Шинэ намын дарга 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсоноосоо хойш нам жим байв. Гэтэл мягмар гарагт тэрбээр гэнэт гарч ирэн 6-р сард болсон УИХ-ын сонгуулиар нэр бүхий 30 гаруй хүний саналыг луйвардсан, хакердсан хэмээн хоолойгоо шахан ярьж эхлэв. Түүнд сэдэв л гарвал шоудах арга ухаанаа сүрхий эзэмшсэн улстөрч л дөө. Үнэн, худал нь түүнд пад ч байхгүй. Ж.Батзандан юуны учир өнгөрсөн сонгуулийг дахин хөндөж, ярьж эхлэв гэдгийг маш сайн анхаарах учиртай.
Сонгууль бол өрсөлдөөн. Нэг нь ялахад нөгөө нь ялагддаг зүй тогтолтой. Өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод үймээн самуун, дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн гардаг. Монгол Улс ч 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ гашуун зовлонг амсаж, 5 хүний алтан амь эрсэдсэн түүхтэй. Долоодугаар сарын 1-ний үймээн самууныг турхирагчдын нэг бол одоогийн Шинэ намын дарга Ж.Батзандан өөрөө мөн. Ж.Батзандан сонгуулийн үр дүн ярьж эхлэхээрээ л үймээн самуун далладаг.
Шинэ намынхан санал авах төхөөрөмж буюу хар машиныг үгүйсгэжээ. Гэтэл Ж.Батзандан өөрөө 2016 онд УИХ-ын гишүүн болохдоо өнөөх хар машины гаргасан үр дүнгээр л сонгогдсон. Өөрөө сонгуульд ялахаар хар машиныг шүтэж, ялагдахаараа үгүйсгэдэг байж болохгүй л дээ. Үүн шиг инээдтэй, бас эмгэнэлтэй зүйл байхгүй. Төлөвшөөгүй улстөрчийн бодлогогүй алхам хүний алтан амиар хэмжигддэгийг долоодугаар сарын 1-ний үйл явдал хангалттай харуулсан.
Сонгуулиар булхай луйвар огт гардаггүй гэж хэлэхгүй. Гэхдээ сонгогчдын саналыг хакердсан гэдэг эргэлзээтэй. Учир нь Тагнуулын ерөнхий газрынхан, цагдаагийнхан, Кибер аюулгүй байдлын албаныхан нүд цавчилгүй хянаж байдаг тогтолцоотой. Хэрэв эргэлзээ, сэжиг байгаа бол улстөрчид биш тусгай албад энэ тухай ярьдаг щ, хөнддөг байх учиртай. Чөлөөт сонгууль бол ардчиллын баталгаа. Тийм учраас олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлсэн улстөрчдийн ийм үйлдлийг газар авахуулж хэрхэвч боломгүй.