Оюутолгойн төлсөн 229 тэрбумын татвар ба Сү.Батболдын Засгийн газар

Манай улсын Засгийн газраас ажлын хэсэг томилогдож Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Манай улсын Татварын албанаас “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдэж Оюу толгой талаас төлөхийг шахаж шаардсаар ирсэн. Энэхүү актын 350 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулан “Оюу толгой” ХХК Лондоны олон улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэчихсэн яваа.

Гэтэл саявтар манай улсын Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюу толгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг энэ хоёрдугаар сарын 25-ны өдөр манай улсын төсөв рүү төлж эхэлсэн таатай мэдээг Засгийн газраас өглөө. Төсөв хэцүүхэн байгаа энэ үед олзуурхам мэдээ мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ Арбитрын маргаанд хөрөнгө оруулагч тал ялбал Оюу толгой манай талд шилжүүлсэн мөнгөө буцааж авах эрсдэл бас бий. Арбитр дээр Монголын Засгийн газар ялвал мэдээж бид илүү их мөнгийг хөрөнгө оруулагч талаас авч чадна. За энэ ч яахав ерэндолдугаар асуудал, энэ кейсээс хамгийн их олзуурхал төрүүлсэн хоёр шалтгаан анзаарагдсныг онцолмоор санагдаж байна. Нэгдүгээрт Оюу толгойн хэлэлцээр дажгүй өнгөтэй яваа, хөрөнгө оруулагч талын хандлага ойлголцохын төлөө   байна гэсэн мэссэжүүд тод анзаарагдлаа. Хоёрдугаарт Оюу толгой манай улсын татварын байгууллагын тавьсан акттай холбоотойгоор татвараа төлөх болсоны уг суурийг Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар нээж өгсөн түүхтэйг эргэж сануулмаар санагдлаа.

Сү.Батболдын Засгийн газар аль 1990-ээд онд үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж 2012 онд шийдүүлж чадсан юм. Ингэснээр Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх  буюу Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн. Нидерланд, Люксембург зэрэг оронтой аль 1990-ээд он, 2000-аад оны эхээр байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар УИХ-д өргөн барин цуцлуулсан учраас энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах боломж нь бүрдсэн. Түүний Засгийн газар аль 1990-ээд онд үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн учраас өдгөө “Оюу толгой” манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө хийх ёстой болжээ.

Гэхдээ нэг зүйлийг бас онцлох ёстой. 2019 онд Татварын багц хуулийн шинэчилж татварын маргаантай байсан ч гэсэн заавал эхний хэсгээ төлөх заалт хуульд орсноор энэ олон зуун тэрбум төгрөг өнөөдөр улсын төсөвт орж байна. Тэгэхээр аль 2012 онд татварын цоорхойг Сү.Батболдын Засгийн газар санаачлан УИХ шийдэж, тэрний дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар татварын акт бичиж татвар нэмж авах шаардлага дэвшүүлж, Татварын хуульд нэмэлт оруулж 2019 оноос мөрдүүлж, Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн ажлын хэсгийн ахлагчийн хувьд хатуу байр суурьтай байж Ерөнхий сайдын хувьд дахин дахин шаардлага тавьсны үр дүнд энэ асуудал шийдэгдэж эхлэж байна.

Үүнийг бодлогын залгамж чанар, зарчмын байр суурь гэдэг. 10 шахам жилийн өмнө босгож тавьсан асуудлаа шийдүүлж чадаж байсан түүх Монголд ховор. Өнөөдрийн энэ татварын төлбөрийн эхний хэсэг бол зүгээр нэг татварын маргаан гэхээсээ Монгол төрийн ой санамж, залгамж чанар хадгалагдаж ирсээр байгаагийн нэг тод жишээ.

