“Хүч тэнцвэргүй” гэх тодотголтой сонгуулийн ТОЙРГИЙН ШИНЭ ХУВААРИЛАЛТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын тогтоол батлагдсанаар сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосноор Монгол Улсын улс төрийн шинэчлэл төдийгүй, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хөгжлийн шинэ эрин үе ирж байна” хэмээн онцлов.

Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48-г хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ. Үүнд,
  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон” байна. Гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Үндсэн хууль болоод Сонгуулийн тухай хуулийг дагалдан орж ирж байгаа энэ тойрогтой холбоотой чухал үр дагавартай тогтоол хэлэлцэгдэж байна. Өмнө нь явж үзээгүй зам учраас олон талтай асуудал. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайн тал ч бий, муу тал ч бий. Сайн тал гэвэл улс орны, бүс нутгийн эрх ашиг гээд олон зүйл хөндөгдөнө. Ийм учраас намын бүлгүүд болоод УИХ-ын төлөөллүүд тал талаасаа ярилцаад зарчмын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явж байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд гарсан өөрчлөлт нь санал гээгдэхгүй байх гэдэг том зорилгыг тавьсан. Хоёрдугаарт нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулна. Зардал буурснаар шинэ залуус, эмэгтэйчүүдэд илүү боломж олгох ёстой. Олон намын төлөөлөл орох боломжийн тухай ярьсан. Тэгэхээр томсгосон тойргын тогтолцоогоор нэг нэр дэвшигчээс гарах зардлыг хэд гэж тооцож байгаа вэ.

Өмнөх тогтолцооны сул талыг санал гээгддэг гэж бид ярьдаг. Тэгэхээр олон мандаттай, мандатын тоогоор дугуйлах тохиодолд олон санал хүчингүй болох вий. Үүнээс хэрхэн яаж сэргийлэх вэ. Энэ нь Монгол Улсад сүүлийн 30-аад жил хийгдэж чадаагүй засаг захиргааны хуваарьтай холбоотой томоохон өөрчлөлтийг улс төрийн арга замаар түрж, эдийн засаг, нийгмийн асуудлаасаа урьтаж шийдэх гэж буйгаараа ач холбогдолтой болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ асуудлыг шийдэж байгаа бол Монгол Улс нэг том тойргоор байхаар, бүр болохгүй бол Улаанбаатар дангаар нэг тойрог байх боломжийг энэ хуульд суулгаж тогтоолын төсөлд ашиглая гэдэг санал гаргаж байсан ч олонхоороо бүсчлээд явъя гэдэг шийдэлд хүрсэн учраас дэмжээд явахаас өөр аргагүй. Давуу талуудаас гадна сул талуудыг хаах ямар боломж байгаа талаар мэдээлэл, судалгаа дүгнэлтээ танилцуулаач?

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: 

-Сонгуулийн зардлын тухайд Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн зардлыг бууруулах маш олон зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүнд ногдох тоо хэмжээг 50 хүртэл хувиар бууруулсан. Мөн төрийн аудитын байгууллага зардлын дээд хэмжээг тогтоохдоо өмнөх оны гүйцэтгэл болон хэрэглээний үнийн индекстэй уялдуулж бодитой тогтоож байх боломжийг бүрдүүлж өгсөн. Хэдийгээр сонгуулийн зардлыг бууруулах эрхзүйн орчин бүрдсэн боловч тойрог томорч байгаатай холбоотойгоор зардлын хэмжээ өмнөх сонгуулиудтай харьцуулбал тодорхой хэмжээнд нэмэгдэж тогтоох байх. Хуульд зааснаар бол гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө үндэсний аудитын байгууллага зардлын дээд хэмжээг тогтоох зохицуулалттай байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:

-Хууль тогтоомжид заасны дагуу бол тухайн мандатын тоотой тэнцүү хэмжээний саналыг сонгогч тэмдэглэж, санал тоолох төхөөрөмжид уншуулах ёстой. Санал тоолох төхөөрөмжид илүү буюу дутуу тэмдэглэгдсэн санал уншигдахгүй. Санал гээгдэх асуудал гээгдэхгүй. Мандатын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулаад СЕХ-оос сургалт, сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай. Саналын хуудас дээр бүх сонгогчдод санал тэмдэглэх заавар очдог. Мөн хэсгийн хороодын үүдэнд санал тэмдэглэхтэй холбоотой заавар, зөвлөмжийг байршуулна. Айл өрхүүдэд “Сонгогч танаа” гэсэн саналаа хэрхэн өгч, тэмдэглэх талаар сургалт сурталчилгааны ажлууд цаасан хэлбэрээр очдог. Мөн контент хэлбэрээр нийгмийн сүлжээ болон радио, телевизийн сувгаар сурталчилгааны ажил зохион байгуулдаг.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-2020 онд МАН ялчихаад Монгол Улс нэг тойрог болно гэж нэг хэсэг ярьсан. Энэ хүрээнд нийтдээ 20 аймгийн 60 гаруй сумаар явсан. Миний хувьд улс нэг тойрог болох нь сайн гэж үзэж байна. Үгүй ядаж бүсчилсэн хөгжлийнхөө дагуу дөрвөн бүсдээ хуваагаад сонгуулиа хийх энэ хувилбарыг дэмжсэн бол илүү дээр байх байсан. Гэхдээ манай нам дээрх хувилбарыг дэмжсэн. Тиймээс сахилга баттай гишүүнийхээ хувиар томсгосон тойргийг дэмжиж байгаа. 2016, 2020 оны сонгуульд эрх баригчид сонгогчдыг худалдаж авах замаар нэлээн өндөр хувьтай ялсан. Өнөөдөр бас ингэж томсгож байна гэдэг бол Ардчилсан намын болон бусад намын нөхдүүдийн санхүүгийн асуудлыг л дэмжиж байгаа зүйл гэж үзэж байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд маш их хулгай гарсан. Энэ болгоноос янз бүрийн байдлаар хүртсэн нөхөд өнөөдөр энэ бүсчилсэн тойрог дээр нэлээн бяртай үзнэ гэж үзэж байх шиг байна. Энд нэг асуудал гарч ирж байна. Ардчилсан нам нам шиг байх ёстой. Дарга нь дарга шиг байх ёстой. гишүүд нь гишүүд шиг байх ёстой. Тийм цаг ирж байна. Энэ удаагийн сонгууль үнэхээр хүч тэнцвэргүй сонгууль болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...