Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршиг газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн ордод ашиглалтын лиценз олгосон нь анхнаасаа том асуудал дагуулсан. Нутгийн малчдын санал хүсэлтийг сонсоогүй, байгальд орчинд учирч болох хөнөөлийг бүрэн тооцоолоогүй, төрийн тахилгат Алтан хөхий хайрхан, Хар ус нуурын эко системд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Мянгадууд Халзан бүргэтэйд лиценз эзэмшсэн гэдгээр гул барьж дураар авирласан “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийг эсэргүүцэж морьт жагсаал хийгээд амжсан.
Асуудал даамжирч Ерөнхий сайдын төвшинд хүртэл өндрөө авсан нь нутгийнхны тэмцлийн үр дүн байв. Засгийн газраас ажлын хэсэг шуурхай томилж Халзан бүргэтэйд ажиллуулж, холбогдох шинжилгээний хариу гартал “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс түр зогсоогоод байгаа юм. Цөмийн энергийн комиссоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус ордын асуудлаар тайлан хүргүүлжээ. Энэхүү тайланд нэлээн ноцтой зүйлүүд дурджээ.
Халзан бүрэгтэйн ордыг ашиглаж эхэлбэл цацраг идэвхт хог хаягдал маш ихээр үүсэхээр байгааг Цөмийн энергийн комисс нэн түрүүнд анхааруулжээ. Газрын ховор элемент бүхий орд газарт уран, тори, кали гэх мэт цацраг идэвхт элементүүд агуулагдаж байдаг байна. Энэхүү цацраг идэвхт элементүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг нарийвчилсан байдлаар хийх шаардлагатайг тайланд маш тодорхой дурджээ. Цацраг идэвхт бодис гэдэг тоглоом биш. Технологийн юмуу хүний өчүүхэн алдаа гарахад тэр хавийн байгаль сүйдэж, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрх ноцтой зөрчигдөнө.
Халзан бүрэгтэйн ордыг ашиглахад гаргах зардал хог хаягдлын олон улсын болоод үндэсний стандартын дагуу хийж гүйцэтгэхэд гарах зардалтхй харьцуулсан судалгаа байхгүйг мөн бичжээ. Хариуцлагатай уул уурхай явуулахад төвөгтэй, нөхөн сэргээх, хог хаягдлыг аюулгүй байдлын өндөр төвшинд хийх зардал асар өндөр учраас эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэнийг Ерөнхий сайдад тайлагнажээ. Цацраг идэвхт хог хаягдлын агууламж нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөж байхгүй гэдгийг маш тодорхой дурдсан нь Халзан бүргэтэйг ухах шаардлагагүй гээд шууд хэлжээ гэж ойлгож болмоор.
Юутай ч Цөмийн энергийн комисс Халзан бүрэгтэйн ордыг ухаж төнхөх шаардлага огтоос байхгүй гэдгийг хэд хэдэн үндэслэлээр дүгнэж, тайлангаа гүйцэтгэх засаглалын тэргүүнд хүргүүлжээ. Харин энэхүү ордод хайгуулын лиценз эзэмшигч “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани Халзан бүрэгтэй рүү улам гэтэж, Ховдод саяхан болсон хөрөнгө оруулалтын чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохдоо энэ төслөө хөдөлгөнө гэчихсэн лобби хийж явна лээ. Шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд мэргэжлийн байгууллагынхаа дүгнэлт, зөвлөмжийг дагах байх гэж нутгийн олон итгэж, байдлыг анхааралтай ажиглаж байна.
Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС