2008 оны сонгуулиар одоогийн эрх баригч МАН иргэн бүрд 1.5 сая төгрөг өгөх амлалт гэнэтхэн гаргаж ирээд гол усаар нэг юм болж байлаа. Өрсөлдөгч АН иргэн бүрд 1 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшүүлнэ гэж амласан учир 1.5 сая төгрөг болгож давуулж шидсэн нь энэ л дээ. Үүнд тооцоо судалгаа, эдийн засагт ямар хор хөнөөл учруулах тухай юу ч байгаагүй. Эдийн засгаа самрах гай түүтгэрийг улстөрчид зүгээр л дуудчихсан. Зүгээр л өрсөлдөгчөөсөө илүүг амлах, сонгогчдын саналыг худалдаж авах цор ганц мунхаг зорилго л байсан. Монголын улс төрийн түүхэнд бэлэн мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдаж авсан, бусад улс төрийн намуудад буруу үлгэрлэл үзүүлсэн гээд хараар бичигддэг түүх.
Энэ үйл явдлаас 16 жилийн дараа буюу дөрвөн сонгуулийн дараа ах нарынхаа алдааг залруулах алхмыг дүү нар нь хийв. УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН-ынхан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг зөвшилцөн, парламентал өргөн барихаар болсныг зарлалаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар зарчмын хувьд тохиролцжээ.
Нордик загварыг сонгосон нь тун олзуурхууштай. Скандинавын орнуудын хөгжил дэлхийд тэргүүлж, иргэддээ баялгаас хүртээдэг тогтолцоо нь хамгийн сайн хувилбар хэмээн яригддаг. Тэгэхээр Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ загвараар байгалийн баялгаас олосн орлогоос иргэддээ хүртээж, хамгийн чухал нь аль ч улс төрийн нам засгийн эрх мэдлийг атгаснаас үл шалтгаалж Баялгийн сан тогтвортой ажиллана. Байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд ШУУД хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд ШУУД хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд ШУУД хөрөнгө оруулах боломж үүгээр нээгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.
“Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана. Уул уурхайн том төслүүдийн үр ашгийг хэдхэн хүн хүртдэг одоогийн жишгийг халж, нийт монголчууд ашиг хүртэнэ. Өнгөрсөн 30 жилд тендерийн булхай, лицензийн наймаа, нүүрсний хулгай, газрын авлигаар цөөн хэдэн хүн хагартлаа баяжсан бол ирээдүйн 30 жилд Баялгийн сангаас иргэн бүр өгөөж хүртэнэ гэсэн үг. Энэ яах аргагүй баялгийн хуваарилалтын том реформ буюу шинэчлэл.
Монголын бүх баялаг 30 гэр бүлийг тэжээдэг байсан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс монгол хүн бүрд үр ашгаа өгдөг болно. Тэртээх 1920 онд С.Данзангийн дэвшүүлсэн иргэн баян бол улс баян гэдэг уриа энэ цаг үед ийн бодит биеллээ олох учиртай байжээ. Байгалийн асар их баялаг хараал биш ерөөл болон хувирч байна. Энэ зөвшилцлийг хийсэн Ерөнхий сайд, УИХ-д суудалтай улс төрийн намууд популизмд ҮГҮЙ гэж хэлж чадлаа.
Б.ТҮВШИНТӨГС