Энэ засгийн хамгийн баартай сайд нарын нэг нь Б.Чойжилсүрэн гээд хэлчихэд буруудахгүй. Эрчим хүчний сайд болмогцоо Улаанбаатар утаагүй өвөлжье гэвэл салхинд найдах нь дээр гэж хэлээд цахим орчинд “дүүжлүүлсэн”. Дараа нь “Эрчим хүчний салбар гал алдаж магадгүй, үнэ нэмнэ” гэж дуугараад бас балбуулсан. Бид ч яах вэ, Б.Чойжилсүрэнгийн тэнэг мангарыг дураараа хэлж аваад түрдээ тайвшрав. Харамсалтай нь Б.Чойжилсүрэн сайдын хэлсэн хоёр үг хатуу ч гэсэн үнэн байсныг тэгсхийгээд мартацгаав. Одоо хагас коксоор түлш хийгээд 177 тэрбумыг зарцуулна гэж хэлээд Б.Чойжилсүрэн сайд дахиад ардын дайсан боллоо. Сайдын Хятадаас түлш оруулж ирэх “тэнэг” санааны цаад зорилго яг юу байсан бэ.
Сайжруулсан шахмал түлшийг 2019 оноос хэрэглээнд нэвтрүүлээд утаа буурсан уу гэвэл тийм. Гэхдээ утаа бүрэн арилаагүй. Яагаад гэвэл сайжруулсан түлшний анхны зорилго нь Улаанбаатарын утааг 30-40 хувиар бууруулах. Энэ зорилгоо биелүүлж, өмнөх хүн харагддаггүй байсан утаа шингэрсэн, өмнөхөөсөө арай дээрдсэн. Сайжруулсан түлш зорилгоо нэгэнт биелүүлсэн, одоо алтаар бүрж, мөнгөн уутанд савлаж түлсэн ч үүнээс цааш утаа бууруулах боломж шавхагдсан. Гэтэл Улаанбаатарын утааны, агаарын бохирдлын 60 хувь нь хэвээр байгааг бид бүгдээрээ мартсан. Өчүүхэн амжилтандаа эрдээд гэдэг шиг сонгуулиар Б.Чойжилсүрэн сайдын нам нь “Утааг ялав, түгжрээг тайлна” гэх мэтээр тархи угааснаас болж 60 хувийн агаарын бохирдлоо мартсан, тайвширцгаасан.
Түүхий нүүрсийг сайжруулсан шахмал түлшээр солиод агаарын бохирдлыг 40 орчим хувмар л бууруулсан. Үүнээс цааш яах ёстой вэ, 60 хувийн утаандаа дасаад, хордоод хүлцэнгүй амьдрах уу гэдэг асуулт зайлшгүй гарна. Дэлхийн бусад хотууд сайжруулсан шахмал түлш буюу мидлингээс хагас коксон түлш рүү шилжсэн байдаг. Энэ шилжилтийг хийх саналаа Б.Чойжилсүрэн сайд нийслэлийн ИТХ-д танилцуулсан чинь мордохын хазгай гэгчээр экспортод гаргадаг коксжих нүүрстэй андуурагдаад, 177 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэх гэж байна гээд бөөн хэрэг мандсан. Төрийн яамд, салбарын сайд нар бодлого, шийдвэрээ олон нийтээс нуудаг, ил тод байдаггүй, санаа бодлыг нь сонсдоггүйн гор худал мэдээлэл гэрлийн хурдаар түгээхэд нэрмээс болсныг хэлэх ёстой.
