Р.Чойномын ээжийн хэвлэлд өгсөн цор ганц ярилцлага

Социалист нийгмийн үед "зөрүүд" шүлэг найргаасаа болж баригдаж хоригдож явсан Р.Чойном гуайн ижий хүүгээ өнгөрснөөс хойш арван жилийн  дараа буюу ардчилалын салхи сэвэлзсэн 1990 онд "Ардчилал" сонинд хүүгийнхээ талаар цорын ганц ярилцлага өгсөн  байдаг. Энэ  ярилцлагыг бүрэн эхээр буулган та бүхэндээ хүргэж байна. "Чойномын ээж" гарчигтай уг ярилцлага "Ардчилал" сонины 04 дүгээр сарын дугаарт хэвлэгдсэн юм.

“ЧОЙНОМЫН ЭЭЖ” 

Өмнөх үг

МоАХ-ноос яруу найрагч Р.Чойномын ээж Дэмидийн  Рэгзэн гуайд 1000 төгрөг хандивласныг МоАХ-ны зохицуулах  зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ц.Элбэгдорж гардууллаа. Мөн  Рэгзэн  гуай баярлаж талархсанаа хариу илэрхийлж ажил үйлс чинь өргөн  дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлэж МоАХ-нд 200 төгрөг хандивлалав. Зохиолчийн ээжтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.

Чойном гуайн ээж нийслэл хотод хүрэлцэн ирснийг Сүхбаатарын талбайд болсон цуглааны индэр дээрээс  мэдэж билээ. Харин буусан айлынх нь хаягийг зохиолч Шаравын Сүрэнжав гуайгаас авсан юм. “Дараагийн номнуудыг хэвлэлд бэлтгэж байна” Хүмүүсийн гарт үлдсэн зүйлийг ч авчирч өгөх байх. Гэтэл  бас мөнгөнөөс нь хуваалцах ёстой гэж заргалдаж яваа хүүхнүүд байгаа тухай ч цухас ярилаа.

Бүтэн сайнд оройхон Чойномын ээж байгаа баруун хүрээний 31 дүгээр байшинд явж очсон юм. Зориг муутайхан хаалга тогшив. Хөгшин ч байлаа. Бас түүний ирснийг дуулаад ойр төрлийнх нь олон зочид ирсэн байв. Учир нь гэвэл хөгшин  маргаашнаас хэтрэлгүй явах ёстой гэнэ. Би мэндлээд ширээний ард суулаа. Ингээд  бид хэдэн минут ярилцав. Энэ  бол азтай хором байлаа.

Та хэд хүрч байна вэ?

-80 л гарч байна…

Нутаг буцах гэж байна уу

-Тиймээ Төв аймгаас нэг охин ирэх ёстой. Түүнтэй уулзангуут нутаг  явлаа.

Бие гайгүй юу?

-Толгой л өвдөөд бусдаар тун гайгүй шүү. Түрүү нь  хүүгийнхээ уран бүтээлийн үдэшлэгт орж сэтгэлд хөдөлснөөс ч тэр үү маргааш нь бие  чилээрхэн жанжин Сүхбаатарын талбайд болсон сайхан  баярт оролцож чадаагүй. Харин би хүүхдээр зурвас бичиж явуулсан.

-Хүлээж авсан. Олны өмнө уншихад таныг ирсэн  мэтээр талархан  хүлээж авсан шүү дээ гэхэд

Өө тийм үү гээд үл мэдэг инээмсэглэв. Тэгснээ хэсэг чимээгүй суучихав.

-Манайхан бол дуу муутай улс шүү дээ. Талийгаач ч бас дуу муутай. Түүний ах нь адуучин  бий. Амнаас нь үг сонсох нь ховор доо гэлээ.

-Танайх одоо хаана байна вэ

-Хэнтийн Дарханд

-Хэнтэйгээ байна даа

Хүүгийнхээ нэг  бандитай. Тэр л надад их тус болох юм даа гээд аанай л дуугүй боллоо. Бич гэсэн хэсэг чимээгүй болов. Ер нь ярихад бүх юм хүнд байгаа бололтой. Эхийн сэтгэлд гуниг шаналан он жилээр хуримтлагджээ. Хүүгийн минь тухай ноднингоос радиогоор ярьж эхэлсэн. Ийм цаг ирнээ гэж үнэндээ зүүдлээгүй явсан. Хүүгийнхээ номыг гар дээрээ тавиад л бас уйлж үзлээ. Бас үнэнээс гадна худал зүйлийг бичиж эхлэх шиг  боллоо.

