Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэр бүхий иргэнээс цагдаагийн байгууллагад хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч, зүй бус авир үзүүлсэн гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б, Ч нарын дөрвөн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлага өгсөн иргэн рүү дайрч, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчид руу чулуу шидэж, эсэргүүцэн танхайрсан үйлдэл гаргасан. Уг үйлдлийг таслан зогсоохыг шаардахад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Улмаар тус иргэний хөл тус газарт нь хийн буугаар нэг удаа буудаж, танхайрсан үйлдлийг таслан зогсоосон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Чингэлтэй дүүргийн гомдол, мэдээллийн төвд бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагын журамд зааснаар цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, амь биед нь аюултай аргаар дайрсан, довтолсон тохиолдолд тухайн аргыг хэрэглэн, үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй. Уг гомдол, мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.