Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.09.10/ мэдээлэл хийлээ. ХЭҮК-ийн Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

Өнөөдөр Монгол Улсад улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ бол том сургамжтай, хүний эрхийн ноцтой зөрчил манай улсад дахин бүү гараасай гэсэн агуулгыг сануулсан өдөр. Иймд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн түүхээсээ сургамж авах нь чухал. Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч ажилладаг. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох эрхтэй холбоотой олон асуудал хөндөгдөж байна. Энэ төрлийн гомдол, мэдээлэл наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхний хагас хүртэл нэлээд нэмэгддэг.

Ерөнхийдөө хүний эрхийн гомдол, мэдээлэл нь тухайн үеийн үйл явдалтай холбоотойгоор өсөж, буурах хандлагатай байдаг. ХЭҮК өнгөрсөн 2025 онд нийт 1461 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүний тодорхой хэсэг буюу 10 орчим хувь нь хүүхдийн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл эзэлж байна.

Нэгдүгээрт, түр оршин суух хаягийн бүртгэлтэй хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөж байгаа асуудал байна. Энэ бол үнэндээ жил бүр гардаг асуудал. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хамран сурах тойргийг тогтоохдоо эцэг, эхийн хөрөнгө чинээ, өөрийн нэр дээр байрны гэрчилгээтэй эсэх зэрэг бусад хөрөнгийн мэдээллийг шаардаж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхалтад өртүүлэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс үүдэн түр оршин суух хаягийн бүртгэлтэй гэх шалтгаанаар хүүхдийг хамран сурах сургуульд нь бүртгэхгүй байх, улмаар хүүхэд сургууль завсардах эрсдэл бий болж байна. Төрийн байгууллагууд нэн тэргүүнд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Тиймээс ийм төрлийн шаардлагыг зогсоох ёстой.

Сургууль болон боловсролын байгууллагын удирдлагууд тухайн хаяг дээр бүртгэлтэй, шилжилт хөдөлгөөн нь тодорхой байгаа тохиолдолд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах ёстой.

Мөн сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн хувийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулж байгаа асуудал гарч байна. Энэ нь хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ асуудалд ХЭҮК эсрэг байр суурь илэрхийлж байгаа. Гуравдугаарт, сургуулийн сурагчдын үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэлтэй хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал байна. Үүн дээр дүн шинжилгээ хийж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хэрэв ийм тохиолдол гарсан бол шуурхай арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх талаар Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн манайд ирсэн гомдол, мэдээллийн мөрөөр багш, ажилтнуудын зүгээс хүүхдэд үзүүлж байгаа зүй бус харьцаа, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдлүүдийг түүврийн аргаар хянан шалгасан. Үүний үр дүнд нийслэлийн Боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн.

Нийслэлийн сургуулиудын даац хэтэрсэнтэй холбоотойгоор хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал мөн хөндөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд алслагдсан болон дахин төлөвлөлтөд орсон байршлуудад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын хүүхдийн тоо хэтэрсэнтэй холбоотойгоор нэг ангид 60-70 сурагч хамрагдах тохиолдол байна. Сургуулийн байр, танхим хүрэлцээгүйгээс хувийн хэвшлийн объект түрээслэх замаар сургалтын үйл ажиллагааг явуулах, хичээлийн анги, танхимын хүртээмжгүй байдлаас шалтгаалан хүүхдүүд хуванцар сандал дээр сууж хичээлдээ оролцох зэрэг нөхцөл байдал ажиглагдсан. Төрийн байгууллагуудад иргэдийн хаягийн мэдээлэл байдаг учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг урьдчилан тооцоолж, шийдвэрлэх шаардлагатай.

Мөн сүүлийн жилүүдэд анхаарал татаж байгаа нэг асуудал нь дотуур байрны нөхцөл байдал. Улсын хэмжээнд 500 гаруй бүрэн дунд сургууль дотуур байртай байдаг. ХЭҮК 2022 оноос эхлэн орон нутаг болон Улаанбаатар хотын дотуур байруудад тогтмол хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 194 дотуур байранд хяналт, шалгалт хийж, нөхцөл байдлыг үнэлээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...

Непалд үер бууж 160 хүн нас барж, 400 хүн сураггүй боллоо

2026 оны 8-р сарын 26-нд Непалын хойд хэсэгт хөрсний...

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...