За … ?

Эцэг нь сүрьеэ өвчтэй байсан гээд. Би мэдэлгүй яахав. Тэр өвчин эмгэг хэлдэггүй хүн байсан.

Гэнэт дотор юм унжиж байна гэж хэсэг  яриад л нэг  мэдэх нь гучин хэдэн насандаа цэл залуугаараа өөд болсон юм.

Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Зургаа. Талийгаачаас бусад нь мэнд сайн  байна. Бас багаасаа мал маллаж сүүлд нь хүүхдүүдээ сургууль соёлд оруулахын тулд сумын төв дээр  байдаг байв. Энэ хүүдээ маш их санаа зовдог байсан. Бие  муутай учраас шоронд үхэх  байх гэж санаа зовдог байсан. Тэгээд л би уулзах  гэж явна. Ингэж явахдаа шүүхийн хаалга татахад нааш  цаашаа зөндөө гүйлгэдэгсэн. Болдогсон бол  өдөр бүр уулзмаар  байдаг. Тэгтэл  жилд  ганцхан  удаа л дөнгөж харагдах боломж олдоно. Муу хүү минь шоронгоос амьд мэнд эргэж ирэхгүй нь гэсэн харамсалтай бодол ямагт сэтгэлд орж ирдэг  байв. Дотроо их шаналах юм. Одоо ч гэсэн шаналж харууссаар  байх юм. Хааяа бодоход хоол идэж байсан  бол хоолой давахаа байчих юм байна шүү дээ.

-Эцгийнх нь тухай…?

Бага залуу насандаа Чойрын хүрээнд лам байгаад л баригдсан. Сүүлд хөдөө гарсан.

-Чойном хоёр дахь хүү нь үү?

Тийм ээ.

-Бага насных нь талаар?

-Багадаа их сэргэлэн цовоо, тэгсэн мөртлөө нэлээд дуугүй хүүхэд  байсан. Их зурна. Ер нь дандаа юм зурна. Цаас харандаа биенээсээ ердөө салгахгүй.  Хүний ярьсан үлгэрийг дор нь цээжилж хүнд  ярьж өгнө.

“Урьд шөнө тэгж зүүдлээд мөн ч сайхан унтлаа” гэж ярьдаг  байсан. Шоронгоос гарч ирээд ч тэгээд л  ярьдаг  байсан. Зүүд их зүүдэлнэ. Зүүд зүүдэлж байвал  сэтгэл  амарч сайхан  болдог гэж хэлдэг  байсан. Бага сургуульдаа тун  сайн  сурсан. Дандаа л нүүр гарын савангаар шагнуулж муу ээжээ баярлуулж явсан. Дөрөвдүгээр ангиа онцсайн дүнтэй төгсч эсгий гутлаар шагнуулан аймгийн төвд сурах  болсон юм. Тэр үед би өвчтэй хөгшин,  нялх  дүү нартай нь үлдсэн болохоор хойноос нь эргэж очиж чадаагүй.

Аймаг очоод  бие нь мууджээ. Эхлээд  ханиад  хүрчээ. Энэ нь үгдэрч уушгины хатгаа болсон. Хагас жилээр гэрээ саналаа гэж ирээд  яваагүй. Тэгээд л сумын бичээч болсон .

-Удсан  уу?

-Нэг их удаагүй. Аймаг явж “Урагшаа” сонинд бичээч болсон .  Энд  ажиллаж байхдаа зохиолч Содномдоржтой танилцаж хот орсон. Хот орсон хойноо бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн байв. Багадаа архи тамхи хоёрыг үзэн  яддаг  байсан. Сүүлд нь амьдралдаа гутарсан ч юм уу архи тамхи нэг үе их хэрэглэсэн. Гэхдээ тамхинаас бүрэн  гарч архийг бас согттолоо уудаггүй байсныг хэлэх  хэрэгтэй болов уу.

Гэр  бүлийн хувьд…?

-Нэг газар  удаан тогтдоггүй, нүүдлийн зээрний амьдралтай хүн байсан юм.  Номд гардаг  шиг тийм олон хүүхэнтэй байгаагүй. 1-2 хүүхэнтэй тийм ч удаан биш хугацаагаар  суусан болов уу. Нинатай сууж байгаад л хөөгдсөн байх. Сүүлд нь шоронгоос гарч ирээд  л “Хар пальтог авч ир”  гээд л намайг явуулсан. Гэтэл  хаалга хагас, хагас нээгээд л

-Хүүгийн  чинь пальто байхгүй. Би аль хэдийнэ зарж идсэн гэж хэлж л байсан юм даа. Надад мэдэх юм алга.

-Хүүгийнхээ ямар зан  чанарыг илүү хүндэлдэг  вэ?

-Зүгээр суудаггүй. Хэзээ ч ер нь зүгээр сууна гэж байхгүй. Өвчтэй хэвтэж байхдаа ч босоод л юм хийнэ. Бичнэ, зурна. Согттолоо архи уудаггүй. Түрүүлж онгирч сагсуурч дуугардаггүй. Ер нь хүнээс урьтан  дуугардаггүй.

Чойном гэдэг нэрийг яагаад өгсөн юм бэ?

-Аав нь их бэлэгшээж өгсөн юм.

Хаана төрсөн бэ?

-Дархан уулын баруун хойхно Бор-Ухаагийн зүүн хажууд 1937 оны цагаан сарын өмнөхөн гарсан юмдаг. Тэр үед манайтай айл морь Пунцаг, Аюур гэдэг хоёр айл байсан.

-Сайн найзууд нь…?

-Олон сайн найзтай байсан биз дээ. Ямар ч байсан миний мэдэхээр Ш.Сүрэнжавын яахын аргагүй дотнын анд нь юм. Сайн явахад  ч хэрэгт татагдахад ч,  шоронд ороход ч, өвчтэй хэвтэхэд ч, нас барсан  хойно  нь ч ирж байсан. Тийм болохоор баярлан талархаж байдаг. Бас Нармандах,Тогоо, Түвшинжаргал гээд л сайн нөхдүүд бий. Би зөвхөн мэдэхээ л нэрлэлээ шүү дээ гэлээ.

Бидний өмнө гоёмсог хуур байв.

-Үүнийг хэдийд хийсэн юм бэ?

-Шоронгоос гараад л ах Төмөрбатдаа хийж өгсөн. Дээр нь 12  жил сийлсэн. Энд гаргасан  санаанууд нь их утгатай. Боржигон гэдэг нь манай Дархан  сумын боржигон овгийнхон юм. Цагаан  тэмээ сийлсний учир гэвэл манайхан бол Цагаан тэмээтийн угийнхан юм.

-Хүүтэйгээ сүүлийн удаа хэдийд уулзсан  бэ?

-1978 оны 09 дүгээр сард Дарханд надтай цуг агаарт байхаар ирсэн юм. Бие нь тийм ч сайн  биш байсан. Яг энэ үед миний хөл хугарч аймагт хэвтсэн. Тэгээд л би  тун муу байна гэдгийг нь сонсоод намайг хот ороход цахилгаан зөрсөн  байв. Эмнэлэгт явж очиход өглөө нь нас барлаа … гэсэн. Хүүтэйгээ сүүлчийн удаа уулзаж байгаа нь ердөө л энэ. ..

Амьдрал гэдэг тун аймшигтай ажээ. Их шүлэгч нэгэнт одсон болохоор энэ бүхнийг хэлэхэд  бас бэрх. Хүний амьдрал  хувь  заяа амьдрал  уран бүтээлтэй нь  цуг залгисан  тэр гунигт , тэгэхдээ биднээс төдийлөн холдож амжаагүй он цагийн тухай дурсаж байна. Чойном гэдэг нэрийг нэг хэсэг нь бишрэн шүтэж байхад нөгөө хэсэг нь хэлэхээс цээрлэж, айж зугатаж явсан нь худлаа биш ээ. Хоёрхон жилийн өмнө цэргийн анги дээр болсон уулзалт дээр Чойномыг манай зохиолч дотроос муулж байсан хүмүүс бий. “Чойномыг амьдаар нь алсан юм. Тийм ч учраас хүнийг алахын  баярыг хийж чадлаа гэж” Нямдорж гуай хэлж байсан.

