Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт орсон ярилцлагыг хүргэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийг гэх байгууллага яг үндсэн ямар чиг үүрэг, зорилготой байгууллага болох талаар танилцуулж ярилцлагаа эхэлье?
2021 оны 12 сарын 9-нөөс 10 гишүүнтэй ШЕЗ үйл ажиллагаагаа эхэлсэн. Шүүхийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийг шилж сонгох эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий төрийн захиргааны төв байгууллага юм. Энэ байгууллага шүүх шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр хөндлөнгөөс шүүхийн бие даасан байдлыг хангах шүүгчийн хараат бус байдал буюу хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг хангах мэдээллээр хангах шүүгчийн хүний нөөцийг бүрдүүлэх чиг үүрэгтэй.
Шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гэдгийг та жаахан тодруулж өгөөч.
Шүүн таслах ажиллагааг шүүх л хэрэгжүүлнэ. Шүүх буюу шүүгч. ШЕЗ бол шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчаас шүүгчийг шилж сонгох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг хүлээдэг. ШЕЗ шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Шүүн таслах ажиллагааг шүүх буюу шүүгч шүүх бүрэлдэхүүн л хэрэгжүүлнэ.
Шинэ хуулиар шинэ чиг үүрэг хэрэгжүүлснээс хойш сонгон шалгаруулалт хэдэн удаа явуулав. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Шүүхийн тухай хуульд заасны дагуу ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулах журмыг хуулиараа батална гээд заачихсан. 2022 оны 3 сарын 10-ны 57 дугаар ШЕЗ-ийн тогтоолоор энэ журмыг баталсан. Журмаа баталснаас хойш бид нийтдээ 7 дахь сонгон шалгаруулалтаа явуулж байна. Одоо яг 7 дахь сонгон шалгаруулалтын бүртгэлийн ажиллагаа хийж байгаа. Сонгон шалгаруулалт нийтдээ 279 сул орон тоон дээр 100 орон тоог сонгон шалгаруулж Ерөнхийлөгчид санал болгож өргөн мэдүүлсэн. Ерөнхийдөө 100 орон тоо нөхөгдсөн гэсэн үг. Нийтдээ энэ Ерөнхий зөвлөлийг ирэхэд 489 шүүгчтэй байсан. Одоо 526 шүүгчтэй шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна.
Шүүгчдийг бүрэн нөхөж томилохгүй байгаа нь учир шалтгаантай юм бол?
-42 дугаар тогтоолоор нийт шүүгчийн орон тоог УИХ тогтоосон. Энэ орон тоогоор бүх шатны шүүхийн 699 шүүгчтэй байна гээд төсөвлөсөн одоо 2024 оныхоо төсөвтөө бол 600 шүүгч ажиллахаар цалингийн сангаа тусгасан. Энэ хүрээндээ орон тоогоо нөхөхөөр ажиллаж байгаа. Жилд бид 3 удаагийн сонгон шалгаруулалт явуулж байна. Хуульд заасан хугацаагаа баримтлахаар энэ хугацаанд нийтдээ нэг сонгон шалгаруулалтад 150-аас 130 орчим нэр дэвшигч бүртгүүлдэг. Эднээс бүртгэлийн шатанд 75-79 орчим хувь нь бүртгүүлж, үлдсэн нь бичиг баримтаа дутуу бүрдүүлэх гэх мэт шалтгаанаар бүртгүүлж чаддаггүй. Бүртгэл цахимаар явагддаг. Цахимд баримтаа гүйцэд оруулахгүй байх, илгээж чадахгүй байх, ажилласан хугацааны шалгуураа хангахгүй байх гэх зэрэг шалтгаанаас бүртгэлээс хасагдах нь бий. Бүртгүүлсэн нийт 75 орчим нэр дэвшигчээс хуульд заасан далан онооны босгыг даваад мэдлэг ур чадвар, шалгалтдаа тэнцээд, 30 онооны шалгалт буюу мэргэшил ёс зүй зан төлвийн шалгалтад тэнцээд оноогоороо эрэмбэлэгдээд Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлээд Ерөнхийлөгчид санал болгож өргөн мэдүүлдэг журамтай.
Шүүгчийг сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу. Хамгийн шилдгийг нь шалгаруулдаг юм уу, эсвэл туршлагатайг шалгаруулдаг уу. Шүүгчийг шалгаруулдаг шалгуур нь яг юу байдаг юм бол оо?
