Тэнгэр үзэл буюу тэнд гэр бий

Уг нь монголчууд дэлхийн номт гурван улсын нэг. (Үүнд Жагарын орон Энэтхэг, Судрын орон Монгол, Сургаал номын орон Төвд) Тэнгэр үзэлт суурь боловсролтой төлөвшлөөрөө ертөнцөд тэргүүлэгч ард түмэн байсан гэдэг. Гэдэг шүү одоо тийм биш. Тэгээд тэнэгтээд бид тэнгэр заяатай, номт улс гээд хөөрөөд унав. Энэ бол эргүү тэнэг биднээс өмнөх ээж аавын ном уншдаг үеийн хэлээд байгаа юм. Төгсгөл үе нь гэвэл  адаглаад л номын сандаа Манан будан, Зүрхний хилэн, Маш нууц, Тунгалаг тамир, Дайн ба Энх, Дөлгөөн Дон, Ж.Нерру гээд 20, 30 ном бүтэн уншаад халаглаж ирсэн 90 ээд оныг хүртэлх үе. Энэ үе хүртэл бид хуцахаасаа өмнө боддог, худал үнэнийг эхлэн дэнсэлж үздэг байлаа. Энэ үед ёстой тэнгэр үзэлтэй тэнгэрийн дор үйлдэж болохгүй нүгэл, хэлж болохгүй хараал гэж мэддэг байсан юм шүү.

Газраа ядаж гахайн соёогоор хөндөж, нүүхдээ бууриа цэвэрлэж, нүцгэлэхдээ тэрлэг нөмөрдөг байлаа. Ховор ургамлыг майхан барьж хөнддөг тэнгэр үзэхээс эмээж. Тэнгэр өршөө гэж уучлал эрдэг. Тэнгэр хаяна гэж цээрлэх хэм хэмжээтэй. Тэнд гэр минь байгаа гэсэн өөрснөө ч мэдэхгүй нууц мэдрэмж, нууц хүндлэл, нууц ёс зүйн хэм хэмжээтэй байсан. Одоо бол алга. Тийм ч учраас одоо тэнгэрийн зүгт очих хүний тоо ч цөөрөө биз. Тэнд очихгүйгээ мэдсэн тэнэгүүдийн эрээ цээр ч ихсээ биз! Бид тэнгэрт очих хэм хэмжээг давсан нүгэлт үеийнхэн. Үрээ харааж, эцэг эхээ доромжилсон. Элэг нэгтнээ алж хороосон. Эх орноо хаглан бутартал талцсан бидэн шиг ийм малууд тэнгэрт хэрэггүй л дээ. Битгий горьдоорой би ч та ч тэр тэнгэрт очих хувьгүй хараалдаа идэгдсэн тамын харьяатууд юм аа.

ТЭНГЭР ХАЯАГҮЙ ТЭР НҮД ДАЛДИРСАН БИЗ

Бид улсаараа, удмаараа нэг л өөдлөхгүй нь ээ гэж та бодож байна уу? Тэнгэр биднийг хаячихлаа гээд бусдаас буруу хайж суугаа. Тэнгэр хүртэл буруутай болчихсон тууж яваа. Үнэн шүү бид тэнгэрийг хүртэл буруутгах тийм тэнэг мунхаг шүү дээ! Баялгийн хараал гээд барууныхныг дагаад нэг улстөрч хуцаж байна лээ. Үгүй юмаа! Мунхаг боловсролгүйн хараал юм. Байгаа баялагтаа эзэн суух, өгөөжтэй зарцуулах хуваарилах ухаан дутсан хараал юм. Гадаад дотоод орчин, улс төрийн олон улсын, хууль эрх зүйн нөхцөл байдал. Өөрийн орны эдийн засгийн байршил, бүс нутгийн оролцоо гээд олон шалтгаан дунд учраа олохгүй төөрсөн мухардал юм аа. Ингээд олон юм бичвэл та ч би ч өөрөө учраа ойлгохоо байчих учраас үүнийг орхиё.

Харин бид өөрснөө боловсрох хэрэгтэй байна. Үгүй ядаж наад захын эмх цэгцтэй суурь гругозортой болчихмоор байна. Иргэний боловсрол шүү. Юм мэддэг хүн өнөөдрийнх шиг савчдаггүй. Мэдэмхийрч орилон хашигддаггүй. Дүн шинжилгээ хийгээд голчтой дуугаа олон нийтэд хүргэх болов уу? Яагаад уншдаг, задлан дүгнэдэг цөөхөн хүмүүс нь өнөөдөр дуугүй байна гээч. Сохор массаасаа айж байгаа юм. Үнэнийг хэлж бичвэл барьж иднэ. Харааж шүлсдэн харлуулна, хүчирхийлүүлнэ гээд энэ нийгэмд дугарч зүрхлэхгүй байна. Угаасаа сэхээтнүүд аймхай байдаг. Ийм л учраас ямар ч баримжаа мэдлэггүй балайнууд нь оронд нь гарч ирээд орчлонгоор нэг орилж байна. Ийм л олны цуурайнд улс төр нь ч дагаж хөтлөгдөөд даавуу шиг намирч байгаа нь энэ.

