УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “ Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж буй. Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
-УИХ өнөөдөр “том” шийдвэр гаргаж тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох гэж байна. Гол нь тэтгэвэр бага тогтоож буй шалтгааныг УИХ арилгах ёстой. Долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр бодох юм бол тэтгэвэр гарт буй иргэдийн 80 хувь нь 500 мянгад хүрэхгүй. Тиймээс таван жил болгож байж нэлээд хэсэг ахмадууд 500 мянгаас дээш тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ахмадууд 500 мянга болчихлоо гээд хойшоо сууж болохгүй. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хууль бий. Энэ хуулийг хэлэлцэх юм бол жил бүр тодорхой хөрөнгө оруулалт шаардана. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлбэл 50 тэрбум төгрөг зарцуулаад хэл амгүй тэтгэврээ нэмээд явна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
-Төсвийн байнгын хорооноос нэг асуулт байна. 217 тэрбум төгрөгөөр эрүүл мэнд, онцгой байдлаас бусад байгууллагын урсгал зардлыг бууруулна гэсэн байна. Ийм урсгал зардлаас 217 тэрбум төгрөг гарах уу гэдэгт эргэлзэж байна. Тэтгэвэр нэмэх Засгийн газрын тогтоол гаргахдаа анхаарахгүй бол та бүхний ярьж буйгаар тэтгэвэр тогтоовол маш том гажуудал үүсэх нь ээ. Авч буй цалин, НДШ төлсөн хугацаанаас хамаараад тэтгэвэр тогтоодог зарчмаа гажуудууллаа. Хэлж буйгаар одоо бүрэн тэтгэвэр авч буй хүмүүсийн 52 хувь нь доод тэтгэвэр авч байна.
А.Ариунзаяа сайдын ярьж буйгаар үзэх юм бол бүрэн тэтгэвэр авч буй иргэдийн 72 хувь нь доод тэтгэвэр авагч болоод, доод тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 78 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоо байна.
Үндсэндээ цаашдаа төлсөн шимтгэлээс хамаараад тэтгэвэр авдаг тогтолцоог эвдэж, хүн бүр ижил тэтгэвэр авахаар болж байна. Тиймээс Засгийн газар шийдвэр гаргахдаа доод тэтгэвэр авагчдын мөнгийг нэмдэг юм байгаа биз. Бусад тэтгэвэр авагчдын тоог нь ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлээд явчихмаар юм. А.Ариунзаяа сайдын ярьж буйгаар 15 хувиар нэмбэл дээд тэтгэвэртэй хүмүүсийнх нь өндөр нэмэгдээд дунд ярьж буй эмч, багш нарынх бага нэмэгдэх нь.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Төсвийн байнгын хорооноос асууя. Хөгжлийн банкны хулгай луйвартай холбоотой, гадаадаас 500 сая ам.доллар зээлж аваад эрх мэдэлтэй хүмүүс хуваагаад авчихсан. Ирэх оны төсөвт авсан зээлээ төлөх шаардлага үүсч байна. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах вэ. Улсыг хохиролгүй болгоход тун хэцүү гэж ойлгогдож байна. Зээл аваад алга болчихсон, Хөгжлийн банк дампуурах түвшинд хүрэх гэж байна. Энэ бүр, эрүүгийн хүнд гэмт хэргийн асуудал болчихоод байна. Байгалийн баялгийг хувааж аваад алга болдог байсан бол одоо гадаадын зээл тусламжийг хуваагаад авчихсан байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.ХҮРЭЛБААТАР:
-Хөгжлийн банкны нийтдээ 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум шүүхэд явж байгаа. Зарим нь шүүх дээр буцсан. Яагаад гэвэл эцсийн өмчлөгчөө хэрэгжүүлдэггүй. Жишээ нь “Хөтөл “байгаа. Хөтөл хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө шүүхээс буцаагаад байдаг. Орлого хаашаа хэнд очдогийг бүгд мэдэж байгаа. Эцсийн өмчлөгч “Хаан” банкинд хүртэл яригдаж байгаа. Нүүрээ хувиргаад хэвлэлээр мөнгө төлөөд троллоор дайруулаад байдаг. Энэ зүйлийг хойноос нь хөөцөлдвөл дорхноо төлөгдөнө.