-Гаргаж байгаа шийдвэртэйгээ холбогдуулж хууль хэрэглээний хувьд ур чадвартай, туршлагатай, ёс зүй, зан төлвийн хувьд маш өндөр ёс зүйтэй л байх ёстой. Яагаад гэвэл шүүгч шийдвэрийг хараат бусаар, хуулийн дагуу, шударга, ёсны зарчимд нийцүүлж гаргах ёстой. Энэ гаргасан шийдвэр дээр нь эргээд олон нийтийн шүүхэд итгэх итгэл илрэн гардаг. Шударга зарчимтай шүүхээр би өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулж байна аа гэдэг бат итгэл иргэнд маань байх юм бол тэр итгэлийн ард шүүгч байдаг. Хуульчид дунд “Хуульчдын оргил нь бол шүүгч” гэсэн яриа ч бий. Шүүгчид тавих болзол шаардлага өндөр, шалгалт ч гэсэн тэр хэмжээгээр хараат бусаар хөндлөнгийн, ил тод олон нийтэд ил тод нээлттэй явдаг. Энэ нь өөрөө хуульчдаас шилдэг шударга хүнийг олох бас арга хэлбэр гэж хэлж болно. Өмнө нь сонгон шалгаруулалт хэрхэн явдаг байсныг товчхон сануулъя. 2013 оны хуулиар мэргэжлийн хороо гэж байсан. Мэргэжлийн хороо орон тооны бус гишүүнтэй ба мэргэжлийн хороогоор орж сонгон шалгаруулалт хийж, үүний дараа Ерөнхий зөвлөлийн 5 гишүүн хуралдаж саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг байсан. Одоо бол шинэ хуулиараа Ерөнхий зөвлөлийн 10 гишүүн сонгон шалгаруулалтаа явуулна.
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлаа бүхэлд нь бие дааж шийдвэрлэдэг болсон талаар та сая дурдлаа л даа. Шүүгчийн сонгон шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт батлаад удаагүй хэрнээ ер нь яагаад өөрчлөлт оруулсан юм бол?
-Сонгон шалгаруулалтын журмыг 2022 оны 3 сард баталсан гэж ярьсан шүү дээ. Ерөнхий зөвлөл мониторинг хийгээд сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна гэж үзээд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт өөрөө чухал ач холбогдолтой болсон. 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан журамд бол тухайн нэр дэвшигч шүүхдээ, жишээ нь БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд би нэрээ дэвшүүлнэ ээ гээд тодорхой шүүхийг нэр зааж нэрээ дэвшүүлдэг байсан. 2024 оны нэг сард баталсан журмын өөрчлөлтөөр бол Иргэний хэрэг харьяалан шийдвэрлэх шүүхдээ эхэлж нэрээ дэвшүүлээд, онооны эрэмбээрээ өөрөө шүүхээ сонгодог болсон нь сонирхлын зөрчлөөс сэргийлсэн.
Нийгэмд шүүх, шүүгч нь сайн ч нэр дуулдаг муу ч нэр дуулдаг л газар. Янз бүрийн хардлага ч бас зөндөө гардаг. Ерөнхийлөгч шүүгчийг томилдог нь эргээд шүүгчийн шийдвэрт улс төрийн нөлөө орох юм биш биз дээ гэсэн болгоомжлол байдаг. Энэ дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа олгодог учраас ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын нь төвд байдаг онцлогтой. Гэхдээ эрх зүйт төрийн үндсэн зорилго нь бол шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх чөлөөг хамгаалах явдал. Энэхүү зорилгыг хангахад шүүхийн довтолгооны механизм чухал нөлөөтэй. Шүүхийн тухай хуульд хэдийгээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж шүүгчийг томилж байгаа ч энэ нь тухайн томилж байгаа албан тушаалтанд нөлөөлнө гэсэн ойлголт биш. Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангасан зохицуулалт хуульд орж ирсэн. Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 73-д шүүхийн үйл ажиллагаанд шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Ийм шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд авах арга хэмжээг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч гээд тусгай субъектүүдээр нь зааж өгсөн. Ерөнхий зөвлөл Цэцэд хандахаар Дээд шүүхэд саналаа тавиад Дээд шүүх цааш нь уламжилна гэсэн үг. Бусад субъектүүдэд бол зохих байгууллагад нь хандаж эрхийг нь хамгаалах хуультай. Тэгэхээр албан тушаалтан хэн ч байснаас үл шалтгаалаад шүүгчийн хараат бус байдалд халдах оролдлого хийвэл хуулиар хамгаалсан тийм хуулийн зохицуулалт бий.
Та яриандаа шүүгчийг сонгон шалгаруулахад яг зарлагдсан тоондоо хүрэхгүй байгаад тухай дурдсан. Үүнийг шийдэх арга зам, ямар шийдлүүд байна вэ. Хуульчдаас нэр дэвшиж орж ирэхгүй, шалгалтдаа тэнцэхгүй байгаа шалтгаан гэвэл?
-Олон шалтгаан нөхцөлтэй. Хуульчид маань шүүгчийн албан тушаалыг сонгож сонгон шалгаруулалтад орохгүй байгаа нь нэгдүгээрт хувь хуульчийн бэлтгэлтэй холбоотой. Бас шүүхийн ачаалал, шүүхийн ажиллах орчинтой холбоотой байж магадгүй. Би ер нь 2 жил энэ сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүний хувьд ажиглаад байгаа юм. Одоо нэн ялангуяа иргэний шүүх дээр ачаалал маш өндөр байгаа. Нэг хүний хийх ёстой ажлаас давчихсан ачаалалтай ажиллаж байгаа. 24 цаг ажиллаад ч тэр ажлыг барахааргүйгээр олон хэрэг нэг шүүгчид ногдож байна. Иргэний хэрэг маргаан шүү дээ. Ажиллах орчин нөхцөл их муу байна. Иргэд маань шүүхээр үйлчлүүлэх гээд ирэхэд иргэддээ үйлчлэх зай талбай багатай, шүүх хуралдааны танхимын тооноос шалтгаалаад хурал их хойшилдог, иргэд их чирэгддэг, бухимддаг, шүүхэд итгэх итгэл, сулардаг. Ер нь ямар ч ажилтай хүнд ажиллах орчин нөхцөл бол чухал байдаг шүү дээ. Гэхдээ энэ үгээрээ би шүүгчийг нэг их таатай том өрөө тасалгаанд суулгах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь шударга шийдвэр гаргаж байгаа шүүгч тэр хэрэг маргааныг уншиж танилцахын тулд тодорхой хэмжээний зай талбайтай, орчин нөхцөлтэй байж тэр ажлыг хийнэ шүү дээ. Нэг буланд зогсоод хэрэг уншаад шийднэ гэж байхгүй. Энэ орчин нөхцөлийг нь сайжруулах, ажлын ачааллыг бууруулах, орон тоогоо зөв зохистой зохион байгуулах гээд шүүхийн захиргааны хийх ёстой бодлогын хэмжээний ажлаа хийгээд эрх зүйн баримт бичгүүдээ гаргаад хэрэгжүүлэх шатандаа явж байна. Үүн дээр санхүү мөнгөний асуудал байгаа. Сүүлийн жилүүдэд ер нь шүүхэд хөрөнгө оруулалтын зардал ерөөсөө тавьж өгөөгүй. 2013 онд хамгийн сүүлд нэг шүүхийн барилга барьсан. 1954 онд ашиглалтад орсон цэцэрлэг, банкны зориулалттай байруудад үйл ажиллагаа явуулж байгаа шүүх хүртэл бий. Нийтдээ 116 шүүх өнөөдрийн байдлаар шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлж байна.
Анхан давж заалдах шатны 48 шүүхээс өөрийн гэсэн байртай шүүх 15 байна. Эдгээр нь дандаа орон нутгийн шүүхүүд. 2012 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нэг байр барьсан, 2013 онд улсын төсвөөр нэг шүүхийн барилга барьсан. Бусад шүүхүүд маань өөрийн гэсэн байргүй түрээсээр ашиглалтын зардал төлөөд нутгийн захиргааны байгууллагын дэргэд эсвэл актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Жишээ нь Архангай аймгийн шүүх гэхэд шүүн таслах ажиллагаа эрхлээд 90 жил болж байгаа. Хүнээр бол 90 нас хүрчихсэн байна шүү дээ. Гэтэл одоо болтол өөрийн гэсэн орох оронгүй л явж байна. Хуульдаа шүүх тусдаа байртай байх ёстой ч нутгийн захиргааны байрын хажууд ашиглалтын зардал төлөөд өөр бусад байгууллагуудтай хамтдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхийн байранд өөр бусад байгууллага үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд хуульд заачихсан байдаг ч хэрэгжихгүй байна. Шүүгчийн хүний нөөцийн асуудалд энэ мэт байрны асуудал бас нэг шалтгаан нөхцөл нь болж байгаа. Хуульчдыг шүүгчээр ажиллаач ээ гэж урихад орчин нөхцөл маш муу байгаа тул сонирхохгүй байна уу гэж нэг талдаа хараад байна. Саяхан 2024 оны 2 сард Нийслэлийн иргэдийн хурлаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрлаж байгаа байрыг актлаад 4 сарын 15-нд нүүж гар гэж байгаа юм. Бид тэнд ажиллаж байгаа 50 ажилтнаа хаана яаж байрлуулах вэ гээд байр сав хайгаад л. Ямар ажилчдаа гудамжинд гаргаж иргэдийг гудманд суулгаад нэхэмжлэл гомдлыг нь хүлээж авалтай биш, шийдүүлэхийн төлөө ажилладаг.
