Б.Төрмөнх: Хүүхдэд зориулсан “Монголын нууц товчоо”-нд монголчуудын үнэт зүйлийг тусгахыг зорьсон

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн “Жангар” редакцын ахлах зураач, уран сайхны редактор Б.Төрмөнхтэй ярилцлаа.

-“Жангар” редакцын дараагийн цуврал ямар бүтээл байх бол гэж хүүхэд багачууд хүлээдэг болчихжээ. Тэдэнд дуулгах сайхан мэдээ юу байна вэ?

-“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц одоогоор 400 гаруй ном эрхлэн гаргаад байна. Тэр дундаас онцолбол монгол ардын аман зохиол, үлгэр домог, өв соёлын номууд олныг хэвлэжээ. Сүүлийн жилүүдэд монгол үлгэр домог, соёлын үнэт өв болсон зохиол бүтээлүүдийг хүүхдэд зориулсан хэлбэрээр шинэчлэн найруулж гаргаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд манай редакцаас

“ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛ” ЦУВРАЛ ГАРГАЖ ЭХЛЭЭД БАЙНА. ЭНЭ ЦУВРАЛ МААНЬ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-ГООР ЭХЭЛСЭН. ОДОО ГЭСЭРИЙН ТУУЖИЙГ ХИЙЖ БАЙНА. ӨМНӨ НЬ МАНАЙХ ЖАНГАР, ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙН ТУУЛИЙГ ГАРГАСАН. МӨН “ЭРИЙН САЙН ХАН ХАРАНГУЙ” ТУУЛИЙГ ХЭВЛЭСЭН.

Энэ бүх бүтээлүүд хүүхдэд зориулсан, маш энгийн, ойлгомжтой, уншихад хүнд үг хэллэггүйгээрээ онцлог. Бидний хувьд хүүхэд аливаа зохиолын хөнгөн хялбаршуулсан хэлбэрийг уншиж агуулгыг ойлгочихоод лавшруулан сонгодог эхийг нь унших ёстой гэсэн бодлого барьж байгаа. Энэ хүрээнд “Эртний уран зохиол” төслийг эхлүүлээд одоогоор таван ном хийгээд байна. “Монгол үлгэр” зурагт номын төслийг мөн хэрэгжүүлж байгаа. Энэ төслөөрөө монгол ардын үлгэр, домог үлгэр, аман зохиолуудыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж шинэчлэн найруулж, дахиж хүүрнэн өгүүлж, өөрөөр хэлбэл шинэ зохиолтой зурагт ном болгож байгаа юм. Энэ төслийн хүрээнд 2020 онд есөн ном гаргасан. Ирэх онд мөн энэ тооны ном гаргана гэж төлөвлөөд байна.

-“Монголын нууц товчоо”-ны зураг чимэглэл үнэхээр өвөрмөц содон болжээ. Түүх, уран зохиолын энэ дурсгалт бичгийг хүүхдэд зориулан  хялбаршуулж, зураг чимэглэл хийнэ гэдэг багагүй хөдөлмөр шаардсан ажил байх?

-“Монголын нууц товчоо”-г сонгодог эхээр нь уншихад хүүхэд, залуучууд ойлгоход маш хүнд. Тиймээс тэд энэ зохиолыг улсын шалгалтандаа зориулж, дүн авах гэж цээжилж тогтоох маягаар л уншдаг. Ерөнхий боловсролын сургуулийн болон их, дээд сургуулиудын хичээлийн программд энэ хэвээрээ яваад байгаа юм. Монголчуудын хувьд өв соёлдоо маш их хайртай ард түмэн гэдэг боловч уран зохиол, аман зохиолын үнэт өв, дурсгалаа ингэж цээжилж тогтоох төдийхнөөр яваад байх юм бол харамсалтай. Тухайлбал, ийм байдлаар “Монголын нууц товчоо”-ны үндсэн үзэл санаа, хэлэх гэж байгаа агуулгыг хүлээж авч чадахгүй. Тийм учраас сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залуучид “Монголын нууц товчоо”-г маш энгийнээр эхэлж уншчихаад дараа нь ойлголтоо лавшруулаад үндсэн эхийг нь уншаад яваасай гэсэн үүднээс энэ бүтээлийг хийсэн. Зохиолыг нь дахин шинэчилж гаргасан.

-Зургийг нь та өөрөө зурсан байх аа?

-Тийм. “Монголын нууц товчоо”-ны зургийг хоёр жил хэртэй зурлаа. Нийт 60 гаруй зураг чимэглэлтэй ном болсон. Чадах чинээгээрээ судалгаа хийж, маш их цаг зав зарцуулж хийсэн.

-“Монголын нууц товчоо”-гоор өмнө нь ингэж иж бүрэн зурагтай ном  гараагүй болов уу. Миний мэдэхийн Т.Мандир гуайн “Цэнхэр горхины өглөө” л байна?

-Ховор байх аа. “Монголын нууц товчоо”-г зурагжуулж хийсэн бүтээл гэвэл С.Төрбурам ахын хайчилбар зураг л байна. Тэр хайчилбар зургууд бол монголчуудын хамгийн сайн мэддэг түгээмэл эхийн чимэглэл.

-“Жангар”-ын хэвлэсэн “Монголын нууц товчоо” бол хүүхдүүдэд зориулагдсан, өнгөт зургуудтай гэдгээрээ мэдэж ялгарах байх. Энэ их хөлгөн туульсын өгүүлэмжийг нь хэрхэн товчилж, хялбаршуулав?

-ЕР НЬ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ЯНЗ ЯНЗААР Л ХИЙЖ БАЙГАА. МАНАЙ “ЖАНГАР” РЕДАКЦААС ГАРГАСАН “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ОНЦЛОГ ГЭВЭЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН, МАШ ОЙЛГОМЖТОЙ ХЭЛБЭРЭЭР НАЙРУУЛСАН. ҮҮН ДЭЭР “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НД ШИНГЭСЭН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ГАРГАЖ ИРЭХИЙГ ЗОРЬСОН. НАЙЗ НӨХӨД ГЭЖ ЮУ ЮМ, АНДГАЙ ТАНГАРАГ ГЭЖ ЮУ ЮМ, ХАЙР ЭНЭРЭЛ, АЛСЫН ХАРАА ГЭЖ ЮУ ЮМ ГЭХ МЭТ МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ УНШИГЧ ХҮҮХДҮҮДЭД ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛГОЖ ӨГӨХ ГЭЖ ЭНЭ АЖЛЫГ ХИЙСЭН.

-Гэсэр туужийг мөн зурагт ном болгож байгаа гэсэн. Энэ бүтээл бяцхан уншигчдадаа хэзээ хүрэх вэ?

-Гэсэрийн туужийн зураг чимэглэлийн ажил ид явж байгаа. Ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Гэсэрийн туужид дээрхтэй мөн адилхан, үнэт зүйлүүдийг нь онцолж, энэ зохиолоос хүүхэд багачууд юу авч болох вэ, эн тэрүүнд юуг ойлгох ёстой вэ гэдгийг илүү чухалчилж, гол зорилгоо болгож байгаа.

Манай редакц бас Жангарын туулийг хэвлэн гаргасан. Ингэхдээ Жангарын туулийн үндсэн эхийг хөндөлгүй үгийн тайлбар, зүүлтийг оруулж, өмнө нь хэвлэж байсан бусад зохиолоос арай өөрөөр хийсэн. Жангар бол тэр чигээрээ үнэт өв, соёл. Ийм бүтээлийг заавал товчилж хялбар амархан болгоно гэхээс илүү үндсэн эхийнх нь ойлгомжгүй үг, хэллэгт нь тайлбар, зүүлт хийж, хүүхдэд зориулсан зураг, чимэглэлтэйгээр хэвлэсэн.

-Танай редакц монгол ардыг үлгэрүүдийг цувралаар зурагт ном хэлбэрээр гаргаж байгаа. Үлгэрийн сонголтыг хэрхэн хийдэг вэ?

-Монгол ардын үлгэрийг хүүхдүүдэд хүргэх “Монгол үлгэр” зурагт номын төслийг хэрэгжүүлж байгаа. Монгол үлгэр гэхээр “Болдоггүй бор өвгөн”, “Царцаа Намжил” гэдэг шиг биш үндсэн домогт байгаа монголчуудын орчлон хорвоог таньж мэдсэн ойлголт дээр тулгуурлан нар, сар, рахын домог яагаад яригдах болсон, түүнд ямар үнэт зүйл шингэсэн бэ гэдгийг л эрэлхийлж зохиолын сонголтуудаа хийсэн. Гэхдээ мэдээж сарны тухай домог үлгэрт энэрэл хайрын тухай, Хараацай, хэдгэнэ хоёрын үлгэрт итгэлийн тухай гэдэг ч юм уу, Бэтгэлжин бор шувууны үлгэрт ач тусын тухай, Заан, оготно хоёрын үлгэрт бусдыг хүндэтгэхийн тухай, Тэнгэрийн охин үлгэрт хайрын тухай гэх мэт хүнд байх ёстой үнэт зүйлүүдийг л ойлгуулах зорилгоор үлгэрийн сонголтоо хийж байгаа.

-“Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг хялбаршуулан хэвлэжээ. Цаашид дэлхийн сонгодог зохиол, олон үндэстний үлгэрүүдийг хэвлэх үү?

-Ийм цуврал үргэлжилнэ. Дэлхийн сонгодог зохиолууд, Европын домог үлгэр, аман зохиол, эртний уран зохиолыг хэвлэхээр төлөвлөсөн. Европын үлгэрүүд сонгогдчихсон байгаа. Азийн уран зохиолууд ч сонгогдчихсон. Хэвлэлтэд бэлтгэх эхний ажлуудаа хийж байна.

