Ардыг чилээсэн Дарханы зам авлигачдын гарт орчихсон юмуу, Б.Энх-Амгалан сайд аа

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ  Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд гардуулсан. Он солигдохын өмнөхөн болсон энэ дуулианыг оргилуун дарс буудуулах чимээтэй хамт мартаж ердөө болохгүй. Яамны газрын дарга хятад иргэдээс гэгээн цагаан өдөр их хэмжээний авлига аваад зогсож байхад энэ замын сунжирсан ажлаас болоод өчнөөн олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад  оруулна гэж багаасаа машины бүхээгт өссөн Б.Энх-Амгалан сайд ам өчгөө өгч байв. Ерөнхий сайд өөрийн биеэр очиж замын ажилтай танилцаж, хугацаандаа чанартай гүйцэтгэх үүргийг ч өгсөн байдаг. Замын нийт төсөв 60 сая ам доллар. Үүний 58.5 сая долларыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй.

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 20-40 мянган юанийн авлига авсан байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна. Зарим нь үүнээс ч их хэмжээтэй авлига авсан удаа дараагийн үйлдэл байж болзошгүйг сануулсан. Х.Оргил-Эрдэнэ ганцаараа авлига авсан уу, түүний ард өөр өндөр албан тушаалтан бий юү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Юутай ч авлигач түшмэлийн хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, гэм буруутнуудыг нэгбүрчлэн тогтоох байх.

Зам тээврийн хөгжлийн яаманд ганцхан жилийн өмнө хүн амины хэрэг гарч, энэ салбарт дараалсан томоохон осол гарсан учраас Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн өргөдлөө өгч сайдаасаа огцорч байв. Харин одоогийн сайд Б.Энх-Амгалангийн үед энэ яаманд авлига нүүрлэжээ. Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаас шууд Засгийн газрын гишүүн болсон Б.Энх-Амгалан өмнөх сайд шигээ ёс зүйн хариуцлага хүлээж суудлаасаа огцрох уу гэдэг асуултад олон нийт хариулт хүсэж байна. Шударга ёс гэж байдаг бол сайдаасаа авахуулаад алуурчид, авлигачдыг энэ яамнаас цэвэрлэх цаг нэгэнт болжээ.

Дарханы зам авлигачдын гарт орсноор ашиглалтад орох хугацаа нь дахиад л тодорхойгүй хоцорлоо. Хамгийн том нэг аюул нь хэрэв авлигын энэ хэрэгт Зам тээврийн яамны томоохон албан тушаалтнууд нэр холбогдсон нь тогтоогдвол Азийн хөгжлийн банк замын санхүүжилтээ зогсоож магадгүй гэсэн яриа аль хэдийнэ тархжээ. Дөрвөн ч сайдын нүүр үзэж байгаа энэ замын ажил авлигачдаас болоод зогсвол урьдын адил жирийн иргэд л хамгийн том хохирогч нь болоод үлдэх нь харамсалтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...