Ковидын араас шатахууны үнийн өсөлт, хомсдол хаалга тогшиж эхэллээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болоод эдийн засаг нуман тулгуурт орсон. Засгийн газраас эдийн засгаа мэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байгаа ч зарим салбар үүнийг хүлээж тэсэхгүй хямарч эхэлжээ.

Уг нь Ковид-19 гарсантай холбоотойгоор газрын тосны эрэлт буурч, үнэ нь 50 гаруй хувиар унаж дээд амжилт тогтоосон. Үүнтэй зэрэгцээд Монголд импортлогч компаниуд бүх төрлийн шатахууны үнийг гурван удаа хямдруулж, АИ-92-ыг 475, дизелийн түлшийг дээд тал нь 590 төгрөгөөр бууруулсан байдаг. Цар тахалтай, хөл хориотой, бизнесүүд хаалттай үед үнийн энэ хямдрал олон хүний амьдралд ач тусаа өгсөн.

Гэтэл ОПЕК-ийн гишүүн орнууд 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн нефтийн нэг өдрийн олборлолтоо 11 сая баррелиар бууруулах шийдвэр гаргаснаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ эргээд өсөж эхэлсэн юм. Сингапурын бирж дээр 22 ам.доллар байсан нефтийн үнэ өдгөө 70 доллар болж нэмэгджээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор үнийн өсөлт цаашид ч үргэлжилж 2021 оны 5-р сар гэхэд 78 ам.доллар хүрэх хандлагатай байгаа ажээ.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголыг тойрохгүй дайрах нь хэнд ч ойлгомжтой. Шатахуун импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах гэрээ 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болжээ. АИ-92 төрлийн шатахууныг литр тутамд эхний гурван сарын байдлаар хамгийн ихдээ 350 төгрөгийн алдагдалтай үнээр борлуулж байгаа нь энэ салбарын аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулжээ. Монголчуудын шатахуун авдаг гол “крант” гэгддэг ОХУ-д литр шатахуун 1700 гаруй төгрөгөөр борлуулагдаж байгаа нь энэ алдагдал бодитой гэдгийг илүү тодотгож өгнө.

Хэрэв шатахууны үнийг төрөөс хүчээр барьсан хэвээр, аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажилласаар байвал литр шатахууны үнэ 1000 орчим төгрөгөөр огцом нэмэгдэх, бас дээрээс нь шатахууны хомсдол нүүрлэх бодит аюул хаалга тогшиж эхэлжээ. Энэ тохиолдолд инфляцын төвшин хяналтаас гарч, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, угаасаа орлогогүй байгаа хүмүүсийн амьдралд ковидоос ч дутахааргүй том хохирол учруулна. 2020 онд төгрөгийн эсрэг долларын ханш 4.2 хувиар чангарсан нь нэрмээс болж байна.

Төрөөс шатахууны үнийг хүчээр барих бодлогоо эргэн харж, дэлхийн зах зээл дээрх өөрчлөлтүүдэд тохирсон, аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгч гээд аль алийг нь хохироохгүй оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол дэлхийн зах зээлээс үүдэлтэй үнийн савлагаа Монголын зах зээлийг ширвээд өнгөрөх бодит аюул хаалга тогшиж эхэллээ.

Т.Наран       

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