Ц.ТӨГСБУЯН: Хаягдал материалыг ашиглан галд тэсвэртэй барилгын материал үйлдвэрлэх боломжийг судална

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуянтай уулзаж ярилцлаа.  
-Эрдэнэт үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдлыг дахин ашиглах, агуулга дотор нь ашигтай эрдэс бодис байгаа эсэхийг судлах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Энэ чиглэлээр ХБНГУ болон БНХАУ-ын санхүүжилтээр төсөл хэрэгжиж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль судалгааны багт нь орж ажиллаж байгаа. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн гол зорилго юу вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд агуулагдаж буй хаягдлыг дахин боловсруулах, орд газрын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах зорилтууд багтсан байдаг. Энэ зорилтын хүрээнд манай сургууль дээр Олон улсын санхүүжилтээр эрдэм шинжилгээ, судалгааны хоёр ажил хэрэгжиж байна. Өнгөрсөн онд ХБНГУ-ын санхүүжилттэй, нийт 1.8 сая еврогийн хөрөнгө оруулалттай, АДРИАНА (ADRIANA- Airborne spectral Detecion of Reusable Industry mAterials in tailiNgs fAcilities) судалгааны ажил хэрэгжиж эхэлсэн. Уг судалгааны ажил нь,  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдалд  агуулагдаж буй  зэс, молибденыг эдийн засгийн хувьд үр  өгөөжтэй ашиглах боломж байгаа эсэхийг орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар, агаараас тандан судлахад  чиглэсэн. Судалгааны ажлын хүрээнд манай багш, оюутнууд Германы судалгааны байгууллагуудтай хамтран Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг орчин үеийн хайперспекторын технологийг ашиглан, агаараас тандан судалж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн онд, хаягдалд агуулагдаж буй ашигт металлын тархцыг тодорхойлохоор Хаягдлын аж ахуйн дээгүүр судалгааны онгоц нисгэж мэдээлэл цуглуулсан. Мөн үйлдвэрлэлд хэрэгцээтэй олон төрлийн зураглал, мэдээллийг өнгөрсөн оны таван сард Германы талаас үйлдвэрт хүлээлгэж өгсөн. Үүнд өндөр чанартай топо зураг, газрын гадаргын 3D хэмжээст зураг багтсан. Эдгээрийн үр дүнг манай үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа болон ирээдүйд хэрэгжих өргөтгөлийн төсөл болон бусад барилга байгууламжтай холбоотой зураглалд ашиглах бүрэн боломжтой. Энэ судалгааны ажилд Геологи маркшейдерийн хэлтсээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн зүгээс судалгааны ажлыг дэмжиж, туслалцаа үзүүлдэг. Судалгааны ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөсөн боловч коронавирусээс шалтгаалан зарим нэг дээжлэлтийн ажлууд хугацаандаа хийгдэж чадаагүй тул төслийн хугацаа бага зэрэг сунаж магадгүй. Нөгөө судалгааны ажил нь БСШУСЯ болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны хамтарсан, 1.6 сая юанийн санхүүжилтэй ажил юм. Энэ судалгааны ажлын хүрээнд БНХАУ-ын BGRIMM судалгааны байгууллагатай хамтран хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал материалыг ашиглан Галд тэсвэртэй керамик барилгын материал үйлдвэрлэх боломжийг судална.
-Судалгааны үр дүн хэзээ гарах вэ? Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
-Энэ хоёр судалгааны ажил гурван жил үргэлжилнэ. Төслүүд 2021 онд хэрэгжиж дуусах төлөвлөгөөтэй ч коронавирусын нөлөөллөөс тодорхой хугацаагаар цаг алдах явдал байна. Гэвч бид гол судалгааныхаа ажлын тайланг 2021 онд хүлээлгэн өгөх тал дээр анхаарч ажиллана. Судалгааны ажлын хүрээнд 2019 онд хаягдлын шинж чанарыг тодорхойлох зорилгоор дээж авч, шинжилгээ хийсэн. Мөн агаараас шаардлагатай хэмжилтүүдийг хийж, мэдээлэл цуглуулсан байгаа. Энэ онд нэмэлт дээжлэлт, технологийн туршилт хийгдэж дууссаны дараагаар Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг дахин ашиглах боломжтой эсэх нь тодорхой болно. Одоогоор цуглуулсан мэдээллийг боловсруулах, нэгтгэх ажил хийгдэж байна.