Чойномын номыг хэвлэж уран  бүтээлээ туурвих эрх чөлөөг олгохын оронд шорон гянданд хорьж бүхий л амьдрал  хувь заяагаар нь даанч эмгэнэлтэй тоглосон билээ. Чойном бол манай ард түмний баяр бахархал төдийгүй харуусал гуниг юм.

Одоо болохоор номыг нь ашиг  хонжоо болгож шүлгийг нь дамлаж нэр төрөөр нь  амьдрахыг оролдогсод гарч ирлээ. Хүнд  суртал хүнийг алахдаа ч шулж, идэхдээ ч огтхон ч харамсахгүй юм.

Гайтай хүү төрүүлсэн гайтай эх болж гайтаж явсан энэ хүн гавьяатай хүү төрүүлсэн гавьяатай эхийнхээ гавьяаг эдлэх болоогүй гэж үү. Эхийн зовлон шаналанг  мөнгө нимгэлэхгүй нь мэдээж. 50 мянга x 15 төгрөг=?

Тийм ээ, Чойномын номыг 50 мянган  хувь хэвлэж 15 төгрөгөөр зарахдаа 750 мянган төгрөгийн ашиг олсон мөртлөө аанай л гар татаж их шүлэгчийн ээжид 13 мянган  төгрөг өгчээ.

Мөнгө яах вэ хүүгийн  минь нэрийг ярьж эхэлсэнд би  баярлаж байна гэж тэрээр өгүүлж сууна.

Алдарт зохиолчийн ээж 40 төгрөгийн тэтгэвэртэй байна. Оргүй дор яах вэ. Гэхдээ хүнийг энэрч хайрладаггүй хүнд  сурталт системийн баталгаатай жишээ бол энэ ээ. Чойномыг хүндэтгэдэг  байсан бол тэр олон бэрүүд яагаад хадам ээжтэйгээ нэг ч удаа золгодоггүй юм бол доо. Чойномыг ядарч зүдэрч явахад нь сураггүй болсон бүсгүйчүүд түүний нэр алдар мандаж, шүлгийн нь ном нь алтаар үнэлэгдэж эхлэхэд шуугин гарч ирэх нь юусан билээ. Мөнгө хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ эхийг нь хүндэтгэж байж хүүг нь хайрлах ёстой биш үү. Монгол бүсгүйн монгол сэтгэл, монгол хайр, монгол ухаан хаачив аа.

Явахынхаа өмнө та амины малтай юу гэхэд

-Үгүй үгүй

-Ганц малгүй юу?

-Ноднин хээр хоцорсон ганц өнчин хурга над дээр ирж өсч торниод айлын  үхэр дагаж явдаг  болсон . Энэ л миний амины мал юм даа гэв.

Монголд жирийн хүн ийм л амьдарч байна. Өнчин хүүхэд, тэтгэвэр багатай хүнд туслах тухай их л  ярилаа, их л хуралдлаа. Намын татаас, хүнд суртлын аппарат, элдэв хурал цуглаанд хэчнээн хөрөнгө үрнэ вэ. Ёстой л голын  ус шиг  урсаж байна. Саяхан  хуралдсан эвлэлийн онц их  хурлын зардалд үрсэн мөнгөөр монголын өнчин ядуу хүүхдүүдийг хооллож хувцасласан ч болоосой. Чойномын номыг шимтэн уншиж суусан нэг залуу “архи дарсаар ёстой нэг тоглож явжээ,  авгай хүүхнээр бол ёстой нэг наадаж явжээ ” гэлээ. Энэ бол бас л өнгөцхөн ойлгосон хэрэг шүү.

-Аяа хүмүүс ээ! Яруу найраг, амьдрал , үнэнг жинхэнэ  ёсоор таньж ойлгогтун!

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...