Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр авто замын салбарын зөвлөх инженер, техникийн ажилчид, замын компанийн удирдлага,ажилчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал санаачилга, шийдлийг сонсож, төр хувийн хэвшил хоорондоо нэгдсэн ойлголтод хүрлээ.
Авто замчдын зүгээс дараах санал, хүсэлтийг хэллээ.
-Авто замын тусгай зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй болгох,
-Төсвийн норм, тарифыг шинэчлэж, илүү уян хатан болгох. Учир нь 2019 оны төсвөөр 2023 онд зам барих боломжгүй. Энэ хугацаанд дизель түлш, цемент, арматурын үнэ өдөр өдрөөр өсдөг. Ковид-19 цар тахлын үед хамгийн их хохирсон нь замчид. Жишиг цалин , тарифыг инфляцтай уялдуулан нэмж өгөхийг хүсье. Тэгвэл ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтод хүрч чадна гэдгийг,
-Замын тендерийн босгыг монгол компани давахгүй байна. Монголчууд зам чанартай барьж чаддаг. Жишээлбэл, 100 км барих замын тендер зарлагдлаа гэхэд 15-20 км-ээр нь хуваах байдлаар шийдэж өгөхийг хүсэв. Түүнчлэн тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодол, гарц шийдлээг нь хуваалцаж байгаагүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.
-Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, эрдэм, шинжилгээ судалгаагаа сайн хийж, төрийн хөндлөнгийн хяналт тавих,
-Авто замын томоохон бүтээн байгуулалтад монгол компаниа түлхүү оруулж өгөхийг,
-Монгол Улсын 21 аймгийн авто замын засвар арчлалт /АЗЗА/-нуудын бүтэц зохион байгуулалт, цалин хөлс муу учир амь тээж л оршдог. Ийм болохоор мэргэшсэн инженерүүд тогтохгүй байна. Тэгэхээр засвар арчлалтын чанар муу байдаг. Үүн дээр бодлогын чиглэлээр дэмжиж ажиллахыг,
-Авто замд орчин үеийн технологиудыг маш сайн судалж, эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжоор хангах,
-Гаднын улсад завод, зам гүүрийн инженерүүд бүгд тусдаа байдаг. Замын компани, инженерүүдээ төрөлжүүлэн, хөгжүүлэх шаардлагатай,
-Хувийн хэвшлүүдэд төрийн байгууллагын мэдээ, мэдээлэл хүрэхгүй байна. Сайдын зөвлөлдөө хувийн хэвшлийнхий төлөөллийг оруулж өгөхийг,
-Авто замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны инститүттэй хамтарч, оролцоог сайжруулах хэрэгтэй зэрэг саналаа хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөсөн. Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулна. Тэгэхээр 2023 онд замчид илүү хариуцлагатай байж, чанартай замыг богино хугацаанд барих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна.
Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно.
Авто замчдын чуулга уулзалтаа ойрын хугацаанд хийж, үр дүн гаргах, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, төрийн албан хаагчдыг хүнд суртал гаргахгүй та бүхний санал гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Бид чанартай зам барьж, байгуулах гэсэн ганц л зорилготой. Хамгийн чухал нь чуулга уулзалтаар ажлын үр дүн гаргаж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн инженерүүд та бүхэн хэрэгтэй санал санаачилга гаргавал миний бие бүх талаар дэмжинэ.
Замын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, засвар арчлалтад онцгой анхаарч, хууль эрхзүйн хүрээнд боломжит хувилбараар шийднэ. Шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтын мэдээллийг нээлттэй, ил тод өгч, тендер сонгон шалгаруулахдаа уян хатан нөхцөлтэй болгоно.
Эргээд та бүхнээс өндөр хариуцлага нэхнэ. Зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна. Хөндлөнгийн хяналтыг сайжруулж, ШУТИС, БНСУ, ОХУ, БНХАУ-д замын инженер бэлтгэх, мэргэшүүлэхэд залуучуудаа убодлогоор ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшил хамтдаа байж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Төр давуу эрхтэй байж болохгүй. Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллавал үр дүн заавал гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.