Хүмүүс Хустайг андахгүй. Монголчууд байтугай дэлхий мэднэ. Унаган байгальд устаж үгүй болох аюулын ирмэгт очоод байсан зэрлэг адуу болох тахийг маш амжилттай сэргээн нутагшуулсан болохоор Хустайг дэлхий мэддэг болсон хэрэг. Анх 1992 онд 15 тахь авчирснаас хойш өнөөдөр 330 гаруй болтлоо өсөж үржжээ. Гэхдээ Хустайн байгалийн цогцолборт газрыг зөвхөн зэрлэг адуу болох тахийн нутаг гэж ойлгож болохгүй. Энд халиун буга, бор гөрөөс, зээр, аргаль, шилүүс саарал чоно, тарвага зэрэг 55 зүйл хөхтөн, гангар хун, шаазгай, начин шонхор, нөмрөг тас гээд 223 зүйл шувууны аз жаргалтай гэр орон болжээ.
Хустайд хаврын яг өдийд бугын ясан эвэр хайгчид тасрахгүй. Тэд өмнө нь бугын сүргийг моторт хүлгээрээ элдэн хөөж эцээд аврал эрэн унахаар эврийг нь хөрөөдөөд явчихна. Тарчиг цагт эцсэн буга сэхэл авах боломжгүй учраас үхэх хатуу тавилан л угтана. Харин байгаль орчны чиглэлийн хууль дахь хариуцлага чангарч, Зөрчлийн хуулиар газар дээр нь хариуцлага тооцдог болсон, Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаанаас хэвлэлийнхэнтэй хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар бугын хууль бус ан эрс буурсан гэдгийг тус газрын Хамгаалалтын албаны дарга Г.Ууганбаяр онцолсон.
Хэдийгээр нааштай үр дүнгүүд гарч байгаа ч байгаль орчны эсрэг гэмт хэрэг санасан хэмжээнд хүртэл буурахгүй байгааг ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад А.Манлай хэлэв. Зөвхөн 2019 он гараад байгаль орчны эсрэг гэмт хэрэг 20 гарчээ. Саяхан л гэхэд дархан цаазат Богдхан ууланд гурван халиун буга хууль бусаар агнасан муу мэдээтэй. Бөөгийн хувцас хэрэглэл, зарим зан үйл, ам дамжсан баталгаагүй яриа, мухар сүсгээс болоод зэрлэг амьтдын эд эрхтэнг авах зорилгоор амийг нь таслах нь олонтаа тохиолддог.
Амаа мэдэж ярихгүй бол элдэв мухар сүсгийн золиос болж амиа алдсан бодит жишээ ч байна. Яргуй идсэн гөрөөсний цус уусан 25 настай залуу эмнэлэгт ирээд амиа алдсан тохиолдол өнгөрсөн онд гарчээ. Орчин үеийн шинжлэх ухаан яргуй идсэн гөрөөсний цус уувал биед тустай гэж огт батлаагүй. Тиймээс энэ мэт баталгаагүй үг, мухар сүсэгт итгэвэл амиа ч алдаж мэдэх нь. Тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ан хийвэл Эрүүгийн хуулийн дагуу 2-8 хүртэл жилийн ялтай болсноос гадна учирсан хохирлыг 2 дахин нугалж төлүүлдэг болсныг цагдаагийн ахмад А.Манлай ахин дахин сануулсан юм.
Халиун бугын ясан эврийн тухайд шальтай үнэ хүрдэггүй. Уг нь эвэр байгальдаа үлдвэл өөр амьтдын идэш тэжээл болдог гэж биологчид хэлдэг. Эвэр түүгчид Оросоор дамжуулаад Вьетнамд гаргадаг гэсэн яриа бий. Бугын ясан эвэр гаргах тусгай зөвшөөрөлийг салбарын яамнаас авсан зургаан аж ахуйн нэгж байдаг бөгөөд өнгөрсөн онд улсын төсөвт 30 сая төгрөг л оруулсан мэдээтэй. Бугын ясан эвэр зараад улс ч, компани ч, иргэн ч баяжсан түүх алга. Харин өчүүхэн ашиг хонжоо хайгчдын хядлагын цусан мөр заримдаа үерлэж, байгальд нөхөж боломжгүй, хэмжиж барамгүй хохирол учирсаар байгааг эрхбиш анхаарах цаг болжээ.
Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон шийдвэрийг 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гарсан байдаг. Энэ шийдвэрийг бариад явахад байгаль хамгаалагч нарт мэдээж нэмэр болдог. Хулгайн анчидтай хууль ярихад дэмтэй. Гэхдээ л мэдэн будилж олзонд шунагчдын арга улам л нарийссан.
Жилд 30 сая төгрөг төсөвт төвлөрүүлэхийн тулд хууль бус анчид, эвэр хайгчдыг өөгшүүлсээр байх уу. Энэтхэг, БНХАУ зэрэг улс орон зааны соёог хил дамнуулан худалддаг сүлжээ, гэмт бүлэглэлтэй тэмцэхийн тулд хориглосон шийдвэрүүдийг гаргасан байдаг. Хэрэв халиун бугын ясан эвэр түүхийг бүрмөсөн хориглосон шийдвэрийг салбарын яамнаас гаргачихвал олз хайгчдын гарт зэрлэг амьтад сүйддэг цөвүүн цаг цаашилна. Ховор, нэн ховор амьтдаа цаазын тавцанд зогсоход хүргэдэг учир шалтгаануудыг уг үндсээр нь тасалж чадвал муу үр дагавар нь үгүй болох биз ээ.
Б.ТҮВШИНТӨГС