Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газрын асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийг өмчид шилжүүлж байсан түүхтэй. 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийн эзэмшилтэй болсон. Гэхдээ 2003 онд үл ойлгогдох байдлаас буюу 400 гаруй мянган төгрөгөөс болж, нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болох шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас бус ТУЗ-өөс гаргасан байсан.
Ингээд 2005 оноос нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан. Энэ газрыг 2005 оноос хойш жижиглэж, зарснаас 29 хэсэг салж, одоо Цэнгэлдэхийн газрын хэмжээ 12.6 га болжээ Гурав дахин багассан. Энэ нь газрыг зарж, идсэн гэсэн үг.
Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс жил бүр урсгал засвар хийдэг. 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Нийслэлийн төсвөөс 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд байхад хувь эзэмшил өсөхгүй. Харин хувийн компанийн эзэмшил их хэрнээ ногдол ашиг олигтой өгөхгүй, байгаа газраа зараад ашиг орлого олдог.
Удаа дараагийн газар олголтоор Төв цэнгэлдэхийг тойрсон олон барилгыг яах вэ гэдгийг иргэд асуудаг. Үүнээс өмнө ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг харж байна. Одоо Төв цэнгэлдэхийн хажууд барьж буй барилга нь цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн Мөнхсан компанийнх. Өөрсдөө газраа хувьчилж аваад барилга барьдаг.
Иргэд зундаа нэг зорьж ирдэг Төв цэнгэлдэхийн үүдэнд баригдаж буй өндөр барилгын газрын эзэмшлийн зориулалт орон сууц гэж гарсан мөртөө баар, үйлчилгээний газар хийе гэж байна. Үндэсний баярын бэлэг тэмдэг болсон газар дээр шунал хороолол бариулмааргүй. Авлига хороолол гэдэг шиг шунал хороолол гэж нэрлэмээр байна.
Төв цэнгэлдэх орчмын газрыг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж, барилгын ажлыг зогсооно.
Үүнээс гадна Төв цэнгэлдэх рүү ороход машины төлбөртэй зогсоолыг хууль зөрчөөд хийчихсэн. Ихэнх талбай нь Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн эзэмшлийн талбай. Гэтэл энэ талбайгаас даваад иргэдийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол хийчихсэн. Нийтийн эзэмшлийн талбай дээр авто зогсоол байгуулах бол Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас зөвшөөрөл авах ёстой ч аваагүй. Зөвшөөрлийн хураамж Замын хөгжлийн санд төвлөрч, авто замын засварт зарцуулагддаг юм. Үүнийг зогсооно. Шуналтай хүмүүст нийтийн эзэмшлийн талбайг үнэгүй ашиглуулахгүй.
Төв цэнгэлдэхийн урагш харахаар хоёр шоурүүм маягийн дүнзэн байшин байна. Гэтэл уг хоёр байшин нь зөвшөөрөлгүй. Газар нь нийтийн эзэмшлийнх. Бас нэг давхар байшин байгаа нь зөвшөөрөлгүй, түгжээтэй. Эдгээр нь хяналтгүй байна. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн захирал Т.Нямдаваагаас асуухад “Манайх биш” гэдэг хариуг өгсөн.Т.Нямдаваа гэдэг хүний зөвшөөрөлгүйгээр түгжээтэй нэг давхар байшинг барьсан бол нураана. Газрын албанаас энд ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл эзэмшдэг ч улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Т.Нямдаваа гэдэг нэг хүний эзэмшилтэй байна. Албан ёсны бүртгэлд нийслэл гэсэн зүйл байхгүй. Компанийн гүйцэтгэх захирал нь Т.Нямдаваа, ТУЗ нь ч мөн энэ хүн, хувь, эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Бүх асуудлаа ТУЗ-өөр шийднэ гэдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нийслэлээс хоёр, иргэн Т.Нямдаваа болон дүү, хүүхэд нь байна. Хуулиараа хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурлаар шийдвэрүүд гаргаад байгаа юм.
Төв цэнгэлдэхийг тойрсон жижиг бүх талбайг гэрээгээр түрээслүүлж байгаа хэрнээ нийслэлд орлого нь орж ирэхгүй талаар мэдээлэл хүсэхээр мэдээлэл өгдөггүй, ТУЗ-өө хуралдуулдаггүй. Хамтарсан компани мөртлөө хууль зөрчиж байна. Нийслэлийн хувьд 4.6 тэрбум төгрөгөө хувь, эзэмшилдээ нэмүүлэх байр суурьтай байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК 200 гаруй сая төгрөгийн дүрмийн сантай. ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж, шийдэхгүй бол шүүхэд хандана” хэмээн хэллээ.