Парламентын дарга нар цахимаар чуулж байна

Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Монголын цагаар өчигдрийн 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх  байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар оролцлоо.

Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа “COVID-19” цар тахал, цаг агаарын болон эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээнд олон улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүд, мэргэжилтнүүд, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч уригджээ. Парламентын тэргүүн нарын чуулга уулзалтыг 5 жил тутамд нэг удаа НҮБ-тай хамтран зохион байгуулдаг юм.

“Хүн төрөлхтний тусын тулд энх тайван ба тогтвортой хөгжлийг хангах илүү үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааны төлөө” сэдвийн хүрээнд Австри улсын Вена хотод зохиогдохоор төлөвлөгдсөн албан ёсны чуулга уулзалт “COVID-19” цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон билээ. Тиймээс цар тахал болон дэлхийн засаглал, тогтвортой эдийн засаг ба цаг уурын онцгой байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар парламентуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Спикерүүд ийнхүү анх удаагаа цахим хэлбэрээр хуралдаж байгаа юм.

Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бүгдийн сайн сайхны төлөө, бүгдэд шударга ёсыг хүртээх хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд үндсэн илтгэгчээр оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинэ УИХ-ын бүрэлдэхүүн элэг бүтэн байсангүй

Ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их...