1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй 100 хувь санал нэг байна. Зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийг институтээр нь нэг бүрчлэн ярих ёстой.
Төрийн мөнгийг банкиндаа байршуулаад буцаагаад төлөхгүй байгаа “Чингис хаан” банк , “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” нарт хариуцлага хүлээлгэх ёстой. “Хаан банк”-ийг авсан жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчийг бид гаргах ёстой. Яахаараа дороос нь хяналт, шалгалт явуулаад хуулийн хүмүүс “болохгүй” гээд бичиг явуулаад байхад, болно гээд гаргаад явдаг юм. Төрийн мөнгөний хойноос УИХ-ын гишүүд хөөцөлдөхгүй бол болохгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Та нар төрийн мөнгө гээд ярих юм. Төрд мөнгө байдаггүй. Татвар төлөгч ард түмний мөнгө байдаг. “Манайхны” санаачлаад байгаа хууль зөв байхгүй юу. Инфляцид ард түмний цалин тэтгэврийг идүүлчихээд дараа нь аргалсан байдлаар нэмж байна. Төрийн албан хаагчдын цалин мөнгийг нэмэх асуудал дараа яригдана.
Ванга шиг хэлье. Удахгүй бензин тосны үнэ нэмэгдэнэ. Цаашдаа яах вэ. Нэг мөр асуудлаа шийдэх ёстой. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байх нь байна. Харин ч багаар нэмж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:
-Засгийн газраас оруулж ирсэн саналын дагуу тэтгэврийг 500 мянгаар нэмэгдүүлж байгаа. Цаг үеэ олсон зөв шийдвэр. УИХ-аас тэтгэврийн зардлыг баталж өгч байна. Өнөө маргаашийн хүрээнд нэг асуудал байна. 500 мянгаас дээших тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой.
Ингэхэд дундаж тэтгэвэртэй хүмүүсийнх хамгийн багаар нэмэгдээд байна. Гэтэл эсрэгээр өндөр тэтгэвэртэй хүмүүсийнх хамгийн их нэмэгдэж байна.
Тэгэхээр дундаж тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр судлаач ээ. Ямар суурь судалгаа хийж байгаа вэ.
ХНХ-ЫН САЙД А.АРИУНЗАЯА:
-Тэтгэвэр тогтоолт жигд нэг үнэ байдаггүй. Тухайн хүний ажилласан жил НДШ-ээс тогтоогддог учир өндөр цалинтай хүн хамаагүй өндөр шимтгэлийг төлж байгаа. Тэгэхээр өндөр тэтгэвэр авдаг хүн бага тэтгэвэр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарим угтаа бол буруу юм. Яагаад шударга бус зарчим үүсээд байна вэ гэхээр жил болгон инфляцийн түвшин тухайн хүний авч буй тэтгэврийн үнэ цэнийг хэвээр нь хадгалсан бол 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан хүн, өнөөдөр тэтгэвэртээ гарч буй хүний зөрүү өдий хэмжээнд хүрэхгүй байсан юм. Засгийн газрын тэргүүний зүгээс 15 хувиар шударгаар нэмье, нөгөө талдаа Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барьсан.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Д.Ганбат гишүүний ярьсан төрөөс гэхгүй боловч улсын төсвөөс НДС-д үзүүлэх татаасын хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрнэ. Одоогийн яваа тооцооллоо НДС-ийн алдагдал ДНБ-ний 6 хувьд хүрэх юм бол өнөөгийн үнэ цэнээр 15.6 их наяд төгрөгийн асуудал шийдэх ёстой юм билээ. Энэ хэмжээ улам нэмэгдэнэ. 11 хувьд хүрвэл 27 их наяд төгрөгийн хэмжээнд хүрнэ.
