа хэлэлцээг идэвхтэй хийж эхэлсэн байдаг. Ингээд 2021 оны 2-р сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг тариулснаар вакцинжуулалт эхэлсэн, цар тахлын аюул цаашилсан. Яваандаа хатуу хөл хориог үе шаттай сулруулж, элгээрээ хэвтсэн эдийн засаг эргэн сэргэх боломж бүрдсэн.

Ачаа барааны бөөгнөрөл, үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зэрэг олон бэрхшээлтэй монголчууд улаан нүүрээрээ тулсан. Өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц 4 тэрбум ам.доллар болж өслөө. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх  тогтоол баталж, овоорч бөөгнөрсөн ачаа барааны түгжрэлийг арилгах алхмуудыг хэрэгжүүлснээр үнийн өсөлтийг хазаарлав. Цар тахлын үед шокийн байдалд орсон, хасах үзүүлэлт рүү гулссан эдийн засаг өнгөрсөн 2023 онд 6 хувийн өсөлт рүү зүтгэв. Вакцин нийлүүлэлтийг, вакцинжуулалтыг богино хугацаанд шийдвэрлэснээр цар тахлын жилүүдэд тэг зогсолт хийгээд байсан аялал жуулчлалын салбар 3.5 их наяд төгрөгийн орлого олж магнай тэнийлгэсэн. Нийтээр нь туйлдуулсан цар тахлын аюул ард хоцорчээ.

ХУЛГАЙ, ХУЛГАЙЧ ХОЁРЫГ ЦЭГЦЭЛЛЭЭ

Хөгжлийн банкны хулгай. Эдийн засагт өсөлт, эерэг үзүүлэлт гарч байгаагийн бас нэг том шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн эр зориг гаргаж Монголын нийгэмд хувалз мэт шигдсэн хулгайчидтай хүний, өөрийн гэлгүй заамдалцсаных гэж хэлж болно. Нам дотроо цөөнгүй дайсантай ч болсон байх. Хөгжлийн банкыг тоносон бүлэглэлүүд улсаа дампууруулахын даваан дээр аваачсан байв. Эргээд олдохгүй биз дээ гэж байсан 1.6 их наяд төгрөгийн зээл өнгөрсөн жил гаруйн хугацаанд эргэн төлөгджээ. Хөгөө чирч дэлхийн шившиг болж байсан Хөгжлийн банк өнөөдөр үйл ажиллагаа нь жигдэрч, хулгайчуудаасаа ээлж дараалан салж байна. Ийм болоход хэвлэлийнхэн, олон нийтийн шударга дуу хоолой Засгийн газарт том дэмжлэг болсныг тодотгох ёстой. Хулгай нүүрлэсэн газарт юуных нь хөгжил байх вэ дээ.

Нүүрсний хулгай. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуусын том жагсаал олон хоног үргэлжилсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагссан олны өмнө гарч ирээд хулгайчидтай хамт тэмцэх амлалт өгч байв. Хөгжлийн банк болоод Нүүрсний хулгайн асуудлаар гал гарсан нээлттэй сонсгол хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан нь улс төрийн түүхэнд цоо шинэ үзэгдэл болон тэмдэглэгдэх байх. 44 их наяд төгрөгтэй тэнцэх нүүрсний хулгай 2023 оны трэнд сэдэв болсон, нийгмээрээ хэлэлцсэн. Энэ үйл явдал нийгэмд маш том дархлаа бий болгосныг хүмүүс төдийлөн анзаараагүй байж мэднэ. Одоо ойгүй тэнэг л биш бол ямар ч эрх мэдэлтэн нүүрс хулгайлъя гэж бодож ч зүрхлэхгүй болсон нь лавтай. Төсвийн ямар ч төрлийн хулгай, хулгайч хоёрыг үл тэвчих оюуны санааны дархлаа нийгэмд шинээр бүрэлдчихлээ. Энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн хэрэг эхнээсээ шүүх рүү шилжсэн. Хууль шүүхийнхэн гэм буруутай хүмүүст зохих шийтгэлийг оноох биз.

УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, түүний ойр тойрныхон тендерт оролцох, төсвийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамрагдахыг хуулиар хориглочихлоо. Бусдын боломжийг эрх мэдлээрээ түрий барин дээрэмддэг, төрийг түшиж хулгайгаар хөлждөг цоорхойг хуулиар ийн бөглөв. Товчхондоо бол одоо төрөөс  тэрбумтан дахиж төрөхгүй.

ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ҮНДСЭН ХУУЛИАР ДАРХЛАВ

Сонгогчдын бараг тал хувийн санал гээгддэг тогтолцооны гажгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр залруулсан нь тогтолцооны зоримог шинэчлэл болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйл явдлыг ардчиллын хоёр дахь давлагаа, шинэ 30 жилийн эхлэл гэж тодорхойлсон. Тэн хагас нь Засгийн газар руугаа гүйж ороод давхар дээл нөмөрчихдөг 76-хан гишүүнтэй давжаа парламент анх удаа 126 гишүүнтэй болж томрохоор болж байна. Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хуульд оруулж, парламентын засаглалын дархлааг баталгаажууллаа. Нэг хүний дарангуйлал тогтох вий гэсэн олон жилийн айдаст цэг тавьсан гэж хэлж болно. Хоёр их гүрний дунд орших Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс хэвээр орших баталгаа Үндсэн хуульд биеллээ олсон.

Бид 1990-ээд оноос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай ярьсан ч сонгуулиа 76 жижиг тойрогт явуулж ирснээс болоод хөгжлийн том бодлого, төслүүд гацаанд орж, жалга довны гэх жижиг ашиг сонирхлууд хоорондоо мөргөлдсөөр ирсэн нь үнэн. Сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн бодлогын хүрээнд байгуулахаар болсон нь ТЭЦ-5, Эрдэнэбүрэний УЦС, Багануурын цахилгаан станц, Улаанбаатарын тойрог замын ажил, хилийн боомтуудыг автозам болон төмөр замаар холбох стратегийн том төслүүд гараанаас гарах бодит боломж сая бүрдлээ. Том тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн сургуулийн дээвэр, гудамжны гэрэл яривал онигоо болно. Улсын тэн хагас нь Улаанбаатарт шавсан амьдрал одооноос өөрчлөгдөнө. Бүс нутагт хөгжил очвол хүн тэнд тогтоно, амьдрах таатай орчин жинхэнэ утгаараа бүрдэнэ.

Ийм суурь шинэчлэлийг гурван жилд амжуулсан гэдэг өнцгөөр харвал одоогийн Засгийн газар өөрт ногдсон түүхэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэж болно. Суурь шинэчлэлийн үр дүн дунд, урт хугацаандаа харагдах учраас өнөөдөртөө алга ташуулахгүй байж магадгүй. Шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлэх зам зуурт жижиг сажиг алдаа гарахыг ч үгүйсгэхгүй. 2012 онд сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулахад Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад баахан дэмий хүн сонгогдчихлоо гээд шинэчлэлээсээ ухарсан өмнөх алдааг давтаж үл болно. Чамгүй үнэ цэнээр олдсон тогтолцооны шинэчлэлийнхээ талд бат зогсож чадвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гавьяа хожмоо илүү тодорно. Улстөрчийн ээдрээт замнал алга ташилт горьдоггүй, бас хэзээ ч оройтдоггүй.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...

Ц.Раднаа 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...