Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ долоо хоногт Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр 230 мянган ахмад настан тэтгэврийн зээлээс нэг удаа чөлөөлөгдөнө. Тэтгэврийн зээлийг чөлөөлөхөд 776 тэрбум төгрөг зарцуулна. Харин тэтгэврийн зээлгүй ахмад настнуудад нэг сая төгрөгийн ваучер болгохоор болов. Гэхдээ энэ эрхийн бичгийг 2021 оны тавдугаар сараас эхлэн олгоно гэсэн амлалттай.
Эдийн засагчид эсэргүүцэж, ахмадуудаа алагчилсан, тэгш байх зарчмыг зөрчсөнийг сануулсаар байтал УИХ яаралтай горимоор Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлав. Улс төрийн зарим нам ахмадуудыг зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлахгүй байхыг шаардаж жагсаал цуглан зохион байгуулж амжсан.
УИХ шийдвэрээ гаргасны дараа Улаанбаатар дахь Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Жефф Готтлиб Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС -тай хийсэн гэрээгээ зөрчлөө гэж мэдэгдлээ. “Саарал жагсаалт”-д ороод сандруухан байгаа манай улсын хувьд ирээдүйд олох орлогоо урьдын адил гарын салаагаар цацах шийдвэрийн гороор ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зогсох эрсдэлийг даллаж эхэллээ.
Монгол Улс 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, түүхий эдийн экспортын орлого буурснаас төгрөгийн ханш унаж, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор 5.5 тэрбум ам.долларын багц саналыг ОУВС болон бусад түншүүдэд гаргасан. Энэ саналын хүрээнд Монгол Улсын Засгийн газар зарлагаа бууруулж, татварыг нэмэхээр тохиролцон, төсвийн шинэчлэл хийн сахилга батыг сахиулан, банк санхүүгийн салбарт тавих хяналтаа сайжруулах амлалт өгсөн билээ.
ОУВС цаашид Монгол Улсад хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, “Саарал жагсаалт”-аас “Хар жагсаалт” руу орох вий гэсэн айдас хүйдэстэй өдрүүд одоо л эхэлж байна. УИХ-ын 75 гишүүн сурсан зангаараа Сангийн сайдын дүрд хувилж 776 тэрбум төгрөгөөр хадмадуудын зээлийг тэглэх хуулийг сонгуулийн жил гарсныг сануулан ийн батлав. Тэтгэврийн зээлгүй зарим ахмад настан Монголын төр илтэд ялгаварласан бодлого гаргаж байгаад гомдолтой байгаагаа хэлэхэд зээлгүйдээ бачимдаж нулимс унагалаа гэх зэргээр нийтээрээ шоолж бах таваа хангацгаав.
Хачирхалтай нь сар шинийн өмнө ахмад настнуудаас оноо авах гэсэн улстөрчдийн популист шинжтэй үйлдлийг Монголбанк идэвхтэй дэмжсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахмад наснтнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гарах тухай мэдээлэл задарч, 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гарсан гэх санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсныг хэлж анхааруулсан ч хууль хяналтынхан нүдэн балай чихэн дүлий суусаар байна.
Б.ТҮВШИН