-“Жангар” редакцын 2021 оны төлөвлөгөө гарсан уу?

-Гэсэрийн туужаа хэвлэнэ. 2021 онд бидний хийх гол ажил гэвэл танин мэдэхүйн номууд эрхлэн гаргана. Монголчууд өөрсдөө бүтээсэн танин мэдэхүйн номууд маш цөөхөн байна. Тиймээс энэ орон зайг нөхөх номууд хийнэ. Монгол хүүхдэд зориулсан, ургамлыг таних тухай, хүнийг таних тухай гэдэг ч юм уу. Мөн хөргийн номууд хийх төлөвлөгөө бий. Жишээ нь Занабазарын тухай, Норовбанзад гуайн тухай хөрөг дээр тулгуурлан ажил мэргэжил, амьдралынх нь мөн чанарыг хөргөөр дамжуулж гаргах тийм номууд хийхээр төлөвлөөд явж байгаа.

Манай редакц мөн “DK” хэвлэлийн газрын номуудыг албан ёсны эрхтэйгээр хэвлэдэг. Эдний номууд маш өргөн мэдээлэл, мэдлэгийг хүүхдэд өгдөг. Асар том судалгааны баг цаана нь ажилладаг юм билээ. “DK”-гийн нэлээд номынх нь эрхийг авч хэвлэхээр ажиллаж байгаа.

-Монгол өв, уламжлалыг бага насны хүүхдэд таниулах номуудаа үргэлжлүүлэх үү?

-Танин мэдэхүйн номуудыг “Яагаад” цувралаараа дамжуулан гаргадаг. Ургамлын аймаг, амьтны аймаг, малчны хот,  дөрвөн улирал гэх мэт танин мэдэхүйн цувралууд гаргасан. Одоо “Эх орон” гэдэг цуврал хийгдэж байна. Эх орон гэдэг зүйлийг хүүхэд хэрхэн ойлгох вэ. Ер нь боловсрол гэдэг бол эргэн тойронд байгаа бүхий л зүйлийг таньж мэдэх, цаашид хөгжиж дэвших тухай асуудал гэж манай редакцын зүгээс үзэж байгаа. Тийм учраас “Эх орон” цувралыг нэлээд даацтай, олон цуврал бүтээл болгохоор зорьж ажиллаж байгаа.

-Хүүхдийн номын онцлог нь агуулгаа илэрхийлсэн зургууд. Тиймээс танай редакцын зураачид гол үүрэгтэй хүмүүс байж таарна. Хэчнээр уран бүтээлч ажилладаг вэ?

-Монголд хүүхдийн номын зураач мэргэжлээр төгсгөдөг их, дээд сургууль алга. Тиймээс гадаадын улс орнуудад уран бүтээлийн судалгаа, сургалтад хамруулах гэх мэтээр зураачдаа хөгжүүлэхэд анхаардаг. Үндсэндээ туршлага, эрэл хайгуул дээр тулгуурласан ажлуудыг зохион байгуулж байгаа. Одоогоор манай редакцад гэрээт найман зураач тогтвортой ажиллаж байна. 2018 онд бид СУИС-тай ярьж зөвшилцсөний үндсэн дээр номын зургийн анги нээсэн. Тэр ангидаа тулгуурлаж сургалт зохион байгуулж байгаа.

Өв, соёлын хувьд бидэнд нэг асуудал тулгардаг. Тэр нь яахаараа монгол ардын үлгэрүүд, дэлхийн сонгодог зохиолуудыг танайх зохиогч гэсэн нэртэйгээр гаргадаг юм, яагаад хялбаршуулж хэвлээд байгаа юм бэ гэдэг. Аливаа зохиол маш ойлгомжтойгоос эхэлж цаашаа шат ахиж, хүндэрч байж хүнд үндсэн эхээрээ хүрдэг. Тиймээс дахиж хүүрнэн өгүүлэх хэрэгцээ бий. Хэдэн зууны өмнөх монгол өв уламжлалаараа амьдрах боломж бололцоо өнөөгийн нийгэмд байхгүй. Тийм учраас эхний удаад тэнд шингэж байгаа гол агуулга юу юм бэ, ямар үнэт зүйл шингэсэн юм, тэр нь цаашаа яаж өв, соёлыг хөгжүүлж, хэрэглэгдэж явах ёстой юм бэ гэдэг дээр бодлого барьж байгаа учраас монгол ардын үлгэр, эртний уран зохиолуудыг шинэчилсэн найруулгаар дахин хийж байгаа юм.

1 сэтгэгдэл

  1. В то время, когда мне требуется помощь я в любой момент обращаюсь к Вашей газете. Её тексты предоставляют для меня силы возобновить новый день вместе с надеждой в свои возможности

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...