Ард түмэн гэх хөрсөн дээр төр тогтож. Улс төр нь төлөвшин оршдог гэдэг. Манай улс төрийн хөрс нь тэгэхээр бүдүүлэг боловсролгүй бид өөрснөө шүү дээ. Бидэн шиг боловсроогүй, шим шүлтгүй, эрдэс эрдэмгүй хөрсөн дээр ямар төр үүсэж. Ямар улс төр явж байгааг харчих л даа! Үүний буруутан нь тэд биш бид. Ард түмэн бид жигд боловсорч, гэгээрсэн, ёс зүй хэм хэмжээтэй байсан бол?! Ингээд л бодохоор ард түмэн бид илүү их соён гэгээрэх л хэрэгтэй байна. Энэ ч учраас гарч ирж байгаа зарим учир гадарлаад байгаа залуу үе бидний 50, 60, 70, 80-аад оныхныг ад үзээд байгаа юм. (гэхдээ өмнөх үеэ ээ ад үзсэн залуус та нар бас л ахас ихсээ хүндлэх, тэвчээр туйлбартай байх, уламжлал соёлоо дээдлэх, эх оронч үзэл, айж ичих тал дээр өрөөсгөл байгаагаа бодоорой) Үнэний хувьтай бид өмнөөс нь шийддэг учраас.

Амаараа дүүрэн хараал дуудсан харанхуй бүдүүлэг, овилоггүй маанаг эмээ өвөө нар улстөрждөг учраас. Төрсөн хоёр хүү нь нэвт архичин эмээ хурал дээр залуусын хүмүүжил ярихад огьдог. Шорон оронгоор явсан өвөө энгэртээ Алтан гадас шаачихсан сургамж яриад ирэхээр энэ залуус зэвүүцдэг байх. Шуудхан хэлэхэд монголчуудыг тэнгэр нь хаяагүй л дээ. Дээрх бүх булай бүхнээс нь тэнгэр хүртэл ичиж далдирсан л хэрэг. Бид тэнгэр ичтэл тийм мунхаг болж орхисонд л хамаг учир байгаа юм. Далдирах төдий ингэж алийгаа алдаж байгаа тэнгэрлэг Монголчуудыг тэнгэр нь хаячихвал яана даа. Аймшигтай биз!

ОДОО ТАМЫН ЗҮГТ АЛХААД

За ерөнхийдөө ингээд энэ удаа төгсгөе. Илүү бичвэл унших тэвчээр манууст хэн хэнд нь байхгүй л дээ. Ийм учраас өвөө, эмээ нар минь наад хараалаа хамжааргал! Ач зээ шиг охид хөвгүүдийг гичий нохой гээд хараагаад зогсож байх юм! Мэдэхгүй юмандаа тэр тусмаа улс төр, нийгмийн талаар хуцалдах аа боль! Мэддэг болох гэж оролд унш. Чадахгүй бол энэ улсын хувь заяаг дараа үед нь шилжүүлж амаа хамхиад оюун санааны тэтгэвэртээ суу! Зөв сургаал хайрлаж чадахгүй бол зөнөг тэнэгээрээ бүү гай бол. Эцэг эхүүд нь аав ээж шиг бай. Сошиал дүүрэн хэрэлдэж, салсан нийлснээ өнөөх л бузар хараалаараа хачирлан маанагтах аа зогсоо. Үр хүүхдэдээ үлгэрлэ. Уншиж судал. За хаашдаа л залуучууд та нарт энэ улс эх орон ирнэ. Иймд дахиад л боловсор, хамгийн чухал нь уламжлалт Монгол хүний ёс зүй, нүнжиг, хэм хэмжээг эрхэмлэн хадгалж яв гэж гуйя даа! (Ахмадуудад автобусанд суудал тавьж өгөх албагүй гэснийг шүүрч аваад хачин сайн хэрэгжүүлдэг нь тийм ч таатай санагдаагүй)

Мэддэггүй зүйлдээ хошуу өргөдөггүй ном ч ард түмэн. Мэдэж байж төрөө түшиж түмнээ гэгээрүүлдэг зон олон байсан. Монголчуудынхаа өмнөх нандин эрхэм онцлогийг эргүүлж авч ирээрэй. Хараал нь амны уншлага болсон өмнөх үе чинь тамын орон руугаа цуваад явна. Тэдний амны уншлага болгосон хараалынхаа үгийн шидээр өөрснөө урьдчилан захиалсан сүүлчийн оромж нь тэр. Хараал хар мөртэй. Энэ бол шашин үзэл биш! Олон зуун жилээр амьдралаар батлагдсан зүй тогтол юм. Харин залуус та нар минь Монгол нь Монголоо хараасан хараалын тойргийг таслаарай! Монгол нь Монголоо гутаасан, Монгол нь Монголынхоо эв эеийг эвдсэн, Монгол нь Монголоо барьж идсэн ийм цаг үе цааш үргэлжилж огтоос болохгүй. Одоо энэ Монгол эх оронд чинь та нарт найдахаас өөр арга алга. Ичдэг, эмээдэг, цээрлэдэг, эрхэмлэдэг, эвлэрдэг бай. Дахин хэлье өмнөх үе чинь харийн нөлөө, хар бохир соёлын дайралтад өртөж. Ална гэхээс айхгүй, алаа гаргахаас ичихээ байтлаа нэрвэгдсэн. Уншиж судалдаггүй, ухаж ойлгодоггүй Монголоо алдсан. Эд шүтсэн мунхаг харанхуй хүн сүрэг болчихсон юм, зайлуул. Тэдний нэг нь би мөн билээ. Залуус минь унш, гэгээр. Улс орноо хөгжил дэвшлийн оргил өөд дагуул. Тэнгэрт тэтгэнэ ээ Монголыг. Тэмүүлсээр амьдар, тэнгэр ивээнэ. Тэнд гэр чинь бий.

Нийтлэлч О.ТҮВШИНДЭМБЭРЭЛ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...