Ч.Мөнхбаяр: Алтны салбар стратегийн ач холбогдолтой учраас Хөгжлийн банкнаас дэмжих бодлого баримтална

“Mongolia gold 2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн гурав дахь удаагийн Олон улсын бага хурал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны VII чуулган өнгөрсөн долоо хоногт болсон. Энэхүү хурлыг “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулсан билээ. УИХ-аас 2014 онд Ашигт малталын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, татварын хувь хэмжээг бууруулснаар Төвбанкинд тушаах алтны хэмжээ өсч, өнгөрсөн онд 22 тоннд хүрсэн. Энэ нь өмнөх онуудынхаас долоо дахин өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны энэ үед 1.7 тонн алт худалдан авч байсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 336 кг алт худалдан авсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэмээн хуралд оролцогчид үзэж байв. Энэхүү хурлын үеэр Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

 -Танай банкнаас энэ жил алт олборлогчдод хэчнээн төгрөгийн санхүүжилт олгох вэ. Зээлийн хүү болон хугацаанд өөрчлөлт оруулсан уу?

-Энэ онд 16 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Харин “Алт-2” хөтөлбөрийг дэмжиж, Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9, өнгөрсөн онд 28 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн жилийн хүү 12 хувь байна. Өнгөрсөн жилүүдэд нэг жилийн хугацаатай олгож байсан. Харин энэ удаад зээлийг хоёр болон түүнээс дээш жилээр олгохоор болсон.

-Зээл хүсч буй  аж ахуйн нэгжүүдэд банкны зүгээс ямар шалгуур шаардлага тавьдаг вэ?

-Хөгжлийн банкны зээл арилжааныхаас хоёр үндсэн зүйлээр ялгаатай байдаг. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу бүх төсөлд техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, хоёрдугаарт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ шаарддаг юм. Төсөл хөтөлбөрийн санхүүжилт хүсч буй аж ахуйн нэгжүүдэд энэ хоёр материалыг бүрдүүлэх шаардлага тавьдаг.

-Зарим аж ахуйн нэгжийн хувьд хүссэн зээлээ авч чаддаггүй гэсэн шүүмжлэл хэлж байна. Ямар тохиолдолд зээлд хамрагдаж чадахгүй байна вэ?

-“Алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд санхүүжилт олгож байхад цаашид талууд анхаарч засч залруулах хэд хэдэн нийтлэг хүндрэл үүссэн. Тухайлбал, санхүүжилт хүсч буй аж ахуйн нэгжүүдийн хувьд  уулын ажлын төлөвлөгөө ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төслүүдэд санхүүжилт хүсдэг зөрчил нийтлэг гарсан. Энэ талаар холбогдох хуульд тодорхой тусгасан учраас шаардлага хангаагүй төслүүдэд санхүүжилт олгоогүй.  Хоёрдугаарт, зээл хүсэгч аж ахуйн нэгж санхүүжилтээ юунд зарцуулах нь тодорхойгүй байдаг. Аль эсвэл өмнө авсан банкны зээлээ төлөх, бусад зүйлд зарцуулах сонирхолтой байдаг зэрэг зөрчил илэрсэн. Иймд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн сахилга бат маш чухал. Түүнчлэн технологийн болон тоног төхөөрөмжтэй холбоотой цөөнгүй хүндрэл гарсан. Мөн орон нутгийн удирдлага, нутгийн иргэдтэй ойлголцох, тэдэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг орхигдуулж байсан. Авсан зээлээ эргэн төлөх найдвартай, санхүүгийн эх үүсвэргүй. Аль эсвэл түүнийгээ үнэн зөв мэдүүлэх, зөвхөн бакинд зориулж мэдээлэх гэх мэт зөрчил нийтлэг ажиглагдаж байсан.  Эдгээрийг аж ахуйн нэгжүүд анхаарч, цаашид засч залруулбал Хөгжлийн банкны зүгээс санхүүжилт олгох боломжтой.

-Өнгөрсөн хугацаанд танайхаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн тухайд зээлээ эргэн төлөөгүй асуудал гарсан гэсэн.  Ийм хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алтны арав гаруй компанид зээл олгоход нэг нь л цаг хугацаандаа буюу гэрээнд заасан ёсоороо буцаан төлсөн. Гэхдээ анх зээлийг Сангийн яамны санхүүжилтээр олгож эхлэхдээ маш богино хугацаатай олгосон нь үүнд нөлөөлсөн байж магадгүй. Яагаад гэвэл, нөгөө талдаа эх үүсвэрийнх нь хугацаа богино байсан. Харин одоо бол санжүүжилт олгохдоо үйлдвэрлэл явуулж алтаа тушаагаад зээлээ төлөхүйц хэмжээний хугацааг тавьж өгөхөд анхаарахаар болсон.

-Банкны хувьд ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?

