ЗЭС ХАЙЛУУЛАХ үйлдвэрийн тууз хайчлах өдрийг БИД ҮЗНЭ 

Цар тахлын үед айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, ус, дулааны төлбөрийг даасан улсын баатар “Эрдэнэт” үйлдвэрт зочиллоо. Цар тахлын үеэр уурхайчид сөхөрч унатлаа хүчээ шавхан ажиллажээ. Учир нь энэ үйлдвэр хором ч зогсох эрхгүй. Улсын төсвийн 10 гаруй хувийн дангаар бүрдүүлэх том ачаа нуруун дээр нь бий. Гэхдээ цар тахлыг ашиглаад хуучирч муудсан тоног төхөөрөмжийнхөө тэн хагасыг шинэчлээд амжсан байна. Үйлдвэрт шинэ сорилт, бэрхшээлүүд мундахгүй тулгарч байгааг уурхайчид ярив. Бас олон жилийн мөрөөдлөө биелүүлэхэд ганц алхам үлдсэн тухай мэдээллийг энд өгүүлнэ.

Хүдрээс гарах баялгийн агууламж анх байгуулагдаж байсан үеийг бодвол багассаныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна лээ. Бодит үнэн энэ. Авах ашгаа бууруулахгүйн тулд олборлолтоо нэмж, техологийн шинэчлэлд гол хүчээ хаяж байгааг ч инженерүүд учирлаж байна. Ковид-19 цар тахлын үед зүтгэсээр байгаад баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж дуусган 2022 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн хугацаанд хайгуулын ажлыг эрчимтэй хийж, зургаан лицензийг өөрийн болгож авсан. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр дахиад 60-70 жил жигд ажиллах геологийн нөөцтэй болсноор баялаг шавхагдаж, үйлдвэр зогсох айдсыг ийм хугацаагаар цаашлуулсан гэж хэлж болно.

“Эрдэнэт” үйлдвэрийг анх байгуулахад уулын баяжуулах (ГОК) биш уул уурхай, металлургийн комбинат (ГМК) байдлаар хөгжүүлэх саналыг Монголыг хэсэг мэргэжилтэн дэвшүүлэн тавьж байсан түүхтэй. Энгийнээр хэлбэл, баялгаа олборлоод дотооддоо боловсруулдаг мөрөөдөл монголчуудад анхнаасаа байж л дээ. Манайхны санал дэмжигдсэн бол зэс хайлуулах үйлдвэрээ 40 жилийн өмнө бариад, одоогийнхоос хэд дахин илүү ашиг хүртээд, аж үйлдвэр өндөр төвшинд хөгжчихсөн сууж байх байв. Тухайн үеийн Зөвлөлтийн тал үүнийг дэмжээгүй учраас зөвхөн зэс, молибденийн баяжмалаа түүхийгээр нь экспортолдог үйлдвэр нээлтийн туузаа хайчилсан түүхтэй. Жижиг улсын зовлон их. Баялгийг нь хямдаар хүртэх гэсэн дээрэнгүй хандлага ч тухайн үед амь бөхтэй оршиж байсан биз.

Уул уурхайн инженерүүд 50 гаруй жилийн өмнөх мөрөөдлөө өнөөдөр ч орхисонгүй. Зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гэх хортой бодис ялгардаг. Түүнийг яаж саармагжуулах вэ гэдэг нь толгойн өвчин болсоор иржээ. Хөвсгөлд аймагт орших фосфоритын ордыг ашиглаж зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар ярьж эхэлтэл далай ээж цаазын тавцанд очиж магадгүй гэсэн болгоомжлол, эсэргүүцэл босож ирээд нам зогсжээ. Одоо ч энэ ордыг ашиглах шаардлагагүй гэсэн хандлага нийгэмд хүчтэй хэвээр байдаг. Тиймээс заавал фосфорын бордоо гэх технологийн аргыг хэрэглэнэ гэж зүтгэлгүй өөр аргуудыг судалсаар иржээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон нэгэн таатай мэдээг дуулгав. Хүхрийн давхар ислийг саармагжуулах хэд хэдэн арга байдгаас элементийн хүхэр үйлдвэрлэх аргыг хамгийн боломжит хувилбар гэсэн шийдэлд мэргэжилтнүүд хүрчээ. Хятадын MFE гээд уул уурхайн өнгөт төмөрлөгийн хүрээлэнтэй хамтраад элементийн хүхэр үйлдвэрлэлийн лабораторийн туршилтыг амжилттай хийчихсэн. Хүхрийн давхар ислийг нүүрсээр саармагжуулж элементийн хүхэр гаргах хагас үйлдвэрлэлийн туршилт  амжилттай болсон. Яг энэ цаг үед үйлдвэрлэлийн туршилтыг Шинжаанд хийж байгаа. Туршилтын үр дүн тодорхой болонгуут 2023 оны зургаадугаар сарын 30-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-гээ тодотгон батлуулна гэв.

Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдвал үйлдэр барих зам шулуудна. Технологио  зарлаж, сонгон шалгаруулалтаа шууд эхлээд явахаар төлөвлөжээ. Дэлхийд жилд ойролцоогоор 25 орчим сая тонн зэс үйлдвэрлэдэг. Үүний 6 сая орчим нь хоёр дахь буюу хуучин зэс. 20 орчим сая нь уурхайгаас олборлож байгаа хүдрээс гарч буй зэс. Үүний 50 орчим хувийг Хятад улс өөр дээрээ төвлөрүүлдэг байна. Талыг нь өөр дээрээ төлвөрүүлээд Лондоны металын биржийг худалдаад авчихсан нь өмнөд хөршийнхөн зэсийн үнийг тодорхойлдог, тогтоодог гол тоглогч болох гэсэн тооцоот алхмууд. Монголчууд зэс хайлуулах үйлдвэрээ шуурхай барьчихвал өмнөд хөршөөс нэг ч гэсэн зүйлээр хараат бус болно.

Монгол Улс энэ салбарт нөлөөгөө хэдийнэ тогтоосон БНХАУ, ОХУ-тай өрсөлдөөд, мөчөөрхөөд байх нь сонин биш. Хамгийн гол нь өөрсдөө хүний гар хардаггүй болох нь эдийн засгийн бодит тусгаар тогтнол гэж ойлгож болно. Үйлдвэр босвол ажлын байр нэмэгдэнэ, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, цаашлаад газрын хэвлийгээс олборлосон баялгаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох гээд үр ашгийг нь дурдаад барагдахгүй. Гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж олон жил гацсан зэс хайлуулах үйлдвэрийн нээлтийн туузыг хайчлах өдөр ийн ойртжээ.

Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...