-Хоёр дахь төсөл нь үйлдвэрлэлээс гарсан хаягдлаар барилгын материал үйлдвэрлэх боломжтой эсэхийг судалж байгаа. Энэ талаар жаахан тодруулна уу? 
-2018 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУС-ын яам, БНХАУ-ын  Шинжлэх ухаан технологийн яамтай хамтран хоёр талын хамтарсан судалгааны ажлын уралдаан зарласан. Манай сургуулиас БНХАУ-ын  BGRIMM судалгааны байгууллагатай хамтарч Хаягдлын аж ахуйн түүхий эдээр галд тэсвэртэй керамик барилгын материал үйлдвэрлэх боломжтой эсэхийг судлах судалгааны ажлын санал хүргүүлсэн нь уралдаанд шалгарсан. Төслийн нийт санхүүжилт нь 1.6 сая юань. Манай талаас Шинжлэх ухаан технологийн сан манай сургуульд 200 мянган юанийн санхүүжилт үзүүлж байгаа. Үлдсэн 1.4 сая юанийг Хятадын тал гаргаж BGRIMM судалгааны байгууллагыг санхүүжүүлж, судалгааны ажлыг хамтарч гүйцэтгэхээр болсон. Судалгааны багт манай сургуулийн багш, оюутнууд болон BGRIMM судалгааны байгууллагын судлаачид орж ажиллана. Хаягдлын аж ахуйгаас дээж аваад барилгын түүхий эд болгон ашиглах судалгаа өмнө нь хийгдэж байсан ч санхүүгийн боломж бололцоогоос шалтгаалж бүрэн цогц судалгааны ажил болж чадаагүй. Энэ судалгааны ажлын хувьд санхүүжилтийн хэмжээ хангалттай байгаа болохоор зөвхөн барилгын материал үйлдвэрлэх боломжийг судлаад зогсохгүй эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологи, найрлага болон байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг цогцоор судална. Баяжуулах үйлдвэрийн хаягдал нь хүдэр олборлолт хийгдээд, тээвэрлэгдээд, бутлагдаад, нунтаглаад, технологийн бүх дамжлагыг дамждаг. Тэгэхээр ашиглахад бэлэн түүхий эд гэсэн үг, хог хаягдал биш. Хаягдалд агуулагдаж буй  ашигт металлыг дахин боловсруулж ашиглах боломжтой эсэхийг бид Германы талтай хамтран судална.  Харин Хятадын талтай хамтарч ашигт металлаа дахин ашиглах боломжгүй бол барилгын материал үйлдвэрлэх боломжтой эсэхийг судалж ажиллана. Тэгэхээр манайд аль аль нь ашигтай төслүүд гэж хэлж болно. Хоёр судалгааны ажил нь хаягдал материалыг эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр дахин ашиглах боломжит хувилбарыг хайсан судалгааны ажил. Хэрэв судалгааны үр дүнд хаягдлыг өнөөдрийн түвшинд ашиглах боломжгүй байсан ч ирээдүйд хэдэн жилийн дараа өөр шинэ технологи хөгжөөд, дахин ашиглахыг үгүйсгэхгүй. Энэ үед Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдлын бүрэн мэдээлэл, судалгааны тайлан бэлэн байна гэсэн үг.
-Солонгосын нэг компани Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсийг ашиглан бордоо гаргах санал тавьсан гэж сонссон. Ийм боломж бий юу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Бордоо үйлдвэрлэж ашиглах боломжтой эсэхийг судлах шаардлагатай. Тусгай төсөл хэрэгжиж, арай өөр судалгааны ажлууд хийгдэнэ. Анх үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл 870 сая тонн хаягдал элс хуримтлагдсан тооцоо гаргасан. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй ашиглах боломжоо гаргаад технологио зөв сонговол энэ их хаягдлаа бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Үүнийг дагаад шинээр ажлын байр бий болно. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл буурах зэрэг олон давуу тал бий болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...

Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Японы Олон...

Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж...