Дасал болсон цэнхэр савнаасаа даруй салах цаг болжээ

Гэр хорооллын иргэд ундны усаа зориулалтыг бус саванд хадгалж хэрэглэж байгаа талаар,  хуванцар савны буруу хэрэглээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй талаар хүмүүс бишгүй л сонссон байх.  Гэвч одоо ч айлууд усаа зориулалтын бус цэнхэр шар савандаа хадгалж уусаар л  байна.  Зориулалтын бус хуванцар сав нь олдоц ихтэй, үнэ хямд байдгаас хот  хөдөөгүй л ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалж, тээвэрлэж  хэрэглэсээр байгаа. Хөхүүрэнд айраг исгэдэг айл хөдөөд нүдний гэм болж, хуванцар  поошигт айргаа исгэдэг болсон, ус, сүү саалины хувингаас эхлээд  шанага сав нь ч хуванцар  болсон зэргээс харахад л  хуванцарын хэрэглээ ямар байгаа  нь ойлгомжтой. Тэгэхээр  бараг л ээж,  аав шиг нь ижил дасал  болчихоод байгаа эдгээр  хуванцарууд, цэнхэр,  шар савнуудын талаар дахин энд нуршиж, тоо баримт дурдахгүй бол болшгүй нь  ээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тус тус тогтоожээ. Арай л аймшигтай тоо биш гэж үү??? Нэг биш, хоёр  ч биш бүр  10  ч биш стандартаас 800 дахин их хэмжээтэй хар тугалга ууж буй усанд тань шингэсэн байна гээд  төсөөл дөө.  Таны нэг их тоож анзаарахгүй байгаа, хэзээ нэгтээ сонссон ч чихнийхээ хажуугаар  өнгөрөөсөн зориулалтын  бус савнуудын хөнөөл ийм л аж.

Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Харин Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хортой шинж чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсэх эрсдэлтэй юм. Мөн поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна.

Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4,4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна.

Иймийн учир хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, зориулалтын бус савны хор холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүнсний зориулалтын бус савыг ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд хоолойгоо сөөтөл зөвлөж сануулсаар иржээ.

Хуванцар сав,  эдэлгээ сайн даадаг, хөнгөн, үнэ хямд, олдоц ихтэй гээд олон давуу талтай.  Гэхдээ “хуванцар” гэсэн нэг малгайн дор байгаа ч хуванцар  бүрийн найрлага, ашиглалт өөр,  өөр . Халуун зүйл хийж болох, болохгүй, хүнсний зүйл хадгалж болох үгүйг хуванцар  сав бүрийн дор тэмдэглэгээгээр үзүүлсэн байдаг.  Хүйтэн  зүйл  хиийж хадгалахад зүгээр ч халуун зүйл хийхэд хорт хавдар үүсгэх магадлалтай хорт бодис  ялгаруулдаг хуванцар  ч бий. Гэтэл хөдөөний ихэнх айл халуун сүүгээ, цайгаа хуванцар  шанагаар самраад зогсч байдаг нь  хэвийн үзэгдэл болсон. Иймээс хуванцар савны олон улсын тэмдэг, тэмдэглэгээний талаар хэн бүхэн  мэдэж байх нь ёстой цаг болжээ.  1988 онд анх  Хуванцар үйлдвэрлэгчдийн нийгэмлэгээс  хуванцар  савыг дараах байдлаар ангилан кодлосон байдаг.

Эдгээрээс ус,  шингэн хадгалахад тохиромжтой хуванцар  сав нь дараахь тэмдэглэгээтэй ажээ.

 “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай тул нэг удаа хэрэглээд хаях хэрэгтэй. BPA FREE, TRITAN гэсэн бичигтэй “7” тэмдэглэгээтэй бол ус, шингэн хадгалах болохоос гадна халуун хүйтэн зүйл алиныг нь ч хийж ашиглаж болдог байна.

Харин “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүйг анхаараарай.

Дараах хүснэгтээс хуванцар савны олон улсад ашигладаг тэмдэглэгээний тайлбар, хүнсэнд удаан хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл зэргийг  харууллаа.

Эцэст нь дахин сануулахад айл өрх бүр ус хадгалах саваа зориулалтын болгож,   уламжлалт хөнгөн цагаан эсвэл зориулалтын нержи хийцтэй сав сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 2015  онд УБ хот болон 3 аймгийг хамруулан явуулсан судалгаагаар нийт өрхийн 90 хувь нь 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав өдөр тутам хэрэглэдэг гэсэн дүн гарсан  байдаг. Энэ тоо одоог хүртэл тийм ч сонсголонтой хэмжээнд хүрч буурч чадаагүй л  байна.  Тиймээс зориулалтын  бус саваа  яг  өнөөдрөөс хэрэглээнээс гаргаж өөртөө,  эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийгээрэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...