УСУГ-ын инженер Б.Урнаа: Ус чандмань эрдэнэ гэдэг ч үнэндээ хамгийн үнэгүйдсэн

УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн усны аюулгүй байдал хариуцсан инженер Б.Урнаатай ярилцлаа.

Улаанбаатар хотын ундын усны чанар ямар түвшинд байгаа вэ. Хүмүүсийн хувьд устай холбоотой эргэлзээ асуулт олон байдаг?

Улаанбаатар хотын УСУГ бол ундны усны үндсэн долоон эх үүсвэр, жижиг гурав эх үүсвэр гээд  нийт 10 эх үүсвэртэй. Нийт 218 гүний худгаас усаа олборлоод хэрэглэгчдэд түгээдэг. Хоногт 160-170 мянган м.куб усыг хэрэглэгчдэд түгээж байгаа. Манайхаас ундны усны нийт арван  эх үүсвэр, дамжуулан шахах 3 насос станцын усанд халдваргүйжүүлэлт хийдэг.  Хоолны  давснаас гаргаж авсан хлорын уусмалаар ундын усыг халдваргүйжүүлж байгаа. Бид бүхний хүнсэндээ  өдөр  тутам хэрэглэдэг хоолны давснаас гаргаж авч байгаа гэдэг  утгаараа энэ нь халдваргүйжүүлэлтийн аюулгүй арга юм. Ер нь ундын усыг яагаад халдваргүйжүүлдэг вэ гэхээр ус маань эх  үүсвэрээс олборлох явцад болон 586 км шугам хоолойгоор дамжих явцдаа, мөн хэрэглэгчийн түвшинд бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлдэг юм. Ингэж халдваргүйжүүлснээр усаар дамжиж болох гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл буурна гэсэн үг. Ер нь усны чанар ямар байгааг үндэсний хэмжээнд батлагдсан MNS 0900:2018 стандартад нийцсэн эсэхээр үнэлдэг. Үүний тулд эх үүсвэр, насос станц, усан сангаас ус дулаан дамжуулах төв хүртэлх усны чанарыг хянадаг. Гэр хороололд бол 700 гаруй ус түгээх байрны усны чанарт хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн шугамаар болон гэр хорооллын ус түгээх  байруудаар дамжуулан түгээж байгаа усны чанар бол  өдөр  тутам хяналттай, холбогдох стандартын  шаардлагыг хангаж байгаа. УСУГ-аас түгээж байгаа усны чанар аюулгүй байдалд хүмүүс эргэлзэхгүй байж болно.

Өдөр тутмын хяналт гэдгээ тодруулаад  хэлээчяг яаж хянадаг вэ?

УСУГ-ын “Усны төв лаборатори” гэж бий. 1997 оноос үндэсний итгэмжлэлд хамрагдсан, дөрвөн жилд нэг удаа итгэмжлэлээ сунгуулдаг, үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн лаборатори бий. Энэ лаборатори маань өдөр тутам эх үүсвэр, насос станц, усан сан, ус түгээх  байруудаас хуваарийн дагуу дээж авч химийн болон нян судлалын шинжилгээ хийж хяналтаа тавьж ажилладаг. Гүний  худгийг ямар давтамжтай, ус түгээх байрыг ямар давтамжтай хянаж ажиллах талаар ундны усны стандартад бүгдийг заасан байдаг. Тэр стандартынхаа дагуу л хянаж ажилладаг даа .

Орон сууцны усны тухайд зэвтэй ус гарлаа гэх гомдол   түгээмэл байдаг. Энэ юутай холбоотой вэ. Ус зэвтэй байна гэдэг чанар хангахгүй байна гэсэн үзүүлэлт мөн биз  дээ?

Хэрэглэгчийн  түвшинд усны тухай сөхөгддөг нэг асуудал бол яах  аргагүй зэв байдаг. Энэ талаар   тайлбарлая. УСУГ-аас ус дулаан дамжуулах хүртэл бол яг манай үндсэн шугам байдаг. Дээр миний хэлсэн 586 км шугам нь ус дулаан дамжуулах төв хүртэл үргэлжилдэг гэсэн үг. Ус дулаан дамжуулах төвөөс цаашаа шугам нь орон сууцны конторуудын харьяа шугам болон  тухайн  барилгын шугам байдаг. Тэгэхээр энэ шугамуудаар ус дамжихдаа зэвтэй болоод байгаа юм. Хэдий энэ шугам нь манайхтай холбоогүй ч ус нь эргээд  хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал. Бид зэвтэй ус гарч байна гэсэн гомдол саналын дагуу ус яг хаанаа зэвтэй болоод байгааг тогтоохоор уснаас дээж авч шинжилгээ хийдэг. Ингэхдээ усны анхны эх үүсвэрээс, манай төгсгөлийн цэг болох ус дулаан дамжуулах төвөөс, орон сууны  конторын узель болон хэрэглэгчид очиж байгаа уснаас тус, тус дээж авдаг. Ингээд шалгахад орон сууцны узель юм уу хэрэглэгчийн цоргоноос гарч байгаа ус зэвтэй байдаг. Тэгэхээр тухайн орон сууцны конторын шугам болон барилгын шугамтай холбоотойгоор ус зэвтэй болж байна гэсэн үг.