Шинжлэх ухааны тайлбарыг энд сийрүүлье. Өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын (500°-700°) орчинд хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнийг хагас кокс гэдэг ажээ. Сайн чанарын чулуун нүүрсийг коксжих нүүрс гэх ба агааргүй орчинд өндөр температурт (1,000°С) боловсруулж металлургийн кокс гарган авч гангийн үйлдвэр, төмрийн хүдэр хайлуулахад хэрэглэдэг. Коксжих нүүрс буюу металлургийн нүүрсийг ахуйн хэрэглээнд болон утаагүй шахмал түлшинд ашиглах боломжгүй. Эрчим хүчний яам сайжруулсан шахмал түлшнээс хагас коксон түлшинд шилжих химийн болоод бусад туршилтуудыг хавраас хийсэн ч энэ талаараа олон нийтэд нэг ч мэдээлэл өгөөгүй, өвлийн галлагаатай зэрэгцүүлж ам нээсэн нь шүүмжлэх бас нэг шалтгаан болсон.
Хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг одоогийн сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9, хүхэр 57.7, үнслэг 37.2 хувиар бага байгааг туршилтаар тодорхойлжээ. 2019 оны 1, 12 дугаар сард анх мидлингээр шахмал түлшийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарын
үзүүлэлт болох тоосонцор нь 215 мкг/м3-ээс 130 мкг/м3 буюу 40 хувиар буурсан байдаг. Шахмал түлшний түүхий эдээр хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45.5 хувиар буурна. Илчлэгийн хувьд шахмал түлшнээс 10 хуваир илүү. Товчхондоо бол хэл ам дагуулаад байгаа хагас коксон түлш Улаанбаатарын утааг, агаарын бохирдлыг одоогийнхоос хоёр дахин бууруулах боломжтойг мэргэжилтнүүд баттай тогтоожээ.
Хагас коксон түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн барихад 18 сарын хугацаа шаардлагатай. Үйлдвэртэй болох хооронд өмнөд хөршөөс хагас коксон түлш болон зориулалтын асаагуур авахад 18.9 тэрбум төгрөг шаардагдана. Б.Чойжилсүрэн сайдын салхинд хийсгэх гэлээ гэж шүүмжлүүлж байгаа 18 тэрбум төгрөгийн цаад учир энэ. Яндан зуухаа сольж ажил удахгүй, хуучнаараа байхад хайлаад урсчихгүй гэдгийг эрдэмтэд нотлон хэлсэн. Хагас коксон түлш үйлдвэрлэж эхэллээ гэхэд сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллынхонд хямд хүргэхийн тулд жил бүр өгдөг 180 тэрбум төгрөгийн татаас 300 гаруй тэрбум болж өснө. Утааг бууруулахад төрөөс зарцуулдаг төсөв хамгийн багадаа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Гэр хорооллыг барилгажуулах, хийн эх үүсвэрээр дулаанаа шийдэхэд наанадаж 30-40 жил шаардагдах тул хагас коксон түлш нэвтрүүлэх нь богино хугацаанд үр дүн гаргах шийдэл болчихоод байгаа юм байна.
Бидэнд хоёр сонголт байна. Эхнийх нь сайжруулсан шахмал түлшээ үргэлжлүүлж түлээд 60 хувийн утаатайгаа амьдрах. Агаарын чанарт ямар ч өөрчлөлт гарахгүй, өвөлдөө байгалийн салхинд утаагаа даатгаад орхих. Дараагийнх нь сайжруулсан түлшээ хагас коксон түлшээр солиод утааг одоогийн төвшнөөс 2 дахин бууруулах. Ингэвэл агаарын чанар 2 дахин сайжирч, бохирдол олон “Хэвийн” гэсэн ангилал руу шилжиж орно. Товчхондоо бол Улаанбаатар утаатай байх эсэхийг байгалийн салхинд даатгах уу, эсвэл Б.Чойжилсүрэн сайдын яриад байгаа хагас коксон түлш нэвтрүүлэх “тэрслүү” санааг дэмжээд үзэх үү гэсэн хоёр сонголт юм. Төсөвт ирэх ачаа хоёр дахин нэмэгдэх хэдий ч монголчуудын эрүүл мэндийн заналт дайсан утааг одоо байгаа төвшнөөс дахиад 2 дахин бууруулах шийдэл нь энэ. Зоригийг нь, зорилгыг нь бодохоор сайдын энэ “тэнэг” санааг дэмжмээр ч юм шиг.
Б.ТҮВШИНТӨГС