Булганы Хутаг-Өндөр суманд мах боловсруулах үйлдвэр үүдээ нээлээ

Байгалийн гамшигт хоёр жил дараалан өртсөн Хутаг-Өндөр сумынхны магнайг тэнийлгэсэн үйл явдал өнгөрсөн бямба гарагт боллоо. 2013 оноос хойш үүдээ бариад байсан үйлдвэрт хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийн хоногт 500 бог, 100 бод нядлах хүчин чадалтай болгож дахин ашиглалтад орууллаа. Жилдээ 1500 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа үйлдвэрийн удирдлагууд онцолж байв. Булган, Архангай, Хөвсгөл аймгаас мал авч, махыг нь боловсруулах юм байна. Үйлдвэр өнөөдрийн байдлаар 60 ажлын байр шинээр бий болгосон бөгөөд цаашлаад ажиллагчдын тоо, үйлдвэрийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж үйлдвэрийн удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.

Булган аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн санаачилсан “Шинэ хөдөө” хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд шинээр үүдээ нээж байгаа мах боловсруулах үйлдвэр том түлхэц болно гэдгийг онцолж байв. Тэрбээр хэлэхдээ “Үйлдвэржилтийг дэмжих зорилгоор төрөөс баталсан “21-100” хөтөлбөрийн хүрээнд Булган аймагт мах боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөсний эхнийх ийн үүдээ нээж байна. Хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлсэн компанийнханд талархал илэрхийлье. Энэ бол хөдөөд ажлын байр нэмэгдэх, мал сүрэг, мах эдийн засгийн эргэлтэд бодит утгаараа орох том эхлэл юм. Үйлдвэрийн үйл ажиллагаа, алсын харааг “Шинэ хөдөө” хөтөлбөртэй уялдуулснаар мал сүрэг эрүүлжиж, эдийн засгийн үр өгөөж дээшилнэ” гэлээ.

Салбарын мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор Монгол Улс махны экспортоор жилд нэг тэрбум доллар олох боломжтой гэдэг. Булганы Хутаг-Өндөр сумын “Булган мах маркет”-ийнхан хүчин чадлаа үе шаттайгаар нэмэгдүүлснээр жилд 50 мянган долларын борлуулалт хийхээр зорьж байгаа ажээ. Ингэхийн тулд ОХУ руу мах гаргадаг байсан зөвшөөрлөө сэргээж, шинээр БНХАУ, Иран зэрэг улсын зах зээл рүү мах экспортлох зөвшөөрлөө авахаар хөөцөлдөж эхэлсэн байна. УИХ-аас саяхан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж, малынхаа ашиг шимийг бодит орлого болгох санаачилга бүрийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Б.ТҮВШИНТӨГС

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...