Булхай дээрмийг эхнээс нь шалгах цаг болсон

Ардчилсан Монгол Улс одоо хаашаа замнах вэ? Засаг төр нь тогтворгүй, ард түмнийх нь  амьдрал  амиа аргацаасан төдий. Аль ч учраа олохгүй алмайрч гайхширсан ард түмэн сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд арай ч Ардчилсан намаасаа дээр хэмээн МАН-д 60-аас дээш суудал өгч үнэмлэхүй олонх болгосон. “МАН”АН-гаас саллаа гэж итгэсэндээ л ийм үр дүнд хүргэсэн нь л дээ. Ардчилсан нам 1996-2000 онд засгийн эрх  барих үедээ социализмын үед барьж байгуулсан үйлдвэр завод, нэгдэл сангийн аж ахуй, улсын гэх данстай тэр их хөрөнгөнд эзэн сууж  өмч хувьчлал нэрийн дор үрэн таран хийсэн. Хэт хавтгайруулж хэн хүнд үнэ төлбөргүй шахам хувааж тараасныг  1990-оны ”Өмч хувьчилал“  нийтийн өмчийн дээрэм байсан гэж эдүгээ бичих болсон. 2012-2016 онд ардчилсан нам эвсэл хэлбэрээр засаг төрийн эрх  барихдаа Самурай бонд, Чингэс бондоос авахуулаад баахан гадаад өр тавьж, түүнээ үр ашиггүй үрэн таран хийж улс орноо улам их өрийн дарамтанд оруулж ард түмний итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн.

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болсноосоо хойш “Шударга бусын хонгилоор орохгүй” гэдгээ амалсан боловч бас л гацаанд орж 2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр танхимаараа огцорлоо. Засгийн газар огцрох асуудлыг хэлэлцэж байсан УИХ-ын чуулган дээр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга оролцон индэр дээрээс “Хамгийн хар өдөр” хэмээн зарлалаа. Засгийн газар нь ч огцорлоо, Ерөнхий сайд нь ч саналаараа сул гишүүний суудалд шилжлээ. Улс орныхоо эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэгтэй  ерөнхийлөгч Х. Баттулга нь ямарч баталгаа нотолгоогүйгээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын бүлэглэл засгийн газрыг огцрууллаа гэж дайрч харагдсан. Ерөнхий сайд  У.Хүрэлсүх “Улсын Ерөнхийлөгч хүн УИХ-ын индэр ашиглан ийм бүдүүлгээр бусдыг дайран гүжирдэж болохгүй гэх утга бүхий үг шидсэнээ, “жагсаал цуглааныг улсын Ерөнхийлөгч өөрөө далдаас удирдан зохион байгуулсан” гээд зогсохгүй  Засгийн газар өнөөдөр огцорч байгаагаа нь ч өөртэй тань   холбоотой гэх хандлага гаргана лээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын  Ерөнхий сайд хоёр энэ хуралдаан дээр хэл амаа ололцохгүй муудалцаж харагдлаа. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хоорондоо тэрсэлдсэн аргагүй л “хар өдөр” юм даа.

Дээдсийн хэрүүл маргаан хэн нэгнээ хэрэгтэн болгож хэн дийлсэн нь алдартан болох үндэслэл өнөө цагт бараг л үгүй хэмээн эгэл жирийн хүмүүст  ойлгогдох болсон.  Яагаад гэвэл төрийн өндөрлөгт заларсан хүмүүс бүгд л булхайтай, ер нь анх зах зээлд орсон үеэсээ буруу замаар замнасны хар гай одоо монгол улсын хөгжил цэцэглэлтийг боймолж байгаа нь маргаангүй үнэн.

Одоо тэгээд “Энэ хар өдөр” үүр цайх шиг хэзээ гэрэл гэгээ татах вэ? Ардчилал, шинэчлэл хэмээн туг лоозон барьж эхэлсэн зах зээлийн харилцаанд шилжих зам мөрийг сонгосон 30 жилээ эргэн харваас гучин жилийн хулгай, хуйвалдаан, 30 жилийн луйвар, дээрэм, энэ гучин жилд төрөөс төрсөн гэх тэр бумтангуудын гай барцадыг эргэн шүүх нүсэр их ажил өрнөнө. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг болсон бодит түүх бол энэ.

Засгийн газар огцорсон тэр “Хар өдөр” Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга, Улсын их хурлын гишүүн Сү.Батболд хоёрын зөрчилдөж шуугиан тарьсан.  Юун түрүүнд Ерөнхийлөгч индэр дээрээс Сү.Батболд руу дайрсан нь л даа. Хариуд нь юу болсон бэ? гэвэл Сү.Батболд эсэргүүцэл илэрхийлж, “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүрэгтэй, Монгол Улсын Ерөнхийлөгч  өнөөдөр УИХ-ын индэр ашиглан намайг ноцтойгоор гүтгэн доромжиллоо. Намайг Оюу толгойтой холбож дайрлаа. Тэр гэрээг би хийгээгүй л дээ. Оюу толгойн гэрээг нэгэнт хийчихсэнээс хойш би Ерөнхий сайдын албыг хашсан  гэх утгатай зүйл ярьж байна лээ. Тэгээд би асуудлыг цаашид хэвлэл мэдээллээр, сэтгүүлчдэд үнэн байдлыг илчилж ярих болно  гэж байна билээ. Одоо л зах зээлийн гучин жилд хуралдсан идээ буглаа бүлт  шахагдаж эхлэх болов уу.  Өөр хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй нам, эвсэл холбоод  алдаа дутагдал, буруу зөрүү, булхай дээрмээ бие биес рүүгээ чихэх тусмаа буруу бүхэн нь илчлэгдэж, буруутай хүмүүс нь улсаа хохироосон хохирлоо төлж тэгснээр  үнэн зөвийг  олж монголчууд бид сайн сайхан ирээдүй өөд замнах болно.

