Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан ХЭҮК-оос УИХ-ын дарга Г.Занданшатарт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан хүсэлт хүргүүллээ. Тус бичигт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжид хүүхдийн эрхийн тухай тодорхой заасан байдаг төдийгүй хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх үүргийг манай улс хүлээсэн болохыг сануулж, Монгол Улсын ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмж, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хохироохыг таслан зогсоох шаардлагатайг тодотгосон юм.
Тухайлбал “Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Засгийн газарт санал хүргүүлж, шийдвэр гаргуулж ажилласан билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана” заалтыг оруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Иймд уг заалтыг тусгуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг танаас хүсье. Хүндэтгэсэн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж” гэжээ.