Б.Пүрэвдорж гишүүний яриад буй санал поп ард түмэнд таалагдах санал боловч ирээдүйд НДС-ийн алдагдлыг ихээр нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийж, тэтгэврийн нас , НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлж, энэ их зөрүүг хаахаас өөр замгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:
-А.Ариунзаяа сайд тэтгэврийг 15 хувиар нэмэхдээ Засгийн газрын бусад гишүүдийн саналыг бодож үзээрэй. 15 хувиар нэмнэ гээд хатуу суугаад байх юм бол та мэргэжлийн хувьд маш том алдаа гаргасан сайд болно шүү. Ялангуяа 400-600 мянгын хооронд тэтгэвэр авч байгаа иргэд ихэнх нь доод тэтгэвэр рүү гулсаад орно.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:
-Хоёр жилийн өмнө тэтгэврийн зөрүүний асуудлаар ярьж байсан. Хоёр жилийн өмнө зээл тэглэх шийдвэр гарч байхад косметик засвар хэрэггүй, тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой гэдгийг мөн ярьж байсан. Тиймээс эхний хуулиа өргөн барьсан.
Тэтгэврийн хууль тэтгэвэртээ гарчихлаа. Эзэнтэйгээ хамт үхдэг байсан нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг хийж эхлэхгүй бол жил бүр ийм л юм яриад сууж байна.
Нийгмийн даатгалын реформыг төсөвтэй хамт явуулахгүй болохгүй. Нийгмийн даатгалын багц хуулиа хурдан хугацаанд явуулъя. Өнөөдрийн хувьд Ерөнхий сайдад НДС-ийн талаар асуулга тавьж байна. Энэ ажлыг үргэлжлүүлэх болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Учир битүүлэг зүйл их байна. Зөв тооцоолол хийхгүй бол болохгүй. Хөгжлийн банктай холбоотой асуудал харамсалтай байна. Доторхыг нь үзэхээр нөгөө л нэг луйвар хийдэг хүмүүс явж байна. Эцсийн өмчлөгч нь тодорхойгүй.
Өөрийнхөө өмч хөрөнгийг өөр хүн рүү шилжүүлээд хоёр чих ав гээд сууж болохгүй. Монгол Улсыг олон жил тэжээх баялгийг нэг хүн авчихсан сууж байна. Энэ зөв үү. “Оюутолгой”-той тэнцэх Говь-Алтай аймагт байрлах ордыг нэг хүн авчихсан сууж байна. Тэгэхээр ийм зүйлээ бодмоор байна. 2022 онд ямар эрсдэл байна аа. Эрсдэлээ яаж тооцож байна. Эдийн засгаа хэрхэн эрүүлжүүлэх юм бэ.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:
-2022 онд эрсдэл байна. Гадаад дотоод гэж харах хэрэгтэй. Гадаад талд бид эдийн засгийн глобалчлалын үед эрсдэл дагуулж байна. Хэт их интеграцлагдсан эдийн засгийн хооронд маш их хамааралтай. Инфляциар дамжиж орж ирэх эдийн засгийн эрсдэл их байна. Бид үйлдвэрлэл багатай эдийн засагтай орон.
Гаднаас авч импортолж буй бүх бараанд инфляци шингэж орж ирж байна. Хил гаалийн асуудлаас болж экспортын биет хэмжээ үлэмж хэмжээгээр 2021 онд буурсан.
Энэ нь 2022 оны эхний улиралд бүтэн үргэлжлэх төлөвтэй байна. Цаашид яахыг хэлж мэдэхгүй байна. Боомтын асуудлыг сайжруулах тал дээр урд хөрштэй ажил хийж байна. Удахгүй болох олимпийн үеэр айлчлал хийж, хил гаалийн асуудлаа тавих, боомтын асуудлаа нээх тухай ярилцана.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:
-Тэтгэвэр нэмж буй байдал чинь эмгэнэлтэй байна. Ямар ч зарчим байхгүй хэн нэгэн дарга нэм гэхээр нэмдэг. Тооцоолол, хуулийн судалгаа байхгүй байна. Ингэж болохгүй. Ч.Хүрэлбаатар даргыг идсэн гэж бодохгүй байна. Найз нөхөд нь идсэн гээд байх юм. Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Гэхдээ богдын боорцог шиг юм аа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан дээр. Би шинэ соёл оруулж байгаа шүү аймагтаа. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Тэр тал руу оруулж байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.