Уг нь энэ нь зөвхөн шүүгч нар ч юм уу ШЕЗ-ийн асуудал биш шүү дээ. Шүүхээс үйлчилгээ авах гэж байгаа иргэд, жирийн хүмүүсийн асуудал давхар хөндөгддөг.
Шүүгчид их өндөр цалин хангамжтай, янз бүрийн хэргүүдийг удааж гацаадаг, ажлаа хийдэггүй гэсэн дэл сул яриа нийгмийн сүлжээнд явдаг. Бодит байдал дээр таны хэлж байгаа тоо баримт эсрэгээрээ байх юм. 200 гаруй хэрэг авчихсан, ачаалаасаа давчихсан ажилтай сууж байгаа шүүгчээс ямар үр дүн нэхэх вэ. Ер нь олон улсад нэг шүүгчид ирдэг ачаалал нь ямархуу байдаг юм бол?
Манайх энэ тал дээр хөндлөнгийн судалгаа хийлгэсэн. Иргэний хэрэг дээр жишээ татчихъя. Одоогоор дундажаар нэг шүүгч 304 иргэний хэрэг дээр ажиллаж байна. Зохистой ачаалал нь бол 209 хэрэг. Зохистой ачаалалтай бол хэргийн эргэлт хурдан иргэд цаг хугацаандаа үйлчилгээгээ авна. Шүүхээр үйлчилгээ авахаар асуудлаа шийдүүлэх гэж байгаа жирийн иргэний асуудал, цаг хугацаа тухайн шүүгчийн ачаалал асар их байгаагаас шалтгаалж давхар хойшилж байна аа даа. Шүүхийн шийдвэрийн чанараас гадна цаг хугацаа бол алт шүү дээ. Хүн болгонд цаг хугацаа бол маш үнэтэй зүйл. Мэдээж хэрэг эрх нь зөрчигдчихөөд байгаа хүн цаг хугацаа алдахгүй л эрхээ сэргээлгэхийг л бодно шүү дээ. Гэтэл өнөөдрийн энэ өндөр ачаалалтай байгаа нөхцөлд өнөөдөр ирсэн хэргийг маргааш нь шийднэ гэсэн ойлголт байхгүй байна. Шүүх дээр нийтдээ 5 600 хэрэг байгаа бол цаг хугацааныхаа дарааллаар л шийдээд л явна гэсэн үг. Дан шүүгчээс гадна нарийн бичиг туслах гээд шүүхийн захиргааны албан хаагчид ч бас шүүхийн захиргааны тэр их ачаалалтай ажилд орж ирж ажиллах нь бага байна
Шүүхийн Ерөнхий зөвлөл дан ганц шүүгчийн хүний нөөцийг бус шүүхийн, захиргааны албан хаагчдынхаа хүний нөөцийг давхар хариуцдаг. Буруу санаагүй бол Үндсэн хуульд одоо шүүхийн төсвийн хараат бус байдлыг төр хариуцна гэсэн заалт байдаг санагдах юм?
-Тийм. Төр хариуцна гэсэн заалт байдаг. Шүүхийн таслах ажиллагаа, шүүхийн хэвийн үйл ажиллагаа эрхлэх төсөв санхүү мөнгөний асуудлыг бол төр 100% хариуцдаг.
Засгийн газар, Ерөнхий сайдаас авлигын гэмт хэргийг шүүдэг бие даасан шүүх байгуулна гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийн талаар салбарын та бүхний санааг сонсмоор байна?
-Бид нар Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Шүүх байгууллагын хуулиа батлуулахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөөд саналаа Засгийн газарт хүргээд УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа. Одоо нийтдээ 116 шүүх үйл ажиллагаа явуулж байна. Шинэ хуулиар энэ тоо 86 болно. Орон нутагт эрүү, иргэний хэргийг нэг шүүх харьяалан шийдвэрлэнэ, дотроо танхимтай байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Дүүрэгт бол эрүү иргэний хэргийг дагнасан шүүхтэй томсгосон тойрогтой. Жишээлбэл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатарыг нэг томсгосон тойрог болгож эрүү иргэнээр нь дагнах. Хуульд бид “Гэр бүл хүүхдийн”,” Хялбаршуулсан ажиллагааны” гээд шинээр шүүх байгуулахаар санал өгсөн. ЗГ-ын мэдэгдсэн тэр “Авлигалын шүүх” гээд байгаа нь бол манай салбарынхны санал биш. Тэр саналыг анхан шатан дээр авлигалын хэргийг шийдэхгүй, давж заалдах шатны шүүхээр харьяалан шийдвэрлэх юм байна аа л гэж ойлгож байгаа. Хэргийн харьяаллыг л давж заалдах шатны шүүх рүү харьяалуулж өгч байгаа асуудал болохоос биш бие даасан тийм шүүх байгуулах тухай биш.