Гэхдээ усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийг санан санан асуудалд ул суурьтай хандаж  шийдэх цаг болсон ч юм шиг бодогдоно. Монголын ард түмэн бид энэ хугацаанд таван ерөнхийлөгч сонгосон. Асуудлыг анхны Ерөнхийлөгчөөс эхлэх буй заа.  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол улс баяжих, монголын ард түмэн аз жаргалтай амьдрах эрин үе эхэллээ. Эрдэнэс баялгийн  дээж олгойдлоо хэмээн Монголын газрын гүнээс оргилон бургилах “Хар алт” хэмээх газрын тосыг гараа тосож аваад дээлийнхээ энгэрийг алгаараа  тамгалж байсан цаг алсран одсон ч тэр цагаас хойш  Монгол Улс ганц торойх бензин ч үйлдвэрлэсэнгүй. Том том торхтой хүнд оврын хятад машинууд эх орны минь газар нутгийг там болтол сүлжилдэж, хорь гучин жил хар алтаа хөрш гүрэн рүү асгалаа. Монгол Улс хамаг   валютаараа гадаадаас өндөр үнэтэй бензин, тос зөөвөрлөсөөр өдгөө хүрлээ. Өр ширэнд баригдаж валютын дарамтан дор байх ёстой юм бол яахлаараа бичиг цаасан дээр төр улсынхаа тамгыг дарж баталгаажуулахын оронд  төрсөн биеийнхээ хурууны хээг дээлэн дээрээ дараад өөрөө дур мэдэн өгсөн юм шиг бардамнан бахархан амьдарч яваа юм бэ?

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн та хоёрыг төр засаг тэргүүлж байх үед монголчуудын амьжиргааг лавтайяа 5 жил залгуулах 100 сая ам долларыг диллер тоглосон гэдэг халхавчин дор үрэн таран болгож монголчуудад модыг нь бариулсан. 100 сая доллар, 4 тонн алттайгаа зах зээлийг  эхлүүлчихээд газраас оргилсон нефтээ дотооддоо боловсруулчихсан бол  Монголын газар нутгийг гадныханд барьцаалуулчихаад , өрийн дарамтанд орж суухгүй байсан ч юм бил үү.

100 сая ам доллараа алдаад зогсолгүй Монголбанкинд байсан  4 тонн алтыг  барьцаалж алдсан. Ингээд гар хоосон монголчуудаа ганзагын наймаа хийлгэхээр гадаад паспорт гаргаж өгдөг ажилтай болсон. Өлөн зөлмөн картын бараатай ард түмэн, ар гэр үр хүүхэд, өвгөд эмгэддээ өл  хоол залгуулахын тулд  хүний нутаг, гүний нутагт аль муугаа үзсэн дээ. Ихэнх нь гэр бүлээсээ салж ,хагас өнчин хүүхдүүд зарим нь тариншаа хэмээх гэртэй болсон. Улс эх  орныхоо өв хөрөнгийг хоослоно гэдэг гэмт хэрэг, луйвар дээрэм мөн.

Оюу толгойн гэрээгээр Сү.Батболдыг буруутгаж байна билээ. С.Батболд би Оюу толгойн гэрээг хийснээс хойш Ерөнхий сайдын ажил үүргийг хүлээн авсан. Оюу толгойн гэрээний гол асуудал бол татвар тогтворжуулах тухай  юм. Манай Засгийн газрын үед зээлийн хүүг бууруулсан, Нидерланд, Люксембург зэрэг орнуудтай давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг Их хурлаар шийдүүлж Оюу толгойгоос авах татвар 10% хүртэл хувь байсныг 20% болгож Монголдоо орж ирэх мөнгөн орлогыг  нэмэгдуулсэн. Гадны хувийн шүүх, хэвлэлийн байгууллага оролцуулж бохир технологи хэрэглэж өөрийнхөө бурууг бусдад тохохоор дарамталж байна гэж хэлж харагдсан.

Харин Оюу толгойтой анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг холбож ярих хандлага их байдаг. Анх Оюу толгойг ашиглах гаднын компани  олж ир гэж Б… гэдэг хүнийг явуулж тэр нь дэлхийн олон улс орны ашигт малтмалыг ухсан ч  луйварчин хэмээн алдаршсан нөхдийг авчирсан, Оюу толгойд тэгээд ч  П.Очирбатын охин ихээхэн нөлөө бүхий алба хашдаг гэж дээхэн үед хэвлэл мэдээлэл дээр бичигдэж байсан шиг санагдана. За ер нь хөөн хэлэлцэх хугацаа гээд бүх зүйлд хаалт саад тавиад өөрсдийгөө ялаас эчнээ чөлөөлчихсөн юм шиг билээ. Эрх мэдэл, албан тушаал, авлига дээрэм төрийн эрхэнд хүрчихлээрээ тэдний  гараар хийгдсэн  хууль гээч хуйвалдааны бичиг баримт төдий болдог хэмээн ярих болсон.

Гэхдээ л зах зээл гэж ярьж эхлэхтэй уралдан үүссэн энэ хулгай дээрмийг эхнээс нь хамруулж бүгдийг шалгах цаг нь болсон.

Х.БОЛД

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...