Филиппин улсын нийслэл Манила хотод өдөрт 3.3 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэхээр эхэндээ бараг цочив. Манай улсын нийт хүн амтай тэнцэхүйц тээврийн хэрэгсэл байна гэсэн үг л дээ. 2022 оны 8-р сараас дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Яг л манай улсын араас алхаж яваа юм билээ. Ганц зүйлээр ч гэсэн бид урьтаж чадсан байна лээ. Улаанбаатарт 2013 оноос дугаарын хязгаарлалт мөрдүүлж эхэлсэн байдаг. Гэхдээ хязгаарлалтаас илүү олон төрөл, сонголт бүхий нийтийн тээвэр гэж Манила хотын эрх баригчид үзэж буйгаа хэлсэн. Тэд бас бидэн шиг метро мөрөөдсөн, хурдан ашиглалтад оруулахыг яарсан байдалтай. Ялгаатай нь метрог эсэргүүцээд, улстөржөөд байдаггүй.
Манила хотын нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө ёсоор бол метро, дүүжин тээврийг шинээр нэвтрүүлнэ. Одоогоор Швед болон бусад орны хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж байгаа. BRT буюу тусгай замын автобусны гурван чиглэл одоогоор бий. Үүнийг нэмэгдүүлж, дагуул хотуудын дэд бүтэц, нийтийн тээврийг сайжруулна. Ингэхдээ их багтаамжийн цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр тооцжээ. Цахилгаан автобус байгаль орчинд ээлтэй, төсөв зардалд хэмнэлттэй учир ийн төлөвлсөн байна. Гэхдээ худалдан авах өртөг өндөр учир дизель түлшээр явдаг автобусыг ойрын хэдэн жилдээ хэрэглээнээс хасах боломжгүй байгаагаа учирлаж байв.
Түгжрэлээс ангид амьдрахад нийтийн тээвэр яагаад чухал үүрэгтэй гэхээр олон хүнд зэрэг үйлчилнэ, өртөг хамаагүй хямд байдаг. Аливаа улсын нийслэлд хувийн машин унаж замын хөдөлгөөнд оролцоно гэдэг төлбөр, хураамжаас авахуулаад санхүүгийн дарамт өндөр. Тиймээс дэлхийн бараг бүх улсын нийслэл болон бусад хотууд нийтийн тээврийн салбараа бүх чадлаараа хөгжүүлэх бодлого баримталж буй. Улаанбаатарын хувьд ч ялгаагүй нийтийн тээвэрт парк шинэчлэлийг энэ жил 80 хувьд хүргэж, 800 автобус шинээр оруулж ирж байгаа. Тусгай замын автобус буюу BRT ажил эхэлнэ, дүүжин тээврийг бас нэвтрүүлнэ. Энэ талаараа Улаанбаатар Манила хоёр ижил төлөвлөгөөтэй.
Олон улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаанд хэрэв түгжрэлийн эсрэг зоримог алхам хийхгүй бол Улаанбаатарын замын хөдөлгөөн 2030 он гэхэд тэг зогсолт болно гэж дүгнэсэн байдаг. Бүгдээрээ зам дээр хааш ч хөдлөхгүй нам гацаж, машин дотроо амьдрах нь холгүй хүндрэл үүснэ гэж ойлгоход болно. Үүнээс гадна судалгаанаас харахад Улаанбаатарын оршин суугчдын 30 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэ бол маш доогуур үзүүлэлт. Хотын хүн амын 60-80 хувь нь нийтийн тээврээ сонгож үйлчлүүлдэг бол түгжрэлд ялагдаж, дийлдээд байдаггүй юм билээ.
Нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байгаа нь хүмүүсийн буруу огт биш. Үйлчилгээ нь муу байна аа л гэсэн үг. Үйлчлүүлэгч нарт хугацаандаа явдаг, тав тухтай, аюулгүй байдлын баталгаатай нийтийн тээвэр хэрэгтэй. Хэрэв нийтийн тээвэр таашаалд нь нийцдэг байвал хүмүүс заавал өндөр зарлага гаргаж хувийн машинаар ажилдаа ирж очдог байхыг хүсэхгүй. Тусгай замын автобус, дүүжин тээврээс гадна метрогоо ч гэсэн Улаанбаатарт баримаар л санагддаг. Тиймээс олон сонголт бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төслүүдээ яаравчлах шаардлага бидний өмнө тулгарчээ.
Б.ТҮВШИНТӨГС