-Тухайн аж ахуйн нэгжийн хүссэн зээлийг бизнесийн мөчлөгтэй нь уялдуулж олгож чадаагүй явдал гарсан. Мөн валютын ханшийн зөрүү болон алтны ханш зэрэг нь зээлийн эргэн төлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн барьцаа хөрөнгийн асуудал ихээхэн тулгардаг. Үүнд хоёр талаасаа анхаарах зүйл бий. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.6-д “Хөгжлийн банкнаас олгож буй аливаа зээл, санхүүжилтийг барьцаа хөрөнгөөр хангасан байх ёстой” гэж заасан байдаг.  Нөгөө талдаа алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөл хэрэгтэй байдаг. Тиймээс бид энэ талд тухайн төсөл хэрэгжүүлэгчийн лиценз, үл хөдлөх хөрөнгө, техник, ирээдүйн орлогыг барьцаалах зэрэг арга хэмжээ авч, уян хатан бодлого баримталдаг. Гэхдээ заавал барьцаатай байх шаардлага тавьдаг. Яагаад гэвэл, алтны салбар өндөр эрсдэлтэйгээс гадна өмнө нь манай банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд цаг хугацаандаа зээлээ төлөөгүй байдал үүсгэсэн. Зарим аж ахуйн нэгжийн асуудал шүүхийн шатанд явж байна. Ийм байдал нь дараа дараагийн санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлдөг.

-Цаашид алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийг хүртээмжтэй, хүндрэлгүй байдлаар олгох талд ямар бодлого, чиглэл баримтлахаар төлөвлөж байна вэ?

-Алтны салбар стратегийн хувьд ихээхэн ач холбогдолтой учраас Хөгжлийн банкнаас дэмжиж санхүүжилт олгох бодлого баримтална. Ингэхдээ санхүүжилтийн олон арга механизм хэрэглэх бодлого баримталж байна. Тухайлбал, бизнесийн мөчлөгтэй нь уялдуулж, улирлын ажлыг эхлүүлэхээс өмнө санхүүжилт олгож байхаар болсон. Тодруулбал, тухайн оныхоо хоёрдугаар сарын 1 гэхэд санхүүжилтийг нь шийдэхийн тулд зээл хүсч буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг аль болох эрт авахаар төлөвлөж байна. Алт олборлогч компаниуд мэргэжлийн оператор, зөвлөх үйлчилгээний компаниуд мөн чадавх бүхий хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллахыг зөвлөдөг. Хайгуулын нөөц багасч байгаа учраас аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө боломжид тулгуурлан хайгуулын ажлаа хийж, улмаар ашиглалтынхаа зөвшөөрлийг авбал санхүүжилт хийх боломжтой.

-Танайхаас хэд хэдэн сан байгуулж байгаа юм билээ. Тэдгээр сан ямар үүрэгтэй ажилладаг юм бэ?

-Хөгжлийн банкнаас зөвхөн зээл олгодоггүй. Тоног төхөөрөмжийн лизингийн хэлбэрээр алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах боломжтой. Тухайлбал, Хөгжлийн банкны дэргэдэх лизингийн компани өнгөрсөн хугацаанд газар тариалан, хүнд даацын тоног төхөөрөмжийн чиглэлээр 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Тавигдах шаардлагын хувьд банктай яг адилхан байдаг. Мөн Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулсан. Одоогийн байдлаар үүн дотор гурван санг үүсгэн байгуулсан. Нэгдүгээрт, дэд бүтэц, уул уурхай хүнд үйлдвэрийн сан. Хоёрдугаарт, ногоон төслийн сан. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн сан. Ийм үндсэн гурван чиглэлийн санг байгуулаад ажиллаж байна.

-Эдгээрээс ногоон төслийн санг хүмүүс нэлээд сонирхож байна. Хэзээнээс санхүүжилт олгох вэ?

-Энэхүү төслийг бид Азийн хөгжлийн банктай хамтарч хэрэгжүүлж байна. Энэ жил санхүүжилтийн бэлтгэл ажлыг хангаж, 2020 оны нэгдүгээр улиралд эхний аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохооор төлөвлөж байна. Ногоон хөгжлийн сангаас  барилга, эко орон сууцны чиглэлээр санхүүжилт олгох юм. Дэд бүтэц, уул уурхайн чиглэлийн сангийн үйл ажиллагааг зэрэгцүүлэн явуулж байна. Сангаа байгуулаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч эргээд аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж ажиллаж байна.

-Танай банкнаас санхүүжилт хүсч буй аж ахуйн нэгжүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд бид нэг л зөвлөгөө өгдөг. Тодруулбал, аль болох санхүүгийн олон эх үүсвэртэй болох нь зүйтэй. Ганцхан банкны зээл биш өөр бусад санхүүгийн арга механизмыг ашиглаж бизнесээ явуулахыг зөвлөдөг. Мөн техник эдийн засгийн үндэслэлд тусгасны дагуу нөхөн сэргээлтийнхээ ажлыг цаг тухайд нь бүрэн гүйцэд хийх хэрэгтэй.

“Монголын үнэн” сонин сэтгүүлч С.Юмсүрэн

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...