Төөрсөн бодлого зүгээ олсон нь буюу “Ховд эко цемент”-ийн бүс нутагт өгөх өгөөж

Ховд аймагт цементийн үйлдвэр шинээр ашиглалтад орж, нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хүндэтгэл үзүүлэв. Эдийн засаг цар тахлын үеийн огцом уналтаас сэргэл рүү шилжиж буй энэ цаг үед орон нутагт шинэ үйлдвэр ашиглалтад орох, шинэ ажлын байр бий болох нь баярт үйл явдал мөн. Баруун бүс нутагт цементийн үйлдвэр барих, ажиллуулах гэсэн оролдлогууд олон байсан ч үйлдвэр шинээр босгож, бодитой үр дүнд хүрч чадалгүй өдийг хүрсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэгч “Нью прогресс” группын ерөнхийлөгч С.Балжиннямын хэлснээр цементийн үйлдвэр байнгын 350 ажлын байр шинээр, хамрах хүрээгээр нь тооцвол 3000 орчим хүнийг орлоготой болгох бодит боломжийг бий болгожээ.

Байгаль орчинд ээлтэй, хуурай аргын технологитой энэ үйлдвэр жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана. Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийнхан барилга барих гэж Улаанбаатар руу давхиж, цемент царайчилдаг цаг ийн ард хоцорч байна. 1000 км-ийн цаанаас авсан цементээ тээвэрлэж авчрахад үнэ Улаанбаатарынхаас даруй хоёр нугардаг байв. Хамгийн гол нь нийслэлээс 1000 болон түүнээс дээш км-ээр алслагдсан баруун аймгуудад барилгын материалын салбар хөгжиж, орон сууцууд сүндэрлэж, сургууль, цэцэрлэг, соёл боловсролын байгууллагууд баригдаж, Засгийн газраас зарласан “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд 3 хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэж байна.

Аяны хүн бүр аймгуудын утаа Улаанбаатарынхаас дутахааргүй болсныг улигладаг, халагладаг. Үнэхээр ч тийм. Бүх аймаг түүхий нүүрсээ түлж, утаа үйлдвэрлэж байгаа. Одоо цементээ үйлдвэрлээд, орон сууцаа бариад, үнийн хөөрөгдлөөс ангижраатахвал утаа буурна, хүмүүсийн амьдрах нөхцөл сайжирна. Товчхондоо бол бүгдээрээ Улаанбаатар руу нүүж очоод, хоноц хоноцдоо дургүйцэнхэн шахцалдаж амьдрах шаардлагагүй болж байгаа юм. Нийгмийн ач холбогдол нь ийм том учраас “Ховд эко цемент” үйлдвэрийг цар тахлын хамгийн хүнд үед ч ажлыг нь нэг ч өдөр зогсоолгүй барьж босгохоор хамт олноороо зүтгэжээ. Цементийн үйлдвэрүүдээ зүүн болоод төвийн бүсэд шамбааралдуулчихсан үйлдвэржилтийн бодлого төөрч төөрч одоо л зөв зүгээ олж буй нь энэ.

Зарим хүн Эрдэнэбүрэний УЦС барихад зориулж энэ үйлдвэрийг босгосон гэж мэдэмхийрдэг гэнэ лээ. Стратегийн ач холбогдолтой цахилгаан станцын төсөлд энэ үйлдвэр хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ Эрдэнэбүрэний УЦС-ын төсөлд ихдээ л 90 мянган тонн цемент хэрэглэх урьдчилсан тооцоолол бий. Харин “Ховд эко цемент” үйлдвэрийн жилийн хүчин чадал 250 мянган тонн. Тэнэг хүн л нэг төсөлд зориулж үйлдвэр барих байх. Баруун 5 аймгийн хэрэгцээг хангах, цаашлаад ОХУ, Казахстан руу экспортлох боломжуудыг тооцоолсон юм билээ. Юутай ч Ховд болоод баруун аймгийнхан хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж урагш нэг алхлаа. Үйлдвэр дагаж олон үйлдвэр хөгжинө. Том бүтээн байгуулалтын өгөөж нь том л байдаг.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...