Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 2009 онд байгуулсан байдаг. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн шазарт адууны жүчээ байдаг тухай мэдээлэл цахим орчинд түгсэн юм. Хотын дарга Х.Нямбаатар ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд тусдаа арал байна, тэр арал дээр байшин бариад тансаглаж суудаг хүнийг бид дийлэхгүй байна хэмээн хэлсэн. Адууны жүчээ гэх газрын талаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс тайлбар өгчээ.
2005-2006 оны үед иргэн А.Сүхбат (Дархан аварга, УИХ-ын гишүүн асан) уг газрыг өөр нэг иргэнээс худалдаж аваад хашаа, объект барьж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2009 онд ҮЦХ-гийн 973 га газрыг тасдаж авч, хашаалаад газрын гэрчилгээ гарч Цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ цаг үеэс эхлэн А.Сүхбат аварга цэцэрлэгт хүрээлэн хоёрын дунд газрын маргаан дэгджээ.
2021 онд иргэн А.Сүхбат газрынхаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Бүх шатны шүүхээс ҮЦХ-ийн талд шийдвэр гарч, 973 га газраа тухайн иргэнд эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжгүй, дотор нь байгаа хашаа, байгууламжийг буулга гэж тов тодорхой шийдэж өгчээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнөөдрийг хүртэл хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа юм байна.
Газар олгосон цаг үеэр нь хөөвөл нийслэлийн Засаг даргаар М.Энхболд ажиллаж байсан. М.Энхболд, А.Сүхбат хоёр Төв аймгаар овоглодог, МАН-ын гишүүнчлэлтэй хоёр. Тиймээс тухайн үеийн Хотын дарга М.Энхболд нутгийн бөхдөө найр тавьж газар олгосон байх өндөр магадлалтай. Яг энэ цаг үед нийслэлд газрын авлига цэцэглэн хөгжсөн гэдгийг олон нийт мэднэ.