Парис хотод гарсан дээрмийн хэргийн хохирогч нь Монгол Улсын Ерөнхий сайд асны гэр бүл байсан бөгөөд 600 мянган еврогоор хэмжигдэх үнэт эдлэлээ алдаж хохирсон байж болзошгүй талаар Europe1 сувгаар мэдээлэв. Хохирлын хэмжээ болох 600 мянган еврог шилжүүлбэл 2.2 тэрбум төгрөгтэй дүйцнэ. Энэ хэмжээний мөнгөөр Улаанбаатар хотод 240 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга барьж, тууз хайчилж болно. Энэ дээрмийн хэргийн талаар уншсан монголчууд “Муусайн баячууд дээрэмдүүлэхдээ таарна, хохино” гэж цахим орчинд баахан уурсав. Туркт хойд эцэгтээ зодуулаад ухаангүй удсан 3-хан настай бяцхан монгол хүүгийн зүрх зогсов. Түүнийг эмчлүүлэхэд шаардлагатай 150 сая төгрөгийг халуун сэтгэлт монголчууд хандиваар босгосон ч хүү өнгөт орчлонг дахин хэзээ ч харахгүйгээр гэгээн алсад одсон. Монголчууд цахим орчинд талийгаач хүүг зодсон гэх хойд эцэг, нэг ч эргэж очоогүй ээж хоёрыг нь баахан харааж зүхэж байгаад сурсан зангаараа зүрх шимшрүүлсэн энэхүү үйл явдлыг мартацгаалаа.
Энэ хоёр жишээг тогтож сайн анзаарвал монголчуудын өнгөрсөн 30 жилийн дүр зураг тодрон харагдана. Монголчууд нийтээрээ ядуу хосон амьдралтай байхад эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр цөөн хэсэг нь хагартлаа баяжсан. Өвөл болмогц утаанаас зугтаж халуун оронд тарвалзаж байгаад ирдэг баячуудтай. Жирийн монгол хүний эрүүл мэнд эрсдэлд орж, үхэл амьдралын заагт ирэхэд гудамжинд зогсоод сайн санаат хүмүүсээс хандив гуйх ганцхан замтай. дээгээ тэнгэр хол, доош газар хатуугийн гачланг туулаагүй монгол хүн ховор доо. Уг нь ардчилсан нийгэмд баян байх нь гэмт хэрэг огт биш. Одоогоос 100 жилийн өмнө Солийн Данзан “Баяжихтун” хэмээх алдарт үгээ хэлсэн, үүнийг нь төлөө коммунистууд түүнийг хэлмэгдүүлэн хороосон түүхтэй. Өнөөдөр баян чинээлэг хүмүүсийг үзэн ядах хандлага нийгэмд хүчтэй ноёл байна. Баян байгаагийнх нь төлөө биш, хулгай хийж, төрийн өмчийг шамшигдуулсны, шудар ёсыг уландаа гишгэснийх нь төлөө өнөөдрийн хөрөнгөтнүүдийг үзэн ядаж байгааг ялгаж салгаж харах учиртай. Авлигын мөнгөөр баяжсан дарга анги, олигарх бүлэглэл Монголын нийгэмд бодитоор оршин буй учраас олон нийтийн уур хилэн чинээндээ тултал буцалж буй.
Нэг нийгмээс нөгөө рүү шилжсэнээс хойшхи хугацаанд монголчуудын маш цөөхөн хэсэг нь язартлаа баяжиж, дийлэнх нь улныхан гэж цоллуулах болтлоо ядуу хоосон амьдралтай болжээ. Өмч хувьчлалын үр шимийг монголчууд нийтээрээ хүртэж чадсангүй. Цөөн хэдэн хүн архины, хүнсний, ноолуурын, махны, сүүний үйлдвэрүүдийг, банкуудыг хувьчлан авч эзэн суусан. Өмч хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбар зорилгоо биелүүлж чадаагүй. Ашигт малтмалын лицензүүдийг мэдээлэлд ойр албан тушаалтнууд, тэднийг мөнгөөр угждаг компаниуд өөрсдөдөө бөөгнүүлж, лицензийн наймаа гэх хар бизнесийг тултал цэцэглүүлсэн. 2000-гаад оны дунд үед тендерийн цавчаа хийдэг, хил гааль дээр давуу эрх эдэлдэг “Ногоон гэрэл”-ийн компаниуд хүртэл бий болсон, түүнийг төр засаг нь хүлээн зөвшөөрдөг байлаа шүү дээ. Нийгмийн баялгийг тонон дээрэмддэг нам дамнасан бүлэглэл ингэж үүсэж, шударга бусын тугаа мандуулан цагаандаа гарсан юм. Хамаг бүхэнд эзэн суусан алдарт 30 гэр бүл ингэж улсаасаа баян болтлоо хэт тасарсан бодит үнэн энэ.
Ямар ч байгууллагын санал асуулгаар нийгэмд шударга ёс агаар ус мэт үгүйлэгдэж байна гэсэн үр дүн гараад байдгийн гол учир нь Эрдэнэт 49 хувь, Дарханы төмөрлөгийн, Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьчлал, Таватолгойн нүүрсний гэх мэт бүлэглэлүүдийн хулгай тэвчиж суухын эцэсгүй болсны шууд илрэл гэж хэлж болно. Цаашид яах вэ. Өнгөрсөн 30 жил шиг 30 гэр бүлийг улам баяжуулсаар байх уу, баруун солгойгүй хулгайлж, тонон дээрэмдэж байгаа бүлэглэлүүдтэй тэмцэж, монголчуудын шударга ёсны хүсэмжлэлийг гүйцэлдүүлж чадах уу. Нэг л үнэн бий. Бүлэглэлүүдийн хулгайг зогсоож, системийн авлигаас зориг гарган салахгүй бол монголчуудын амьдрал хэзээ ч нар үзэхгүй. Хулгай, хулгайч хоёроос салахгүй бол хөгжил дэвшлийн талаар бодоод ч хэрэггүй. Дахиад 30 жил өнгөрөхөд монголчуудын амьдрал улных хэвээрээ л байх болно. Хулгайг тэвчсэн улс оронд ямар ч ирээдүй байхгүй. Нэг хулгайчийг нөгөөгөөр солиод юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид хангалттай харсан, 30 жилийнхээ амьдралаар туршсан. Одоо тогтолцооны шинэчлэл хийхгүй бол тусгаар тогтнолоо алдахад ганц хуруу дутуу байна.
Б.ТҮВШИНТӨГС