Харин хамгийн нэг хачирхалтай зүйл гэвэл Оюу Толгойгоос нэмж татвар авах санаачилга гаргасан Сү.Батболдыг яг энэ асуудлаар нь буруутгаж, хэвлэлээр дайрч, Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл Нийслэлийн прокурорын орлогч үүсгээд байгаа. Монгол улсын авах ёстой татварыг нь Рио Тинто-д өгсөн давуу тал байсан гээд нөгөө алдарт гадаадад ил болсон шүүхийн материалдаа бичсэн байгааг нь монголчууд олж харсан. Өөрөөр хэлбэл, энэ татварыг нэмэх ёсгүй байсан гэж үзэж Сү.Батболдыг буруутгаж байна. Монголын татвар нэмэх нь төлж байгаа талдаа давуу тал болдог зүүдэнд оромгүй гайхалтай зүйл өнөөдөр яг Монгол улсад өрнөж байна.

Дахиад хэлэхэд Оюу толгой татварын өр гэж хэдэн зуун тэрбумаар нь төсөвт оруулж байгаагийн цаад ач гавьяа нь Сү.Батболдын Засгийн газартай холбоотой учраас баяр хүргэх ёстой гээд байна л даа. Мөн 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар гэрээнд нэмэлт оруулж 34 хувьд ноогдох зээлийн хүү 9.9 хувийг 6.5 хувь болгон бууруулж чадсан юм. Монголын талд төлөх ёстой татвараа нэмүүлээд, Монголын талаас авах ёстой зээлийн хүүгээ багасгаж хэдэн зуун сая, цаашлаад тэрбум долларын алдагдалд орсон Рио Тинто яаж ч бодсон Сү.Батболдод талархаад байхгүй гэдгийг захын хүн ойлгоно.

Бодит байдал дээр харин ч Сү.Батболд Оюутолгойн гэрээн дээр Монгол Улсыг ашигтай байлгаж чадсан гавьяатай улстөрч юм.  Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлэн төлөх хүүг бууруулж байсныг улстөрчид дурсах дургүй байж мэдэх ч эдийн засагчид бол онцлон жишээлдэг. Монголын талд ашигтай шийдвэр гаргаж чадсанд нь өнөөдөр түүнд алга ташин баяр хүргэх  ёстой юм, уг нь.

Эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөг Монгол улсын төсөвт орж ирсэн нь сайн хэрэг. Хуулийн дагуу маргаантай ч гэсэн төлөх ёстой учраас Рио Тинто хийх ёстой эхний төлбөрөө хийж эхэллээ. Харин үлдээд байгаа бараг 770 тэрбум төгрөг, цаашилбал 1 тэрбум шахам долларыг Лондонгийн Арбитрын шүүхээр эцэслэн шийдүүлж байж авахаас өөр арга байхгүй. Энэ бол олон улсын гэрээ хэлэлцээрийн жам ёсоор шийдэгдэх асуудал.

Хамгийн ноцтой нь үлдээд байгаа энэ их татварыг Монгол Улсын Засгийн газрын өмнөөс шүүхээр хөөцөлдөж олж өгөх ёстой гадаадын хуулийн компани Кинг энд Спалдинг нь энэ татварыг Рио Тинто-д өгсөн давуу тал хэмээн Нийслэлийн Прокурорын орлогчийн даалгавраар гадаадын шүүхэд Сү.Батболдыг буруутгаж яваа нь ил болсон. Тэгэхээр татвар авах ёстой гэж ажиллах ёстой хуульч нь татвараа нөгөө талд өгсөн давуу тал юм гээд байхаар авч чадах уу? Энэ асуултын хариултыг Лондонгийн Арбитр болон түүнд Монгол улсын Засгийн газрын төлөөлж буй Кингс энд Спалдинг хуулийн компанийн ажлын үр дүнгээс л харах үлдэж дээ.

Ямартай ч Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюу толгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуй нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэллээ.

ТЕГ-аас “Оюу толгой” ХХК-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Актын хүрээнд 230 тэрбум төгрөг Төрийн санд энэ хоёрдугаар сарын 25-ны өдөр орж ирсэн бол энэ долоо хоногоос хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирэхээр болж байна хэмээн Засгийн газраас мэдээлж байна. Энэ боломжийг С.Батболдын Засгийн газар олгосон гэдгийг ахиад нэг давтчихъя.

