Коко авах гэсэн улстөрчдийн тэнэглэл коронагаас ч хорлонтой

Цар тахлын халдварын дэгдэлт эрс нэмэгдсэн тул бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоов. Хөл хорионы 15 хоногт иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулж, халдварыг бүрэн хяналтдаа авах болов уу, дээр нь вакцинжуулалтаа илүү өргөн хүрээнд зохион байгуулах байх гэсэн хүлээлт олон нийтэд байв. Гэтэл хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалт хийхгүй гэж УОК шийджээ. Учир нь татан авсан вакцины нөөц дууссан аж. Тиймээс энэ сарын 25 хүртэл 15 хоног хүлээхээс өөр сонголтгүй болжээ. Ерөнхий сайд дөрөв, тавдугар сарын үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сарууд болгон зарласан ч хагас сар сул зогсолт хийхээр болсон нь харамсалтай.

Вакцины нөөц дууссанд олон нийт ЭМЯ-ыг бууруутгаж байна. Шаварт унасан шарын эзэн хойно аргагүй. Гэхдээ шаварт хэн унагасныг нь ухаж төнхөөд үзэх юм бол өөр эзэн бий. Тэр нь шуудхан хэлэхэд улстөрчид, УИХ-ын гишүүд. Хууль тогтоомж, шударга ёс, улс орны хөгжил цэцэглэлт гэх мэт тэнгэрийн юм ярьж суудаг эрхэм түшээд яагаад “шаварт унасан шар”-ын эзэн болж орхив гэж үү. Учиг үзүүр нь нэлээн урт.

Өмнөх Засгийн газар вакциныг хангалттай татан авч нөөцөлж чадаагүй байсан, ингээд шинэ Засгийн газар вакцинжуулалтыг эхлүүлмэгц цар тахлын эсрэг энэ том кампанит ажилд улстөрчдийн урт хуруу, уран хошуу шургаад эхэлсэн. ЭМЯ үүний эсрэг байр сууриа илэрхийлж, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг дагахыг зөвлөөд нэмэр болоогүй. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг философийн мөнхийн асуулт шиг УОК том уу, НОК том уу гэсэн толхилцоон байнга үүсэж, гарах шийдвэр нь зөрчилдсөөр ирсэн. Вакцинжуулалт дээр ч ийм байдал давтагдаж. ЭМЯ мэдэх үү, УОК мэдэх үү л ухааны юм болжээ. Мэдээж УОК бяр хүчээ гаргаж таарна. УИХ-ын гишүүд түүнд нь нөлөөлнө. Ингээд гишүүд тойрогтоо вакцин өвөртөлж очин коко үнэлгээ авах далд марафонд уулгалан мордсон байна.

Бүх аймагт вакцинжуулалт эхлүүлэх юм бол нөөц дуусна гэдэг үгийг улстөрчид сонсохыг хүссэнгүй. Аймгуудад халдварын тохиолдлууд бүртгэгдсэн нь тэдэнд сайхан далим болсон ч биз. Ингээд тэр чигээрээ халдварын голомт болоод байгаа нийслэл хотынхоо иргэдийг бүрэн дархлаажуулахын оронд байгаа жаахан вакцинаа 21 хуваагаад тараачихжээ. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг манай 76 тойргийн сонгогчдоосоо коко үнэлгээ авч, орон нутгийн иргэд вакцин хийлгэж эхэлмэгц нөөц дуусах нь тэр.

Тооцоо, судалгаа гэдгийг огт ойшоодоггүй, зөвхөн иргэдээс нэмэх оноо цуглуулан, бурхан мэт тахигдахын тулд улс орноо нураагаад ч болов популизм хийж суудаг улстөрчдийн балаг ийн гарав. Коко үнэлгээ авах гэсэн улстөрчид ковидын үед тодрохыг үзэв. Уг нь парламентад 76 эмч сонгоогүйгээс хойш цар тахлын энэ үед УОК эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, ЭМЯ-ныхаа тооцоо, судалгаанд үндэслэн шийдвэр гаргаж байх ёстой. Цагаан сараар хатуу хөл хорио тогтоож өрх бүрээс шинжилгээ авсан атлаа халдварыг хумьж чадалгүй алдсан нь ч ийм л шалтгаантай байсан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...