Гэр бүлийн болон хялбаршуулсан ажиллагааны шүүхийн тухай дэлгэрүүлээд ярьж болох уу?
-Гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх дагнасан шүүхийг ачаалал ихтэй, хүн ам төвлөрсөн нийслэл дээр байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Хүн амын бараг талд нь тийм хэрэгцээ шаардлага байгаад байна. Олон улсын гэрээ конвенцынхоо үүргийг биелүүлэх улс орны эх үндэс нь гэр бүл шүү дээ. Гэр бүлийн, хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг, мэргэшсэн шүүхийн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ шүүхийг дагнаж байгуулах ёстой байгаа юм. Хялбаршуулсан ажиллагааны шүүх бол эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг дээр хэрэг маргааныг хялбаршуулан шийдвэрлэнэ. Иргэний хэрэг маргаан дээр бол бүх төрлийн маргааныг хялбаршуулан шийдвэрлэж болно. Бага үнийн дүнтэй, онцгой ажиллагааны журмаар шийдэх гэх мэтчилэн хэргүүдийг уг шүүхэд харьяалуулж шийдвэрлүүлнэ. Өөрөөр хэлбэл уг шүүх цаг хугацааны хувьд маш богино хугацаанд иргэдэд үйлчилгээ хүргэхийг зорих юм. Ийм хэрэгцээ шаардлага нийгэмд байгаа.
Та сая бас тойргийн шүүх гээд яриандаа дурдлаа л даа. Тойргийн шүүх бол шинэ сэдэв биш байх? Хуучин ч энэ тухай ярьж байсан. Гэхдээ одоо ярьж байгаа энэ тойргийн шүүхийн систем ямар ялгаатай, давуу талтай юм бол?
БГД-ийн шүүх, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатын шүүх, БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх гээд тусдаа явж байгаа ч гэсэн нэг байрны баруун зүүн тал 2 талд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тойрогжуулаад явах юм бол хэргийн ачаалал, хүний нөөцийн бодлого, иргэдийн нөгөө үйлчилгээ авах хүртээмж нь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан юм. Судалгаан дээр үндэслэж гарсан шийдвэр гэсэн үг.
Өмнө нь нэг тойргийн 13 шүүгчийг ажлаас нь чөлөөлж, энэ нь нэлээн хэл ам асуудал дагуулж байсныг санаж байна. Шүүх тогтолцоонд, хараат бус байдалд нь халдлаа гэх шүүмжлэл гарч байсан. Одоо үүнээс сэргийлсэн хамгаалалт хийж чадсан болов уу?
Шүүхийн тухай хуулийн 40-д шүүгчийг чөлөөлөх 9 үндэслэлийг заасан байдаг. Энэ 9 үндэслэлээс өөр үндэслэлээр чөлөөлөхийг хориглосон.
Шүүх цахимжиж байгаа талаар чихэнд чимэгтэй мэдээг сонссон. Зарим шүүх хурлууд цахимаар явж байх шиг байна. Шүүх цахимжихын давуу талуудыг дурдвал…?
2024 оныг шүүхийн бүтээн байгуулалтын жил гэж болгосон. Шүүхийг цахимжуулахаар Засгийн газар дэмжиж төсөв тавьж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэлт удаашрах, иргэд чирэгдэх, шүүхэд итгэх итгэлгүй байх гэх мэт байдлыг шүүхийг цахимжуулснаараа арилгана. Цаг хугацаа орон зайнаас шалтгаалахгүйгээр иргэд шүүхийн үйлчилгээг авна аа л гэсэн үг. Өмгөөлөгч нар ч гэсэн энэ түгжрэл дунд яваад л хэргийн материал танилцана гэхгүй цахимаар л бүх юмаа үзэж харж танилцаад л тэр байтугай хуралдаандаа хүртэл цахимаар ороод байгаа шүү дээ. Бид нар ковидын үед шүүх хуралдааныг цахимаар явуулаад бол сурсан. Одоо ч гэсэн давж заалдах шатны шүүх хуралдаан орон нутагт бол хуралдааныг цахимаар явуулж байна.
Б.Түвшинтөгс