Ядуурал нэмэгдэхэд Улаанбаатарын утаа ихэсдэг

Улаанбаатарын утаа аймаар байна гэж Хотын мээр Д.Сумъяабазар шогширч байна лээ. Юун дээр ирснээ, юу амласнаа, ямар үүрэг хүлээснээ ингэж гэнэт ч болтугай санаж байгаа нь яамай даа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг утаа Зайсанд хүртэл үнэртэж эхэллээ гэж улны маниусыгаа доромжилсон. Түүнийхээр бол утаа баячууд, дарга нарт үзэгдэхгүй, үнэртэхгүй байх ёстой юм байна л даа. Бидний толгой дээр сандайлсан иймэрхүү мулгуучуудад хэлэхэд утаа арилахгүй. Яагаад гэвэл нүүрс түлж дулаанаа шийддэг хэвшил хэвээр байсан цагт утаа хэзээ ч арилахгүй.
Сайжруулсан шахмал түлш гараад Улаанбаатарын утаа багассан уу гэвэл тийм. Гэхдээ сайжруулсан түлш нэвтрүүлээд утааг 30-50 хувиар бууруулах зорилт л тавьсан. Энэ түлш үүргээ биелүүлчихсэн, илүү үр дүн гаргах боломжгүй. Бид загасны ой санамжтай учраас үүнийг мартсан. Сайжруулсан түлшийг залгаад гэр хорооллын дахин төлөвлөлтийг маш эрчтэйгээр явуулах замаар яндангаа цөөлөх ёстой байв. Утаа, түгжрэлийг шийднэ гэх амлалт өгч нийслэлийн удирдлагад гарч ирсэн улстөрчид энэ ажлаа хийсэнгүй. Хулхин дээр цэцэг ургуулж орхиод өөрсдөө эрх мэдэлдээ мансууран алсрав. Тиймээс л утаа эргэн амилж, хоолой хорсгож байгаа юм.
2013 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулж нэг төвт хотоос олон төвт хот болох зарчимд шилжсэн. Гол санаа нь Толгойт, Баянхошуу, 7 буудал, Амгалан гэх мэтээр гэр хороолол бүхий суурьшлуудад (Дэд төвүүд) инженерийн шугам сүлжээ барьж байгуулах юм л даа. Гэр хороолын айлуудыг заавал нийтийн орон сууцанд ор гэж тулгахгүй, инженерийн төвийн болоод хэсэгчилсэн шугам хоолой бүхий дэд бүтцийг санал болгох ажил. Хананаасаа халуун, хүйтэн усаа гоожуулж, гал түлэхгүй амьдрах сонголт. Энэ ажил даанч дорвитой урагшилсангүй. Энийг зоригтойхон, тууштайхан зүтгүүлээд байвал Улаанбаатар жинхэнээсээ утаагүй болно.
Улаанбаатар маш олон даргатай. Нийслэлийн ИТХ-д 45 мангуу урамшуулал аваад, тендер будлиулаад сууж байдаг. Тэд юу хийдэг юм бүү мэд. Дүүрэг бүр бас ИТХ-тай, Засаг даргатай. Төрийн байгууллага гэж хэлэхийн аргагүй том том тансаг ордонд сууцгаадаг. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрхийг хангахын төлөө энэ дарга нар ажиллах үүрэгтэй. Өнөөдөр бол яг эсрэгээрээ байгаа. Бүр тэнэг шийдвэрүүдээрээ нэмж хорлохыг яана. Төрд хувалз мэт шигдсэн ийм амиа хичээсэн хувалзнуудаас болоод утаа арилахгүй байгаа юм. Төгсгөлд нь хэлэхэд хүмүүсийн амьжиргаа муудаж, орлого багасаж, амьдрал маш хүнд болох үед Улаанбаатарын утаа илтэд нэмэгддэг дээ.
Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...