УИХ-ын дугуй танхимд төсвийн хэлэлцүүлэг “Чимээгүй” команд өгчихсөн юм шиг намуухан өрнөж байсан түүх байхгүй. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ хэлэлцэн хуульчилдаг. Төсөв батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг учраас гишүүд эсэргүүцэх, шүүмжлэх, зарчмын зөрүүтэй санал гаргаж өөрчлөх бүрэн эрхтэй. Хуулиар тусгайлан олгосон энэхүү эрхээ эдэлснийх нь төлөө УИХ-ын гишүүдийг буруутгах, муучлах нь өөрөө буруу зүй тогтол. Харин төсөвтэй холбоотойгоор хэлж буй шүүмжлэл нь эрүүл үү, эсвэл ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй юү гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд анхааралтай ажиглаж, ялгаж салгаж ойлгох нь нэн чухал. Шударга дүртэй болгон эх оронч байдаггүйг Монголын шинэ үеийн улс төрийн 34 жил бидэнд хангалттай ойлгуулсан.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон парламент анхны төсвөө хэлэлцэж байна. Хэлэлцүүлгээс харж байхад 126 гишүүнийг дотор нь 3 ангилж болмоор анзаарагдсан. Нэгдүгээрт, учраа мэдэхгүй ногооноороо байгаа “памперс-тай хэсэг. Хоёрдугаарт, асуудалд эрүүл саруулаар хандаж, төсвийн төслийг чамбайруулахаар зүтгэж буй хэсэг. Гуравдугаарт, дүйвээнийг далимдуулан сонгогдсон тойрогтоо, хувийн бизнестээ “нус нааж”, хожоо гаргах гэсэн хэсэг. “Нус наах”-аар чичирч, элдэв хор хутгаж байгаа гишүүд хамгийн хортой. Тэд бол шинэ парламентын хуучин популистууд юм. Улсын төсөв бол нийгмийн оролцогч талуудын бүгдийнх нь хүслийг хангагч байх боломжгүй. Гэхдээ шинэ парламентад шургалсан популистуудын хорт ажиллагааг эрүүл шүүмжлэлээс ялгаж салгаж ойлгохгүй бол хойшид гарах уршиг нь их.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвөөс тойрогтоо мөнгө хуваарилахыг илтэд лоббидож яваа. Ер нь иймэрхүү явцгүй аргаар улс төрд олон жил утаа май тавьж явааг нь хэлэх ёстой. Гишүүдийн тойрогт мөнгө хуваарилна гэдэг улс төрийн шууд авлига гэдгийг одоо монголчууд мэддэг болсон. Тийм болохоор шинэ парламентыг хуучны популизмаар ингэж хордуулж боломгүй. Г.Тэмүүлэн гэдэг гишүүн хэд хэдэн удаа сонгогдсон хэрнээ энэ УИХ-д гэнэт хэлд орсон нь гайхмаар. МАН-ын хунтайж нарын нэг гэгддэг тэрбээр албан тушаалд угсаа залгамжлуулан суулгасангүй гээд баахан ууртай явдаг болохоос төсвийн шинэчлэл, үр ашигтай хөрөнгө оруулалтын тухай өмнөх хоёр удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ манлайлж болох л байсан. Даанч тэр цагаа амандаа ус балгасан мэт суусаар дуусгасан даа. Шинэ парламентын хуучин популистуудын жагсаалтыг энэ хоёр эрхэм одоогоор өнгөлж яваа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан шарк Д.Энхтүвшин шинэ парламентын итгэл найдваруудын нэг яахын аргагүй мөн. Бизнесийн орчин, татварын тогтолцоо, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд түүний манлайлал чухал үүрэгтэй. Гэвч МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон тэрбээр “Би МАН-ын гишүүн биш” гэж хэлээд олон хүний нүдийг бүлтийлгэв. МАН-аас нэр дэвшсэн гэдгээ мань эр мэдээгүй байна гэж юу байх вэ. Худал мэлзэж, богино зайн улс төр хийх ямар шаардлага байсан юм бол. Түүнийг МАН-д аль эрт элссэн баримтыг “Шилэн” гэгддэг Цогоо олон нийтийн сүлжээнд дэлгэчихсэн. Цогоо бол шинэ парламентаас “Тоосго сугалах” аргаар ганц нэг гишүүнийг эргүүлэн татаж, жагсаалтад хамар таслуулсан найзуудыгаа оруулж ирэх улс төр хийж байгааг хүмүүс гадарласан байх. Хамтарсан Засгийг хамгийн ихээр жигшиж буй нь ч үүнтэй холбоотой.
Жудагийн Баярмаа гээд тун боломжийн гишүүнтэй болжээ гэж гол усаар нэг шуугиж байна. Анх удаа сонгогдсон гэхэд ногооноороо байгаа “Памперстай гишүүд”-ээс эрс ялгарч, хуулийн хэлэлцүүлгийн үеэр авууүтай санал, шийдэл хэлж байгаа учраас бусдаасаа эрхгүй ялгарч байгаа нь үнэн. Гэхдээ хий нь бүрэн гараагүй байхдаа популистуудын олз болчихвол ганган эхэлсэн улс төрийн замнал нь бараг дуусчих эрсдэл харагдаад байна. “Женко” Х.Баттулгыг өр тэглэе, мөнгө тараая гэх мэтээр эдийн засгийнхаа эсрэг юм ярихад дэмжсэн атлаа 2025 оны төсөв дээр шал өөр юм ярьж, хоёр нүүр гаргаж байгааг парлмаентын туршлагатай сэтгүүлчид олоод харчихалгүй яах вэ. Улс төрд хол явъя гэвэл хоёр нүүртэй амьдарч л болохгүй.
Төсөв хэлэлцүүлж байгаа байгууллага нь Засгийн газар. Тэгтэл Засгийн газрын сайд нар нь төсвийн төслийнхөө эсрэг санал өгөөд сууж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүмжилсэн. Сайд Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт нарыг нэр цохож байгаад хэлсэн. Энэмэтчилэн олон жишээ татаж болно. Юутай ч холион бантан дүүрэн хэлэлцүүлэг өрнөж байна. Олон нийт ч гэсэн эрүүл шүүмжлэл, хорт популизм хоёрт шүүлтүүртэй хандах өдрүүд үргэлжилж байна.