Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төв нь 2015 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 1400 гаруй хүүхэд мэндэлсэн амжилттайгаар ажиллаж байна.
Тэгвэл тус эмнэлэг нь Япон улсын “Като Лэдиес Клиник”, Филиппин улсын “Като рэпро биотек цэнтр” нартай хамтран Индонез улсын нийслэл Жакарта хотод өөрсдийн салбар болох “КАТО ӨӨЖИН” эмнэлгийг шинээр нээлээ. Индонез улс хүн амынхаа тоогоор дэлхийд 4-т ордог бөгөөд 280 гаруй сая хүн амтай.
“КАТО ӨӨЖИН” эмнэлэг нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд Япон технологийн дагуу “Зөөлөн сэдээлт, байгалийн мөчлөг“ бүхий үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийдгээрээ онцлогтой. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний сүүлийн үеийн технологи, шалгарсан боловсон хүчин, чанар, стандарт хангасан эмнэлгээр үргүйдэл, нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээ авахыг хүссэн олон мянган гэр бүл тус эмнэлэг нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байсан гэж хэлж болно.
“Зөөлөн сэдээлт, байгалийн мөчлөг” бүхий үр шилжүүлэн эмчилгээг хийлгэснээр бага өртгөөр өндөр үр дүн бүхий эмчилгээг хийлгэж боломжтой. Тус салбар эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн эмч, мэргэжилтнүүд удаан хугацааны туршид сургаж, мэргэшүүлж бэлтгэсэн байна.
Монголдоо анх удаа NGS технологийг нэвтрүүлсэн “Өөжин мед” эмнэлэг тун удахгүй үр хөврөлийн генетикийн шинжилгээг Индонез улсад нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч эгнээнд бичигдэж буй “Өөжин мед” эмнэлэг өөрсдийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг бататган Индонез улсад салбараа нээж, салбартаа шинэ түүхийг ийн бичлээ.