1. Бизнесийн салбар. Бизнесийг дэмжинэ, бага хүүтэй ээл өгнө гэж хэлчихээд улстөрчид нь өөрсдөө хуйвалдаад авчихна, эсвэл банкаа зохиомлоор дампууруулна. 1990 оноос хойш дампуурлаа зарласан банкуудын түүхийг харвал дандаа бүлэглэлүүдийн тоглоом. Алт дилерийн хэргээс авахуулаад Капиторон банкны Нийгмийн даатгалын сангийн мөнгийг угаасан хэрэгт МАНАН бүлэглэлийн улстөрчид гар дүрсэн, оролцсон байдаг. Хамгийн сүүлийн жишээ нь Хөгжлийн банкны луйвар. 1.8 их наядын зээлийг найдваргүй гэх ангилалд оруулж завших гэж байсан нь илэрч, нийгмээрээ шахаж шаардсаны хүчинд эхнээсээ эргүүлэн төлцгөөж байна. Засгийн газар нь, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн хамтарч шүгэл үлээгээгүй бол энэ дээрэм тонуул хэдхэн хүнийг баяжуулаад, тавьсан өрийг нь монголчууд нийтээрээ үүрэх байв. Банкуудад хяналт тавих үүрэгтэй Монголбанкны албан тушаалтнууд хувьдаа Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулан мөнгө хүүлдэг байсан ч байх шиг. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд гоё нэртэй бондуудын мөнгөөр туйлж, хулгайн мөнгөөрөө бүгдийг худалдаж авдаг авлигын систем Монголын хөгжилд ингэж чөдөр тушаа болдог учраас 1990 онд тэгш гараанаас гарсан улс орнуудаас хөгжлөөрөө сүүл мушгиж яваа нь гашуун үнэн.
2. Боловсролын салбар. Боловсролын зээлийн сан дандаа дарга анги, баячуудын хүүхдүүдэд үйлчилдэг байсан нь илрэв. Одоо мэдэгдэж байгаагаар 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй, авсан эзэд нь УИХ-ын гишүүн, сайд нар, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд. АТГ-аас мэдээлснээр үе үеийн Боловсролын сайд нар 941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн, тэдний 377 нь гэрээний үүргээ биелүүлж Монголдоо ажиллаагүй байх жишээтэй. Өнгөрсөн 30 жилд боловсролын салбар борчуудад лав ээлээ өгсөнгүй. Хамгийн өөдгүй нь хамгийн их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс зээлээ чөлөөлүүлж, төлөхгүй бултаж жирийн аавын хүү, ээжийн охины боломжийг хулгайлсаар ирсэн байсан. Ардын хүүхдүүд сурч боловсрохын төлөө гурваг ээлжээр хичээллэж, Утаа, хөрсний бохирдол дундуур бартаат замын уралдаан шиг бүдчиж явахад олигархиуд тэдний төлсөн татварын мөнгөөр 30 нугалан тансаглаж, цавчаа хийдэг шударга бус тогтолцоо одоо ч амь тасраагүй байна. Монголчууд боловсролын энэ хулгайг хожуу ч гэсэн мэддэг боллоо. Албан тушаалд очихын тулд хуурамч диплом үйлдвэрлэсэн булайг тоочвол далай
3. Уул уурхайн салбар. Монгол Улсын нийт газар нутгийн 78 хувь нь цөлжсөнийг Та мэдэх үү. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, үер, шуурга, цас, зудын гамшиг яагаад ойр ойрхон хаалга тогших болов. Товчхондоо бол уул уурхайн хариуцлагагүй байдал энэ бүгдийг далласан. Тосон Заасар тоост хөндий болтлоо эвдэгдэж, алтны халуурал юуг ч хайрладаггүй “нинжа” нарыг бэлтгэн гаргасан. Томоохон орд газруудыг хэдхэн гэр бүл, өнөөх улстөрчдийн хэтэвч болсон цөөн том компани хуу хамсан. Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч гэж Үндсэн хуульд тунхагласан ч үнэндээ бол нөгөө л улс төр, бизнесийн бүлэглэлийн өмч болтлоо гажуудсан. Хамаг баялагт эзэн суусан 30 гэр бүл гэх тодорхойлолт чухам энэ салбараас анхлан гарсан байдаг. Ганц жишээ өгүүлэхэд Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг бүлэглэлүүд өнгөрсөн 30 жилийн турш өөр хоорондоо наймаалцаж, өөрсдийнхөө эрх ашигт үйлчлэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг тодруулж иржээ. Сүүлдээ 44 их наядаар хэмжигдэх нүүрсний хулгай ил болж, залуус хөхөө өвлийн хүйтэнд төв талбайдаа гарч жагслаа. Ашигт малтмалын лицензийг баячууд том биетэй бөхчүүдийг хөлсөлж байгаад дээрэмдэн авдаг ширэнгийн хууль саяхынг хүртэл үйлчилсэн. Лицензийн наймаа бол бүр утгаа алдаж, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн.
4.Авлигад живсэн Улаанбаатар. Улсын нийслэлийн уруудан доройтсон өнөөгийн төрхөөс Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн булхай, луйврыг төвөггүй уншиж болмоор санагддаг. Газрын наймаа цэцэглэн хөгжсөн, зөвшөөрөлгүй барилга шил даран сүндэрлэсэн он жилүүдэд Улаанбаатарын архитекторын унаган төрх алдагдаж, бетонон ширэнгүүд ихсэж, авлига нэртэй хороолол хүртэл боссон байна. Нийслэлийн нийтийн тээвэр, газар олголт, тусгай зөвшөөрлүүд, үнэ цэнтэй төрийн өмчүүдэд бүлэглэлүүд мөн л гараа гүн дүржээ. Тэдэнд өрөвдөх сэтгэл гэж байсангүй. Хүүхдийн тоглоомын талбайг хүртэл дээрэмдэн тоножээ. Улаанбаатарын утаа бол авлига, хүнд суртлаас ялгардаг хорт хий юм гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Энэ бол маргашгүй үнэн. Үе үеийн Байгаль орчны сайд нар Зайсан толгой, дархан цаазат Богд уулын амуудыг авлигаар зарж хөлжсөн. Жирийн иргэнд 0.7 га газраа өмчилж чадахгүй байхад цөөн тооны баячууд уулаар нь хашаалж, үнэ цэнтэй бүх газарт эзэмшлээ тогтоосон, баян хоосны ялгаа тартагтаа тулсан нийслэл болон хувирчээ. Ямар сайндаа Засгийн газраас БЭТ томилтлоо засаглал нь дордсон байх вэ дээ. Энэ бүглдээс харахад өнгөрсөн 30 жилд шударгаар зүтгэсэн нь улам л дордож, хулгайлж шунагласан нь хагартлаа баяжсан гунигтай дүр зураг харагдана. Эзэн нь хичээсэн ч заяа нь түшдэггүй там шиг 30 жилийг бид үджээ. Хамгийн том гарз хохирол бол хүмүүс итгэл найдвараа алдах гэдэг. Дараагийн 30 жилд энэ бүх гажуудлыг засахгүй бол Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг ганцхан асуулт л үлдэнэ.