Тэгэхээр зэвтэй усны гомдлоо хүмүүс контортоо хандаж гаргах ёстой юм байна тийм үү?

Тийм. Ийм тохиолдолд хүмүүс хаана хандахаа мэддэггүй. Устай холбоотой нэр хаягтай болохоор УСУГ-ыг  буруутгах гээд  байдаг. Байгууллагуудын хоорондын үүрэг хариуцлагын зааг ялгаа иргэдэд тодорхой биш  байдаг болохоор хаана хандахаа мэдэхгүй байгаа нь иргэдийн  буруу биш байх.

Усаар хангаж ажилладаг байгууллагууд дотроос манай УСУГ л итгэмжлэгдсэн хяналтын лабораторитой нь байна. Зэвтэй ус гарлаа гэсэн хэрэглэгчийн гомдлын дагуу бид дээж авч шинжилдэг. Гэхдээ энэ бол манай хуваарьт дээж биш. Манайх дээж аваад хаанаа ус зэвтэй болоод байгааг тогтоож өгнө. Энэ дагуу л иргэд барилгын шугам хоолойд асуудал  байгаа бол барилгын  компанидаа ч юм уу, эсвэл орон сууцны конторын шугамд асуудал байна гэж гарсан бол контортоо хандах хэрэгтэй.

Уг нь бол Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар зэрэг байгууллагууд өөрсдөө дотоодын хяналтын лабораторитай байх шаардлагатай. Ус хангагч байгууллагууд өөрсдийн дотоодын хяналтын лабораторитай байна гэсэн шаардлага MNS 0900:2018 стандартад заасан байдаг юм.

Гэр хороолын ундын усны чанар дээр ямар асуудлууд байгаа вэ. Зориулалтын   бус саванд  усаа хадгалдаг гэх мэт асуудал хэр цэгцэрч байна?

Гэр хороололд манайх усыг хоёр аргаар түгээж байна. Шугамд холбогдсон ус түгээх байраар болон зөөврийн ус түгээх байраар. Зөөврийн ус түгээх байрыг хүмүүс хараад ялгаж мэддэг. Харин шугамын ус түгээх байрыг мэддэггүй, гүний худаг гэж ойлгоод байдаг. Шугамд холбогдсон ус түгээх байрууд маань УСУГ-ын төв шугамд холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл ус дулаан дамжуулах төвөөс гарч байгаа устай адилхан чанарын ус түгээдэг гэсэн үг. Шугамын  ус  түгээх байрнаасаа машинаар зөөврийн  ус түгээх байр руугаа ус хүргэдэг. Энэ хоёр ус түгээх байрны усанд яг л миний дээр хэлсэн шиг өдөр тумын хяналт тавьж ажиллаж байна. Гэр хорооллын хувьд хэрэглэгчийн усны савны асуудал яригддаг. Нэ үеийг   бодоход хүмүүсийн усаа зориулалтын саванд хадгалах  ёстой гэсэн  ойлголт арай сайжирсан. Гэхдээ санасан түвшинд хүрч бүгд зуун хувь стандартын  шаардлага хангасан савтай болоогүй байгаа. Нөгөө ад  үзэгддэг шар, цэнхэр сав  хэрэглээнээс гараагүй л байна. Хадгалах савнаас гадна бас нэг анхаарах зүйл бол усыг их хэмжээгээр аваад нөөцөлж хэрэглэдэг. Хоёр хоногийн ахуйн хэрэглээний усаа биш долоо хоногийн хэрэглээгээ нөөцөлдөг. Удаан хадгалснаас, усны саваа  цэвэрлэлгүй удсанаас ус бохирдох ёроолдоо тунадас үүсдэг. Усаа тагтай хадгалах ёстой,  усны саваа долоо хоногтоо 1 удаа угааж цэвэрлэх ёстой зэрэг хэрэглэгчийн түвшинд хэвшил болгох ёстой зүйлүүд байгаа. Хэрэглэгчийн түвшинд ус бохирдоод байна гэсэн судалгааг НЭМҮТ-өөс гаргасан  байдаг.

Тэгвэл усыг хэд хоног нөөцлөх нь зөв хадгалалт болох вэ?