УИХ-ын гишүүн Сү.Батболд саяхан хэвлэлд Миний хамаарал бүхий компаниуд хуулийн дагуу ажилладаггарчигтайгаар ярилцлага аль 2 дугаар сарын 25-нд өгсөн харагдана лээ.  Түүний ярилцлагаас Оюу толгойтой холбоотой асуудалд өгсөн зарим хариултаас хэрэг болгож хүргэе гэж бодоод тоймлолоо. Түүний хариултууд таны эргэлзэж суугаа олон асуултад хариу өгөх байх аа.

С.Батболд: -Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай 2002 он бүр тэрнээс ч өмнө байгуулсан байсан давхар татварын хэлэлцээрүүдийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр манай улстай давхар татварын хэлэлцээртэй тухайн улсуудад төвтэй буюу бүртгэлтэй уг төслийн оролцогчдын татвараас чөлөөлөгдөх нөхцөл үгүй болж, Оюу толгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн.

С.Батболд: -Миний тэргүүлсэн Засгийн газар 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг Оюу толгойн гэрээнд оруулж, Монголын тал олон зуун сая ам.долларын хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн. 9.9 байсан хүүг 6.5 болтол бараг 30 хувиар бууруулах нь Монголын талд ашигтай гэдгийг ойлгож ядах юмгүй.

С.Батболд: -Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгаа. Манай Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэн учраас л Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн байгаа.

С.Батболд: -Сүүлийн үед нэр бүхий этгээдүүд Оюу толгойн асуудалд бусдад давуу тал үүсгэсэн, Эрдэнэтэд хохиролтой гэрээ хийсэн гэх мэт ор үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй нэхэмжлэлийг дотоодын шүүхэд нэхэмжлэгч, хүсэлт гаргагчгүйгээр хууль зөрчин үүсгүүлж, энэ бусармаг үйлдэлдээ гадаадын хувийн мөрдөгч, хуулийн компани, шүүхийг ашиглаж байгаа нь тодорхой боллоо.

С.Батболд: -Ц.Насанбат прокурор хэвлэлд өгсөн ярилцлагадаа намайг Оюутолгойд татвар, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, давуу байдал үүсгэсэн гэж бүдэг бадаг ярьсан байна лээ. Харин гадаадын шүүхэд өгсөн материалууддаа “С.Батболд нь Оюу толгойн хүүг бууруулсан, татварыг нь бууруулсан, хариуд элдэв юм авсан” гэж цагаан дээр хараар гүтгэсэн байдаг.

С.Батболд: Хачирхалтай нь Лондонгийн Арбитрын хэрэгт Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа хуулийн компани нь Ц.Насанбат прокурорын даалгавраар гадаадын шүүхэд яваад байгаа нөгөө “Кинг энд Спалдинг” компани юм байна гэдгийг Хууль зүйн сайдын УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс нь би ойлгосон. Тэгэхээр энэ компани нь хэн, хэзээ энэ татварын цоорхойг хаасан, яагаад Монголын Засгийн газар энэ татварыг авах эрх нь үүсээд байгааг маш сайн ойлгож байх учиртай. Энэ татварыг яагаад Монголын талын авах ёстой мөнгө гэж үзэхгүй харин ч бүр нөгөө талд олгосон давуу тал гэж байгаа юм бол? Тэд хэний талд ажиллаад байгаа нь ойлгомжгүй байна. Монголын талд юм уу? Рио Тинтогийн талд юм уу?

С.Батболд: -Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлснийг минь Монголын талд ашигтай болохыг хэн ч ойлгоно. Харин Ц.Насанбат прокурор ийм энгийн зүйлийг ойлгохоос санаатайгаар зайлсхийж, Монголын талд ашигтай шийдвэрүүд нь буруу гэж үгүйсгэж байгаа нь гайхал төрүүлж байна.

Н.ГАНАА

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...