Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулж, хэлэлцлээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд 32 байршлын 57.66 га газар, 2020 онд 38 байршлын 130 га газар буюу нийт 70 байршын 187.66 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийж, 20 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Үүнд, Баянгол дүүрэгт хоёр байршил бүхий нийт 0.45 га, Баянзүрх дүүрэгт гурван байршил бүхий 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га, Хан-Уул дүүрэгт найман байршил бүхий нийт 2.15 га, Чингэлтэйд гурван байршил бүхий 0.36 га, Багануур дүүрэгт гурван байршил бүхий 6.48 га газар байгаа юм.
Зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн удирдлагын баг. Туул голын дагуух тохижилтыг стандартын дагуу олон улсын түвшинд хүргэж, хоёр талаар нь тохижуулах хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа. Энэ нь маш зөв. Хариуцаж байгаа дарга нарт хэлэхэд, би байгаа цагтаа Улаанбаатар хотод авлигын асуудлыг гаргуулахгүй. Тиймээс хууль, дүрмийн хүрээнд асуудлаа оруулж, хурдтай ажиллаж, төрийн албаны хүлээсэн үүргээ хуульд заасны дагуу үнэнчээр гүйцэтгэ. Ялангуяа газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байна. Хотоо өнгө зүстэй байхад анхаарч, газрын маргаантай асуудал дээр шийдвэрийг нь зөв гаргаад өгчихдөг, иргэддээ зөвлөн тусалдаг, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг, асуудлыг удаадаггүй байхад анхаарч ажиллах ёстой” хэмээсэн юм.
Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дэмжсэн тул зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх тухай байв. Хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд стандарт мөрдүүлж, бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтай байх талаар удирдамж, арга зүйгээр хангах “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан. Үүнээс 14 нэр төрлийн баримт бичгийг 2020 онд мөрдүүлж эхэлсэн бол үлдсэн 47 баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хийх хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээнд мөрдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар тэдгээрт чанар стандартын шаардлагыг хангуулж байна.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Нийслэлийн есөн дүүргийн орчны аюулгүй байдлыг 14 хоногийн хугацаанд судалж үзэхэд 5423 байршилд стандарт хангагдахгүй байгаа үр дүн гарсан. Бид ерөнхий боловсролын 230 сургуулийн гадна орчин, хүүхдийн тоглоомын 976 талбай, 470 барилгын гадны орчны аюулгүй байдал, зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр 83 байршил, 71 авто зогсоолын стандартын шаардлагад нийцсэн эсэхэд судалгаа хийгээд байна. Хүүхдийн тоглоомын 976 талбайн ердөө 13 хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бол 637 буюу 65 хувь нь аюулгүй байдал төлөвлөлтийн норм дүрэм, стандарт хангаагүй. 2021 онд 119 байршлын барилгын гаднах хашааг шинэчлүүлэхээр Ажлыг хэсэг гарсан” гэсэн юм. Хотын дарга бүх зүйл стандартын дагуу байх ёстой. 103 агентлаг, харьяа байгууллага, 35 мянган төрийн албан хаагч үүнийг ягштал мөрдөх ёстой гэдгийг онцоллоо.
“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
Мөн Зөвлөлийн хурлаар “Нэг тархи нэгдсэн систем” төслийг танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын “Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн 171 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг шинэ платформтой болгож, төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог хангаж ажиллахаар бэлтгэлээ хангажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээ цахим болж, шуурхай, ил тод, нээлттэй, хардалт сэрдэлтгүй болох ёстой. Бидний яриад байгаа гол бодлогын асуудал энэ. Төслийг шуурхай оруулж, богино хугацаанд хийх хэрэгтэй” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС