АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт өөрийнх нь холбогдож байсан хэргээр нээлттэй сонсгол явуулах талаарх сэтгүүлчийн асуултад ийм хариулт өглөө.
-Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиа батлахад гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэгнийгээ шүүдэг байдал бий болбол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Үндсэн хууль баталсан миний үзэл баримтлал. Хэрвээ надтай холбоотой нээлттэй сонсгол болдог бол би туйлын баяртай байна. Биднийг анхан шатны шүүхээр ялласан шүүгч авлигын хэргээр ял авсан. Яг үнэндээ эрх мэдлийн хонгил гэж яригдаад Төрийн ордны гурван давхарт ялын бодлого шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан зүйл бодитой үнэн.
Бүх зүйл ил тод болно. Энэ асуудлаар маш олон түвшинд хандсан. Монголын шүүхээр дөрвөн түвшинд шийдэгдсэн. Хилс хэрэг байсныг Монголд, Швейцарын холбооны улсад ч шийдсэн. Би Монгол, Швейцар, Австрали, Хонгконгийн хүчний байгууллагуудад шалгуулсан. Энэтэй холбоотой Үндсэн хуулийн Цэцэд Х.Баттулга ерөнхийлөгч намайг өгсөн. Үндсэн хуулийн Цэц шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга байна хэмээн шийдвэр гаргасан. Үүнийг нээлттэй сонсголоор ярьдаг бол илүү нарийвчилж, ийм зүйл болсон гэдэг нь илүү мэдэгдэнэ. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн ойлгомжтой. Энэ бол ерөнхийлөгч асан Х.Баттулга. Намын даргын сонгууль, намын үйл ажиллагаа идэвхжих бүрт намайг харлуулдаг.