Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх онд 100 хувь шилжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, хот тохижилт зэрэг ажлыг хувийн хэвшилд шилжүүлсэн байна.
Хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй гурваас доошгүй жил гэрээ байгуулснаар эдгээр байгууллагын санхүүгийн чадавх, материаллаг бааз, хүний нөөц сайжирна, шинэ технологи, инновац бий болно гэж үзэж буй. Цаашид төр эрхлэх шаардлагагүй ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлж ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөний зарчимд нийцүүлэн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.