Топ 100 аж ахуйн нэгжийг уламжлал ёсоор олон нийтэд зарлав. Гэхдээ энэ удаагийнх өмнө нь явж ирсэн уламжлалт жишгээс хэд хэлдэн зүйлээр ялгаатай болсон. Төрийн өмчит үйлдвэрийн газрынхан жагсаалтад багтсангүй. Төр нь хувийн хэвшилтэй холилдож, хөл толгойгоо алддаг байдлыг засахыг оролджээ. Өмнө нь Төрийн өмчийн том үйлдвэрийн дарга нар топ 100-гийн өргөмжлөл тэврээд эрийн сайндаа шилдгээр нэрлэгдсэн юм шиг даналздаг байв шүү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр цаашид хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг хална гэж бизнесийнхэнд амлав. Гүйцэтгэх засаглалын үе үеийн тэргүүн нар иймэрхүү чихэр шиг амлалт өгдөг байсан ч энэ удаагийнх илүү бодит байх болов уу гэсэн горьдлого бизнесийнхэнд төрсөн байх. Амлалт бүр өөрийн үр дагавартай байдаг. Ерөнхий сайдын амлалтын үр дагавар юу байх вэ.
Засгаас газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдлыг хатуу хориглоно. Ингэхээр төр өөрөө бизнес хийдэг, улстөрчид цүнхний компаниудаараа дамжуулж тендерийн цавчаа хийх боломжгүй болно. УИХ-ын гишүүн, эсвэл сайд хийе гэвэл өөрийн болоод ойрын хамаарал бүхий хүмүүс нь тендерт оролцох, төрөөс ямар нэг дэмжлэг авах зэрэг боломжоосоо шууд татгалзах ёстой. Энэ суларсан орон зай хувийн хэвшлийнхэнд эргэн очих боломж нээгдэнэ. Товчхон хэлбэл улс төр, бизнес хоёр ургийн хэлхээгээ тасалж, өрх тусгаарлах болж байна.
Энэ шинэ хандлага бизнесийнхэнд бол таалагдах нь тодорхой. Харин тендерийн цавчаагаар амьдардаг улстөрчид цаашид оршиход хэцүүхэн болох нь дамжиггүй. Бизнес хийдэг болгон УИХ-д орж суудаг, эсвэл улстөрчид төрийн эрх мэдлээрээ дамжуулж бизнесийн ашиг хонжоо хайдаг энэ тогтолцоо өөрчлөгдвөл хөгжлийн хорт хавдар болоод байгаа авлига цэгцрээд ирнэ. Боловсролын зээлийн санг улстөрчид, тэдний хамаарлын хүмүүс хэрхэн цөлмөсөн талаарх баримтууд ил болж, олон нийт үүнд маш их бухимдаж буй. Яг үүн шиг мөнгөний болоод боломжийн хулгай дахин нүүрлэхгүй байх талаасаа засгаас зүтгүүлээд байгаа хууль үр дүнгээ өгнө. Бизнесийн жам ёсны чөлөөт өрсөлдөөн сэргэж, төрөөс дахиж тэрбумтнууд төрөх боломжгүй болно.
Ерөнхий сайдын амлалтаас ийм мэссэж уншигдав. Улс төр талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ өөртөө баахан дайсан бэлдэх биз. Нөгөө 30 гэр бүлийнхэн уурлаж, улс төр, эдийн засаг, шүүхийг нэгтгэсэн бүлэглэлүүд угжнаасаа салсан уурандаа төрийг самрах гэж чичрэх зэрэг үр дагаврууд гарах л байх. Гэхдээ төрөөс тэрбумтан төрдөг, авлигад живсэн энэ адгийн тогтолцооны амийг таслах ёстой. Эцсийн дүндээ улс төр, бизнесийн салбар аль аль нь эрүүлжиж, зөв голдрилдоо орох нь нийтийн том эрх ашиг юм даа. Ингэж чадвал энэ амлалт өөрөө топ шинэчлэл болон улс төрийн түүхэнд үлдэж чадна.