Хоёроос олон хоногоор хадгалж нөөцлөхгүй байвал зүгээр. Ялангуяа өвлийн улиралд гал  түлж гэр халуун байдаг үед усанд  нян үржиж бохирдох магадлалтай.

Энэ үүднээс ч манай газраас хэрэглэгчид 24 цагийн хэзээд ч усаа авах боломжийг олгож ухаалаг  ус түгээх байруудыг бий болгоод байна. Заавал  ус түгээгч байх шаардлагагүйгээр картаа уншуулаад хэдийд ч усаа авах боломжтой болсон. Энэ нь олон хоног нөөцлөх шаардлагагүйгээр ажлаа тараад ч юм уу аль завтай боломжтой үедээ уусаа авах боломжийг өгч байгаа.

Усны ухаалаг карттай болсны нэг давуу тал нь мэдээж саяны таны хэлдэг хэзээд ч усаа авах  боломжийг бүрдүүлж өгсөнд  байгаа. Өөр ямар давуу талууд бий болсон бэ?

Зөндөө л байна. Заавал өдрийн цагаар, ус түгээх байрны ажиллах хуваарьт баригдалгүйгээр  авдаг  болсон нь хамгийн том давуу тал. Ухаалаг карттай л  бол  ус  хэзээ хэрэгтэй болно тэр  үедээ, шөнө ч авч  болдог. Ухаалаг ус түгээх  байр хэрэглэгчдэд ингэж үйлчилгээг ойртуулсан. Мэдээж ус нөөцлөх шаардлагагүй болсон гэдэг  нь  ус өрхийн түвшинд бохирдох эрсдэлээс хамгаалж байгаа.

Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ хэр  нэмэгдэж байгаа вэ?

Их нэмэгдэж байгаа. Гэр хороололд ч хүн амын тоо нэмэгдэж, орон сууцны барилгууд ч нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр усны хэрэглээ нэмэгдсээр байна. Манайхаас урд нь гаргасан тооцоогоор УБ хотын хоногийн хэрэглээ 150 мянган м.куб байсан бол одоо 160-170мянган  м.куб ус хэрэглэж байна.

Усны салбарын хүнтэй уулзсан учир усны үнэ цэнийн талаар онцолж асуумаар байна. Манайд усны үнэ хэр боломжтой түвшинд байгаа вэ, цаашид үнийн тал  дээр  ямар бодлого барихаар  байна вэ?

Манай байгууллагын тухайд гэхэд усыг олборлон түгээж буй зардлаа нөхөж чадахгүй, алдагдалтай ажиллаж байгаа. Хувь  хүн талаасаа ярихад бол  хүн бүр л ус чандмань эрдэнэ, хэзээ ч  нөхөгдөхгүй, усыг  хэзээ ч  үйлдвэрийн  аргаар гаргаж авч чадахгүй гэж ярьдаг ч үнэндээ энэ чандмань эрдэнэ маань хамгийн  үнэгүй байна. Үнэ нэмэгдэх  тусам хүмүүс тэр хэмжээгээр усыг хэмнэж хайрлах байх. Одоо гэр хороололд нэг литр ус 2 төгрөг байна. Бодоод үз л дээ, дэлгүүрт 1литр савласан ус 3000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл ундны нэг литр усны үнэ нэг, хоёр төгрөгөөр хэмжигдэнэ гэдэг арай л хямд байгаа. Улс орны маань эдийн засаг,  хүмүүсийн амьжиргааны түвшин гэх мэттэй холбогдуулаад усны үнийг хамаагүй нэмэхгүй л  байх шиг байна. Угтаа бол  ус стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тиймээс усыг үнэгүйдүүлж болохгүй гэж энэ салбарын хүний хувьд бодож явдаг.

Усны чанар стандартын хувьд хийгдэх том ажлууд юу байна?

Ухаалаг ус түгээх байрнуудын тоог нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн манай байгууллагад шугам доторлогооны төсөл 2018 оноос хэрэгжээд явж байна. Насжилт өндөртэй,  эрсдэлтэй шугамуудаа доторлох энэ ажлаа үргэлжлүүлж хийнэ. 2018 оноос хойш энэ төслийн хүрээнд 14 орчим км шугамыг доторлож насжилтыг  уртасгасан. Харин энэ оны хувьд 4-5 км шугамыг доторлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Буяндэлгэр: Хуулиа зөв ойлгож, хэрэглэвэл Цагаан сараар 3 өдөр амрах боломжтой

Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн...

Улаанбурханы гурав дахь тохиолдол батлагдлаа

ХӨСҮТ-өөс өчигдөр /2025.02.20 / улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол...

“Wechat” дахь“Юань зарна” гэх зарын дагуу холбогдоод залилуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл...

Энгийн Umoney картыг нийтийн тээвэрт хэвийн ашиглана

2025 оны гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн Хугацаатай картын...